“Түргэн тусламжийн онгоц Монголд ганцхан бий”

Хуучирсан мэдээ: 2017.07.25-нд нийтлэгдсэн

“Түргэн тусламжийн онгоц Монголд ганцхан бий”

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж УИХ-ын 2013 оны төсвийг 18,6 тэрбум төгрөг байхаар санал нэгдэж Сангийн яаманд шилжүүлэхээр болсон юм.

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж өнгөрсөн. Тус сумын ойн баяр наадмын үеэр /2017.07.21/ их насны морины уралдаанд морь унаж байсан 13 настай унаач хүү мориноос унаж маш хүнд бэртсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.

Харин Д.Тамир гэх нэгэн эмч залуу өөрийн танил нөхөдтэйгөө хамтран “Blue Sky Aviation” компаниас10 мянган ам.долларын нислэг үйлдэх зардал бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэн тусалж, хүүгийн амь насыг аварчээ.

Биднийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход Л.Баасандорж хүү маш хүнд хагалгааны ард гарч, сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар хурдан тэнхэрч байна гэсэн баяртай мэдээг хүүгийн аав дуулгасан юм. Ингээд унаач хүүгийн аав М.Лхагвасүрэнгийн яриаг хүргэж байна.

унаач хүүгийн аав М.Лхагвасүрэн

-Та сайн байна уу. Унаач хүүгийн маань хагалгаа амжилттай болсон гэсэн баярт мэдээг сонслоо. Одоо биеийнх нь байдал ямар байна вэ?

-Хүү маань энэ сарын 22-нд 20:30 цагийн үед хотод ирсэн. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн даруйдаа хоёр цаг орчмын яаралтай хагалгаанд орсон. Хүүгийн минь зулай цөмрөлттэй, тархи руугаа цөмөрсөн яс нь гүн орсон, цус хуралттай, тулгуур ясандаа цууралттай маш хүнд гэмтэлтэй байсан. Өчигдөр /2017.07.23/ хүү маань ухаан орсон. Өнөөдөр /2017.07.24/ сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжлээ. Энэ хүнд хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олондоо болон хагалгааны эмч нартаа маш их баярлалаа. Одоо хүү минь цагаар хоол идэж, ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгаа. Өнөө өглөө хүү маань морь уралдаж байсан газраа, яаж унасан тухайгаа маш сайн санаж, эрүүл гэдгээ ар гэрийнхэндээ мэдэгдсэн. Хүү маань тун удахгүй хөл дээрээ босно гэж найдаж байна. 

-Та морь уядаг уу. Хүү тань Түдэвтэй сумын 90 жилийн ойгоор хэний морь унаж, уралдсан юм бэ?

-Би Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуур багийн уугуул иргэн. Би малчин байж байгаад сум захиргааны байгууллагад үйлчилгээний ажил эрхэлдэг. Ажил маань зуны улиралд амарчихдаг юм. 

Хүү маань Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойгоор миний авга ахын морийг унаж, уралдаж байсан юм. Хүү минь авга ахынхаа морьдыг энэ сарын 7, 8-ны өдөр Сонгино суманд бас унасан. Сумын 90 жилийн ойн наадмаар авга ах хүүг маань гуйж, морио унуулсан. Манай гэр бүлийнхэн өөрсдөө ч тэр баяр наадам дээр байсан. Тэгээд Түдэвтэй сумын 90 жилийн сүүлийн баярын өдөр буюу энэ сарын 21-нд их насны морины уралдаанд уралдаж яваад ийм зүйл болчихлоо. Хүмүүсээс сонсоход “Их насны морьдыг гарах ёстой гарааны зурхайгаас гаргаагүй” гэсэн.

-Их насны морины уралдааныг яагаад гарах ёстой гарааны зурхайгаас гаргаагүй юм бол?

-Түдэвтэй сумын морины комисс болон тэнд зохицуулж байгаа цагдаагийн хэсэг гэж бий. Тэр хүмүүс яагаад их насны морины уралдааныг гарах ёстой гарааны зурхайнаас наана уруу газар уралдуулсан юм бэ. Би өөрөө хараагүй л дээ. Хүмүүсийн ярьж байгаагаар “Морьдыг уулын ам өөд шахаж, уруу газар их насны морьдыг гаргасан” гэсэн. Тэрнээс болж л миний хүү маш хүндээр бэртэж, гэмтлээ. Тэр уралдааны үеэр олон хүүхэд унаж, бэртсэн. Түдэвтэй сумын эмнэлэгт хүүгээ хүргэж ирэхэд нэг хүүхдийн толгойных нь хуйх нь ярагдчихсан оёо тавиулаад явсан. Бас нэг хүүхдийн бугуй гэмтсэн гээд ирчихсэн байсан. 

Хүү минь амьтай, голтой нь мэдэгдэхгүй байсан

-Та бүхэн хүүгээ бэртэж, гэмтсэнийг хэрхэн мэдэв?

-Би тухайн үед хүүгээ их насны морьд ирж дуустал нь харж хүлээсэн. Гэтэл хүү маань ирээгүй. Тэгээд эмнэлэгийн машинаас хүүгээ асуусан чинь “Танай хүү ирээгүй” гэсэн. Тэгээд би эмнэлгийн машиныг буцааж аваад явж байтал мотоцикльтой хүмүүс тааралдаад “Танай хүүхдийг сая машинтай яваад явчихлаа” гэсэн. Тэгээд буцаад явж байтал морь ачсан портертой хүмүүс тэврээд явж байсан. Намайг очиход миний хүү амьтай голтой нь мэдэгдэхгүй байж байсан. Тэгээд л сумын эмнэлэгт очиж анхны тусламжаа авсан. Маргааш өглөө нь Д.Тамир гэх эмч залуу найз Л.Батсайхантайгаа нийлээд хүүд маань туслах гэсэн юм гэж хандсан. 

-Д.Тамир гэх эмч залуу найзтайгаа хамтран “Blue Sky Aviation” компаниас 10 мянган ам.долларын нислэг үйлдэх зардал бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэж тусалсан гэсэн? 

-Бидэнтэй Д.Тамир гэх эмч залуу холбогдож, “Хүүхдийг чинь хот руу авъя. Танай хүүд тусламаар байна. Та сумаасаа ганц хоёр бичиг баримт бүрдүүлээд явуулаарай” гэсэн. Хэр баргийн хүнд нисдэг тэрэг олдохгүй байх. Тэр холоос ийм сайхан сэтгэл гаргаж, хүүгийн минь амийг аварсан залуустаа чин сэтгэлээсээ баярлаж байна. 
Тэгээд л сайхан сэтгэлт залуусын буянаар шууд хот руу онгоцоор явахаар болсон. Түдэвтэй сумаас энэ сарын 23-нд жийптэй гарч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Эмч нар гэр бүлийнхнээр нь тээвэрлэх зөвшөөрлийн гарын үзэг зуруулж, ном журмаар нь миний хүүд тусласанд баярлаж байна. 

-Сумын удирдлагууд хот руу ирэхэд тусалсан уу?

-Биднийг хот руу гарах гэж байхад Түдэвтэй сумын Засаг дарга Тосонцэнгэл сум руу явах 50 литр шатахууны бичиг хийж өгсөн. Бас Тамгын газрын дарга нь манай авга ахын хүргэн хүү юм. Тэр хүн хот руу ирэхэд бидэнд тусалсан.

Гэрэл зургийг Э.Энхбат

Хүүг минь аварсан залуусаа насандаа мартахгүй

-Л.Баасандорж хүү айлын хэд дэх хүүхэд вэ?

-Хүү маань дөрвөн настайгаасаа морь унасан. Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Л.Баасандорж маань нэг эгч, хоёр дүүтэй. Хүүгээ дагаад аав, ээж хоёр нь нутгаасаа ирээд байж байна. Хүүхдээ сайн асраад эмчилгээг нь бүрэн гүйцэт хийлгээд явах санаатай байна. Одоо ээж нь хүүгээ сахиад сууж байгаа. Би ойр зуурын хэрэг болох зүйлсийн бэлдээд одоо тасаг руугаа орох гэж байна. 

-Хүү тань багаасаа хурдан морь унаж сурчээ. Хэчнээн наадамд уралдаж, айраг түрүү болж байсан бол?

-Хүү маань Завхан аймгийн Сонгино сумандаа ноднин н.Бадамсэрээжид гэдэг хүний хүрэн даага унаж, долоон айраг, түрүү авсан. Мөн манайхны хурдан бор азаргыг унаж, олон удаа айраг, түрүү авч байсан. Манай аавын талын ах дүү бүгд л морь уядаг улсууд л даа. Миний хүү тэр бүх морьдыг нь унадаг байсан. Өмнө нь мориноос унаж, бэртэж үзээгүй ээ.

-Морины уралдааны үеэр унаач хүүхдийн хамгаалалтын талаар яригддаг. Хүү хамгаалалтын хувцастай байсан уу?

-Хүү маань хамгаалалтын хувцастай байсан. Ер нь би унаач хүүхдүүдийн хамгаалалтын асуудал дээр аавдаа ч, ахдаа ч бүрэн хэрэгсэлтэй нь морь унуулж байгаарай гэж хэлдэг. 

-Унаач хүүгийн нислэгийн зардлын 10 хувийн төлбөрийг хэн төлөх нь тодорхойгүй байна гэсэн мэдээлэл байсан. Нислэгийн зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа бол?

-Хүүгийн маань зөөвөрлөсөн нислэгийн зардлыг бүтнээр нь Д. Тамир, Л.Батсайхан хоёр дүү маань хувиасаа гаргаж байгаа гэж хэлсэн. Саяхан Л.Батсайхан дүү маань бидэнтэй уулзаж байхад хүүг маань дээд давхарт оруулсан. Тэгсэн миний хүү Л.Батсайхан ахыгаа дуудаад “Баярлалаа” гээд үнссэн. Сайхан сэтгэлтэй ах нь их сэтгэл өндөр буцна лээ. Бид хүүгийн маань амийг аварсан сайхан сэтгэлтэй залуусаа насандаа мартахгүй. Тэдний маань цаашдынх нь ажил үйлс үргэлж бүтэж байхыг хүсэн ерөөе.

Д.Тамир: Хөлөө бэртээснээс тэргэнцэртэй байгаа

-Л.Баасандорж хүүд туслах болсон талаараа ярихгүй юу?

-Надад анх Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгийн Л.Батсайхан гэх залуу хэлсэн. Бид хоёр багын найзууд л даа. Л.Батсайхан маань “Унаач хүү маш хүнд гэмтээд байна. Найр наадам болоод, амралтын өдөр байгаа учраас одоо чи л тусалж чадна.Чи онгоц явуулах ажлыг хөөцөлдөөд өгөөч ээ” гэсэн. Би сошиалиас бас унаач хүүгийн зурагтай постыг хараад л иргэн хүнийхээ хариуцлагынхаа хувьд хүүд тусалж, дэм болохыг хүссэн.

-Сошиалд унаач хүүгийн нислэгийн зардлын 10 хувийн төлбөрийг хэн төлөх нь тодорхойгүй байна гэсэн мэдээлэл байна. Нислэгийн зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-“Blue Sky Aviation” компани маш их тусалсан. Миний хувьд энэ онгоцны төсөл дээр анхнаасаа оролцож, ажиллаж байсан учраас 11 мянган ам.долларын нислэг үйлдэх зардлын 90 хувийг нь хөнгөлүүлсэн. Харин үлдсэн 10 хувийг нь буюу 2 сая 200 мянган төгрөгийг Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгийн Л.Батсайхан гэх залуу бид хоёр төлчих юм.

Энд салбарын яам ямар ч хамаагүй. Надад ямар нэгэн эрх ашгийн сонирхол ч байхгүй гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол нь Л.Баасандорж хүүгийн тархины суурь ясны гэмтэл авч, 48 цагийн дотор яаралтай хагалгаанд орохгүй бол амь насанд нь аюултай байсан. Тиймээс л хугацаа алдалгүй яаралтай хагалгаанд оруулахыг зорьсон. Одоо унаач хүү маань сэхээний тасгаас энгийн тасаг руу шилжээд, хөл дээрээ бослоо.

-Унаач хүүг зөөвөрлөсөн онгоц нь тусгай зориулалтын онгоц байсан гэсэн?

-Тэр онгоц бол түргэн тусламжийн зориулалтын онгоц юм. Монголд ганцхан байдаг. Уг онгоцыг анх Финландын засгийн газартай хамтарч, оруулж ирсэн.

-Сошиалд тавигдсан зургаас харахад та тэргэнцэртэй байсан. Зарим хүмүүс таныг хөгжлийн бэрхшээлтэй юм байна гэж ойлгоод байх шиг?

-Үгүй ээ. Би хөгжлийн бэрхшээлтэй биш. Сонгуулийн ажилд явж байгаад бэртэж гэмтсэн. Миний шилбэ бяцраад, шилбэндээ төмөр суулгуулсан юм. Тун удахгүй хөл маань эдгэх байх. 

-Өмнө нь сайн үйлсийн аян хийж байв уу?

-Би өмнө нь 2011 онд Л.Батсайхан найзтайгаа хамтраад Түдэвтэй сумын эмнэлэгт тоног төхөөрөмж бэлэглэж байсан. Тэр үед би Америкт байсан юм. Тэгээд би төсөл бичээд 52 мянган ам.долларын өртөгтэй зөөврийн ЭХО, зөөврийн зүрхний цахилгаан бичлэг, цус, шээсний аппаратуудыг ямар ч үнэ төлбөргүйгээр өгч тусалсан.

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж