Бээжин нь бүс нутгийн олон оронтой маргааны бай болсон Өмнөд Хятадын тэнгист “тогтвортой байдлыг хадгалах” хүсэлтэй гэдгийг Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдлээ. Мөн тэрбээр Хятад улс өнгөрсөн тавдугаар сард Зүүн Өмнөд Азийн орнуудтай хийсэн зөвшилцлийг дагахаа мэдэгджээ. Өмнөд Хятадын тэнгис дэх ашиг сонирхлоо үргэлж бататгаж ирсэн Бээжин эрх баригчид сүүлийн таван жилд ийм зөөлөн үг хэлсэн удаагүй.
Харин зарим ажиглагчид түүний энэ үг ирэх наймдугаар сард Филиппиний нийслэлд болох Зүүн Өмнөд Азийн орнуудын бүс нутгийн уулзалтын өмнө уур амьсгалыг зөөлрүүлэх оролдлого хэмээн дүгнэж байна. Бангкок дахь айлчлалынхаа үеэр Ван И Тайландыг “ах дүү орон” гэж тодотгосон нь учиртай. Тайланд нь газар нутгийн маргаанаас ангид бөгөөд төвийг сахисан байр суурьтай. Мөн Тайланд энэ онд Хятадаас шумбагч хөлөг, танк, нисдэг тэрэг гэх мэт 500 сая гаруй ам.долларын техник хэрэгсэл худалдан авахаар болжээ.
Бээжингийн эрх баригчид 2010 оноос хойш Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн бөгөөд 2012 онд Парасел арлуудыг бүхэлд нь хяналтдаа авсан юм. Гэтэл тус арлуудыг Вьетнам, Тайван улсууд мөн өөрийн эзэмшилд тооцдог аж. Харин Спартли арлуудын хувьд хэсэг тус бүрээрээ Хятад, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайван улсуудын хяналтад оршдог байна. Гэтэл Хятад 2012 онд Өмнөд Хятадын тэнгис дэх “U” хэлбэрийн далайн бүсийг өөрийн эзэмшил хэмээн зарласан нь хөрш орнуудтайгаа газар нутгийн маргааныг хурцатгасан. Нөхцөл байдал хурцдах тусам Бээжин байр сууриа хүчтэй хамгаалж, газар нутгийн маргаантай тэнгисийн бүсэд эзэмшлээ хамгаалахаар хиймэл арга байгуулж, цэргээ дээр нь байршуулсан билээ. Хятадын түрэмгий үйлдлийг АНУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэж, олон улсын хуулийг үл ойшоосонд Бээжинг буруутгаж байна. АНУ нь өнгөрсөн хоёрдугаар сард нисэх онгоц тээгч USS Carl Vinson” хөлгөө Өмнөд Хятадын тэнгис рүү илгээсэн нь Бээжинтэй зөрчлийг хурцатгаж байв. АНУ нь Өмнөд Хятадын тэнгис рүү цэргийн техникээ илгээсэн нь анх удаа биш юм.
Олон улсын маргаан болсон тэнгисийн хэсэг нь газрын тос, байгалийн хийн чамгүй нөөцтэй дээр нь жилийн таван их наядын өртөг бүхий худалдааны гол зам тус бүсэд багтаж байгаа юм.
Б.ТУЯА