МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй улс төр, цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-МҮАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намыг дэмжсэн нь ямар учиртай байв. Сонгуулийн дүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Манай нам Монгол ардын намыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж оролцсон. Эдийн засгийн хямралтай үед улс төрийн тогтвортой байдлыг онцгой чухалчилсан.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, олон улсын валютын сангийн хөтөлбөрийн үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах, олонх болсон намд эрх мэдлийг бүрэн өгч, үүрэг хариуцлагыг бүрэн үүрүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Дараагийн сонгуулийн өмнө буух эзэнтэй буцах мөртэй байх ёстой юм.
Нөгөөтэйгүүр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрдөө буцаан авсан нь МАН-ыг дэмжих хүндтэй шалтгаан байсан.
-Гурван нам оролцсон энэ сонгууль хоёр шаттай болсноороо онцлог. Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс нийгэм улс төрөөс өөр зүйл хүсч байна гэсэн судалгаа гаргасан байсан. Улстөрчийн хувьд та үүнтэй санал нийлэх үү?
-Улс төржилт хэрээс хэтэрч, нийгэм хар Пи Араар хооллож, шар Пи Араар амьдарч байнаа гэдгийг чинь МҮАН байгуулагдсан цагаасаа л ярьсан шүү дээ. Жирийн иргэд хийрхсэн улс төрөөс залхаж, амьдрал ахуйдаа анхаармаар байгаагаа л судалгаагаар илэрхийлээд байгаа хэрэг. Харин МАН, АН-ын гишүүдээ барьцаалсан, гишүүддээ барьцаалагдсан үндэсний хэмжээний улс төржилт чинь нийгмээр нь энэ хийрхэл рүү хүссэн ч эс хүссэн ч татаж оруулаад байна. Үндсэн хууль өөрчлөгдөж, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудаа өөрчлөх замаар л засах боломж бий. Буруу дэвээд байнаа.
-Өмнөх сонгуулиудтай харьцуулахад сөрөг мэдээллээр хүмүүсийн мэдээлэл авах боломжийг дарангуйлсан хар сонгууль болсныг хүн болгон хэлж байна. Энэ талаар?
-Харын сонгууль гэж л нэрлэх байх. Яая гэх вэ. Бидний байгаа байдал. Бодит амьдрал энэ шүү дээ. Сонгууль гэлтгүй. Одооноос өдөр тутмын амьдрал драм болно. Өнгөрсөн сонгуулийн нөлөөгөөр нийгмийн итгэлцэл бүрэн алдагдсан, нийгмийн харилцааны баялаг гэж үгүй боллоо. Смарт утастай хүн бүр ямар зураг, бичлэгийг хэзээ хэнд, яаж зарах тухай л боддог болно. Би хэдхэн хоногийн өмнө хөдөө аймаг, сумдаар явахдаа тааралдсан залуусын ярианаас ийм ойлголт авлаа. Ийм учраас ерөнхийдөө зөв байх, сэтгэхүйн өөдрөг чигтэй байх, суралцах чиглэлд соён гэгээрүүлэх их ажил зохиож, сошиал болон хэвлэл мэдээллийн хууль, журмыг цэгцлэх шаардлагатай.
-Сонгуулийн үеэр бодлого, мөрийн хөтөлбөр бараг яригдсангүй. Хов, живээр амьсгалаад дууссан. Хар сонгуулийн энэ хэлбэр, арга барил цааш улам боловсронгуй болж явах юм биш байгаа. Энэ дэвшил биш доройтол биз дээ?
-Нийгмийн ёс суртахуун, моралын уналт юм даа. Сонгуулийн хуулийн 60-аад зүйл заалт, зөрчигдсөн сонгууль болж өнгөрлөө. Хэрэгждэггүй мөрийн хөтөлбөрт сонгогчид итгэхээ больсон учир, яриад нэмэргүй гэдгээ намууд, нэр дэвшигчид мэдэж байгаа шүү дээ. Хэн илүү муу нь хасагдах зарчмаар л явагдлаа. С.Ганбаатар хөл, хөрөнгө муу, Ардын намын хөл, нуруу нь хөшөөд хөдөлж чадахгүй байсаар нэр дэвшигч нь уначих шив дээ.
-Сонгуулийн дараах улс төрийн өнгийг та хэрхэн харж байна. МАН, АН, МАХН гээд тус тусад нь “зурвал”?
-Монголын нийгэм нэг их том өөрчлөлтийн өмнө зогсож байна. Энэ бол Үндсэн хуулийн шинэчлэл. Түүнийг дагасан, төрийн байгуулал, эдийн засаг, нийгмийн дэвшлийн хүлээц. МАН их сорилын өмнө зогсож байна. МАН хэр нягт байхаас Монголын эдийн засаг, нийгэм, улс төр хамаарах байх. Парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлээд урагшлах уу, эсхүл Ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжих үү гэдгээс манай улсын цаашдын зам мөр, хөгжил дэвшил, хурд, хүчний төлөвшил цаашилбал үндэсний аюулгүй байдлын асуудал ч яригдана. МАН сулрах аваас, улс төрийн намуудад дахин хуваарилалт хийгдэнэ.
-АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хэр сайн удирдагч байж, юуг хамгийн сайн хийж чадах бол гэж харж байна?
-Урагшаа харж ажиллах уу, арагшаа харж ажиллах уу гэдгээс л их шалтгаалах байх. Соёл, урлаг, спорт, батлан хамгаалах салбар, чиглэлд шинэ дэвшил гарч таарна. Үндсэн хуулийн шинэчлэлд бодитой хандах аваас маш том өөрчлөлтийг манлайлж магад.
-Шинэ Ерөнхийлөгчийн хамгийн эхний шийдвэр Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг УИХ-д орууллаа. Нэг нь сонгуулиар намынхаа сурталчилгааны ажилд оролцсон, нөгөөх нь дэмжсэн гэсэн үндэслэл яригдаж байх шиг байна. М.Энхсайханы хувьд МҮАН-ын дарга байсан хүн. Намын даргынхаа ажлыг залгамжилсан хүний хувьд та үүнд ямар тайлбар хэлэх бол?
-Элчин сайд нарыг эгүүлэн татах нь хоёр хүнийг татаж байгаагаасаа илүү, Хойд Европын хөгжингүй орнуудтай хоёр жил харилцаагаа хумьж байгаа нь асуудал юм. Миний дээр хэлсэнчлэн арагшаа харах уу, урагшаа харж ажиллах уу гээд байдаг чинь л энэ. Арагшаа харсан ийм шийдвэр бол ухралт. Ийм шийдвэр гаргахад хүчтэй үндэслэл, эрх бүхий байгууллагуудын хүчин төгөлдөр шийдвэр хэрэгтэй.
Хойд урд хоёр хөрш шигээ 10 жилээр удирдагчид төрдөг бол арагшаа харах, цэвэрлэгээ хийх хугацаа байж болох. Мэдээж хэрэг 10 жилд их ч юм хуримтлагддаг биз. Манайх шиг цаг үргэлж сонгуульдаж байдаг оронд ийм хугацаа байхгүй. Хэрүүл л нэмэгдэхээс хөрөнгө нэмэгдэхгүй, ажилд ч тус болохгүй. Харин шинэ Үндсэн хуулиар сонгуулийн циклүүдээ жаахан сунгаж, бүрэн эрхийн хугацаагаа уртасгавал өөр хэрэг.
Ухаантай хүн уужуу ханддаг, хүчтэй хүн уучилдаг, өчүүхэн хүн өс санадаг гэж үг байдаг. Харж л байя.
-Оффшорт нуусан гэх хөрөнгийн эх үүсвэрүүдийг буцааж авчрах талаар Төрийн тэргүүн маань АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдтай уулзахдаа тусламж хүссэн. Гарц, шийдэл гарах болов уу?
-Зөв л санаачилга байна. Дэмжиж байна. Манай намаас офшорын асуудлаар гаргаж байгаа санаачилгаа Ерөнхийлөгч, УИХ-д энэ долоо хоногт хүргүүлнэ.
-Үндсэн хууль суд¬лаачийн хувьд танаас одоо яригдаж буй сэдвүүдээр асууж хариулт авмаар байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас босч ирсэн нэг том асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Тухайлбал, АН-ын зүгээс Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлавал ард түмэн хүлээн зөв-шөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлж эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ардчилсан намын Ерөнхийлөгч байх уу, Ард түмний Ерөнхийлөгч байх уу гэдгээс л ихээхэн хамаарна даа. Ардын намын гаргасан шийдвэрүүдийг Ардчилсан намын хувьд зөв, буруу алин боловч шүүмжилнэ. Энийг бид улс төр гээд ойлгочихоод байгаа. Гэтэл улс орны хувьд ч, ард түмний амьдралд ч тэр хандах зүгийг нь тогтоож, хийрхсэн улс төржилтөөс ангижруулж, ахуй амьдралдаа анхаардаг болгох, хөгжил дэвшилд чиглүүлэх шаардлага байна. Ерөнхийлөгч Х.Баттулгад тийм хүсэл тэмүүлэл бий хэдий ч энэ Үндсэн хуулийн хүрээнд боломж байхгүй төдийгүй, Ерөнхийлөгчид тийм чиг үүргийн оролцоо бага шүү дээ.
-Ардын намын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулгыг үргэлжүүлж хоёр дахь санал асуулгыг үргэлжүүлэхээр ярьж байна. Зарим хүн 65-ын бүлэг байгаа цагт нэг намын олонхийн хүчээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй гэлцдэг. Энэ талаар?
-65-ын бүлгээр хийлгэхгүй энээ тэрээ гэдэг чинь хоосон улс төр гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь Үндсэн хуулийн шинэчлэлийг гацаагчид бол нэг хэсэг нь Монгол төрийг хямралт байдалд нь байлгаж, сульдаан бөхөөх санаатай гадны гар хөл бологчид, нөгөө хэсэг нь улс төрийн богино тоглолт хийж ашиг хонжоо хайгчид юм. МАН, АН хоёр нийлээд үндсэн хуулиа өөрчлөхийн тулд байгуулж байна гээд л Их эвслийн Засгийн газар, үндэсний эвслийн Засгийн газар гээд л байгуулахдаа зарлаад байсан даа. Хүч тэнцсэн үед өөрчилж чаддаггүй юм байна гэдгийг бид хэд хэдэн удаа харсан. Бүр бүх намууд оролцоод хийж чадаагүй шүү дээ. Харин одоо МАН-ыг шахаж хийлгэх нь түүхэн ач холбогдолтой.
-МАХН санаачлан хуульч, эрдэмтэн судлаачидтай хамтран шинэ Үндсэн хуулийн төсөл /БНМАУ-ын Дээд хууль/-ийг улс даяар хэлэлцүүлж, санал солилцох аяныг эхлүүлснээ үргэлжүүлэх мэдээлэл гараад байна. Тэр төсөлтэй та танилцсан уу, юу гэж үзэж байна?
-Танилцсаан, нэлээд зурж, тэмдэглэсэн. “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл” байгуулахдаа л бидний хамтдаа эхлүүлж, хийж байсан ажил. Социализм, капитализмын ололттой тал хийгээд алдаа, дутагдлыг мэдэх хүмүүс оролцож хийсэн сайн төсөл. Уг нь энэ төсөлд суурилаад нэг л нэгдсэн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж Үндсэн хуулиа шинэчилмээр байгаа юм. Ардын нам энэ төслийг нэг хэлэлцээд дүгнэлт гаргавал зүгээрсэн. Эс бөгөөс МАХН орон даяар хэлэлцүүлэг зохиож, бэлтгэгдээгүй иргэд улам төөрөгдөлд орох талтай юм. Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдэж оруулахаар яригдаад байгаа зургаан асуудал маань аргаа бараад л ядахдаа энэ хэдийг өөрчилчихвөл арай дээрдэх болов уу л гэж байгаа болохоос 1992 оны Үндсэн хууль маань нэг тийм монгол амин чанар муутай хууль шүү дээ. Монголын гэхээсээ дэлхийн хүн төрөлхтөнд зориулсан хууль гэх юм уу даа. Энэ бол өөдрөг үнэлэмж, жаахан гутранги үзэл нь дэлхийн олигархиудад тааламжтай хууль гэж болно.
-Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага, юуг нь яаж өөрчлөх вэ, ард түмний саналыг хэрхэн авч баталгаажуулах вэ гэхчилэн янз бүрийн байр сууриуд байдаг. Шийдэл, гарцыг та юу гэж харж байна?
-Манай нам анхнаасаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус шинэ Үндсэн хууль бүтээх ёстой гэсэн байр суурийг барьж тавдугаар Үндсэн хуулийн төслийг 10-аад жилийн өмнө хэлэлцүүлж байсан.
Одоо ч гэсэн Үндсэн хуулийн шинэчлэлд хандахдаа өөрчлөлтийн хүрээгээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд баригдалгүйгээр шинээр тогтоож, хуульчлах, хууль өөрчлөх, шинэчлэх зарчмаа тогтох, аргачлалаа тодорхойлох, эцэст нь механизмаа тохирох гэсэн шат дараалсан хэдэн алхам байх ёстой гэж үзэж байгаа.
Эрх баригч Ардын намын хувьд зөвлөлдөх санал асуулгаар шийдсэн хэдэн асуудлын хүрээнд шийдвэрлэх хүсэлтэй байгаа бол энэ маш их эсэргүүцэлтэй тулна. Гэхдээ гол чиглэл баримжаа болгоод хэлэлцүүлэг өрнүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Энэ хүрээнээс давж гарсан саналуудыг түвшин түвшний ажлын хэсгүүд УИХ-д оруулж хэлэлцүүлэх шаардлагатай.
Энэ парламентаар шийдвэрлүүлэхгүй гэж хоосон хийрхэх, тэгчих, ингэчих байх гэж битүү хардах нь ажил хэрэгт огт тусгүй төдийгүй маш хортой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин