Абэгийн Засгийн газар огцрох уу?

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

Абэгийн Засгийн газар огцрох уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама элдэвтэй эр аж. Хэдхэн хоногийн өмнө 51 насны төрсөн өдрөө гольф тоглож тэмдэглэсэн тэрбээр Нэгдсэн улсын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч төдийгүй Цагаан ордонд шар айраг исгэдгээрээ бас л анхдагч юм.

Японы Засгийн газрын тэргүүний албан тушаал бол гүйдэг замтай ширээн дээрх тавагтай сушитэй адил. Учир нь тавагтай суши маш хурдан солигддог хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан нэгэн эрхэм зүйрлэжээ.

Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар тус улсын түүхэнд дөрвөн жил гаруй төрийн эрх барьж буй гэдэг утгаараа Японы түүхэнд хамгийн удаан, тогтвортой байсан Засгийн газрын гуравт бичигдэж байна. Энэ бол ховор тохиолдол. 

Шинзо Абэ 2012 оноос Засгийн газрыг удирдаж байна. Тэр бол Японы улс төрийн тод фигур. Түүнийг Засгийн эрх барьж буй хугацааг улс төрийн тогтвортой байдлын үе гэж япончууд нэрлэх болжээ. 

Энэ мэтчилэн Шинзо Абэ ард түмэн, намынхан дундаа нэр хүндтэй, дэмжлэг сайтай эрхэм билээ. Түүний нэр түүхийн сурах бичигт бичигдэх нь тодорхой болж байв. Гэвч сүүлийн үед Шинзо Абэ болон түүний ойр дотнын хүмүүсийн дуулиант хэргээс болоод түүний карьер уналтад ороод байгаа ажээ. 

Тухайлбал, Шинзо Абэ “Moritomo Gakuen” сургуульд хандив өгсөн хэрэг дэгдсэн. Учир нь, тус сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд Осака муж дах Тоёнака хотын улсын өмчийн газрыг сургуулийн захиргаа маш хямд үнээр худалдан авчээ. Тэд тус газрыг хөрсний бохирдолт ихтэй хэмээн мэдэгдсэн байна. Хожим нь, Шинзо Абэгийн гэргий Акиэ Абэ тус сургуулийн хүндэт захирал болох үед хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болсон. Тэрбээр Шинзо Абэгийн нэрийг барин тус сургуульд хандив өргөж, мөн сургуулийн захиргаа ч Шинзо Абэгийн нэрээр хандив цуглуулж байсан нь ил болсон юм. 

Энэ дуулиан намжаагүй байхад дахин нэг сургуулийн хэрэгт Шинзо Абэ холбогдов. Түүний дотнын найз Котаро Какэ Японы эдийн засгийн бүсэд мал эмнэлгийн сургууль барихаар төлөвлөж байна. Энэхүү төслийг шалгаруулахад Шинзо Абэ гар бие оролцсон гэх дуулиан дэгджээ. 

Үүний хажуугаар, Шинзо Абэгийн кабинетийн хэд хэдэн сайд, намын гишүүдийн нэр холбогдсон хэргүүд ил боллоо. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Томоми Инада Өмнөд Суданд Японы энхийг сахиулагчдын үйл ажиллагааны тухай тайланг устгасан хэрэгт холбогдов. Мөн эрх барьж буй Либерал-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Хакубун Симомура “Moritomo Gakuen” сургуулиас хандив авсан. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй. Мөн Либерал-Ардчилсан намын гишүүн Маюко Тойота хувийн туслахаа доромжилж, хүчирхийлсэн хэрэгт тус тус буруутгагдаад байна. 

Дээрх хэргүүдийн дуулиан эхлэх үед парламентын чуулган хааж байсан юм. Улмаар Засгийн газар түр ч гэсэн амьсгаа авч байх үед сөрөг хүчнийхэн ээлжит бус чуулган зарлахыг шаардаж эхлэв. 

Үүнтэй холбоотой, Абэ болон түүний намын чансаа огцом буурав. Судалгаанаас харахад Абэгийн кабинетын дэмжлэг 30-аас доош хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ сарын 22-23-нд Майничи сонин сүүлийн судалгааны үр дүнгээ танилцуулав. Үр дүнд нь, уналтад ороод байсан Засгийн газрын чансаа сэргэсэн үзүүлэлт ажиглагджээ. 

Намынхаа нэр хүндийг сэргээх, Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд Шинзо Абэ ирэх наймдугаар сард халаа сэлгээ хийнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн сайд нарыг огцруулна гэв. Харин Гадаад хэрэг, Сангийн сайд нар албан тушаалаа хадгалж үлдэх ажээ. 

Гэхдээ сөрөг хүчин ээлжит бус чуулганыг хуралдуулж, тэдний асуултад Шинзо Абэ өөрийн биеэр хариулахыг шаардаж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж