Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас/ХХААХҮЯ/ өнөөдөр /2017.07.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн жил 61.5 сая мал тоологдсон ч 600 мянга гаруй мал хорогджээ. Гэхдээ энэ жил 21.9 сая төл хүлээн авснаар нийт мал сүргийн тоо 80 сая давсан байна.
Улсын хэмжээнд энэ онд 177.005 өрхөд 66 сая мал өвөлжих төлөвтэй байгааг тус яамны ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл тодотгов.
Монгол Улс жилдээ 10 гаруй сая толгой малыг дотоодынхоо хүнсний хэрэгцээнд ашигладаг ч ихэнх нутагт өнөө жил зуншлага тааруу гандуу байгаа тул дотоодын махны хэрэгцээнд зориулж 14 сая мал бэлтгэх зорилт тавьжээ.
Аймгуудаас ирүүлсэн мэдээллээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн байгаа бол 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байгаа аж.
Мөн Дорнод, Сүхбаатар аймгуудаас бусдад нь ургац муу байгаа гэсэн мэдээллийг ирүүлжээ. Харин сүүлийн өдрүүдэд бороо хур орж байгаа гэсэн таатай мэдээг хүлээн авах болсон байна.
Салбарын яамнаас Засгийн газрын 186 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 30,8 мян тн өвс, 11.7 мян тн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгчээ.
Энэ жилийн хадлан бэлтгэлд 7101 дугуйт трактор, 5806 бага оврын тракторууд дагалдах хэрэгслийн хамт, 621 хаман боогч, 1000 морин хадуур, 5000 гар болон хөдөлгөөнт хадуур, тармуур ажиллах мэдээг орон нутгаас ирүүлээд байна.
Малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 36.0 мянган тн сүрэл, 23.0 мянган тн ногоон тэжээл, 48.9 мянган тн үйлдвэрийн тэжээл, 71.0 мянган тн гар тэжээл, 9.0 мянган тн дарш, 141.9 мянган тн давс, хужир бэлтгэнэ. Аймгуудаас ирүүлсэн мэдээгээр хадлан хадах боломжтой газар их хомс байгаа аж.
МАЛЧИН БҮР МАЛЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭРТЭЙ ЯВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Малчдад анхаарах, сэрэмжлүүлэх мэдээлэл гараад байгааг салбарын яамнаас нь тодотголоо. 2016 оноос эхлүүлээд 2017 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд үндсэндээ 13 аймгийн 80 гаруй суманд малын гоц халдварт өвчин дэгджээ.
Иймээс зуншлага тааруу байгаа аймгийн малчид малын гоц халдварт өвчин дэгдсэн бүс нутаг руу оторлохгүй байхыг санууллаа.
Сүхбаатар, Дорнод аймгийн ихэнх сум малын гоц халдвартай бүсэд хамрагддаг аж. Гэхдээ улсын хэмжээнд 13 аймгийн 164 суманд малын гоц халдварт өвчин гараагүй учраас бүхэлдээ гоц халдвартай бүсэд хамаарагдахгүй гэдгийг мөн санууллаа.
Түүнчлэн орон нутгийн удирдлагууд найр наадамдаа цэг тавьж, оторлох малынхаа тоо толгойг тодорхой гаргаж, оторлох газартаа бүртгэл хийлгэхийг анхаарлаа.
Отроор яваа малчдын хувьд малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, холбогдох баримт бичгийг сумын Мал үржлийн газар, мэргэжлийн газруудаар заавал гаргуулж явахыг зөвлөж байна.
Малчин бүр малынхаа эрүүл мэндийн дэвтэртэй явахыг мөн зөвлөлөө.
Ч.БОЛОР