Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2017.07.24/ Төрийн ордонд боллоо.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон УИХ-ын Тамгын газрын дарга, ЗГХЭГ-ын дарга, байнгын хороодын ахлах зөвлөхүүд зэрэг ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүх нийтээрээ хэлэлцэж, эцэслэн шийдэхээр УИХ-ын тогтоол гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Орон даяарх хэлэлцүүлгийг зургадугаар сарын 5-наас есдүгээр сарын 10-ны дотор зохион байгуулахаар хэлэлцүүлсэн ч Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зургадугаар сарын 16-ны өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн тодотгосон юм.
Харин одоо хэлэлцүүлгийг улс даяар зохион байгуулах ажил нэг үеийг бодвол шуударчээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-аас хэлэлцүүлгийн зардлыг зохих ёсоор нь гаргасан гэж байлаа. Хэлэлцүүлэг албан ёсоор долдугаар сарын 31-ний өдрөөс эхэлнэ. Аймаг, сум, баг, хороо бүрт харилцан адилгүй цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 5 гэхэд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, есдүгээр сарын 10 гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр товложээ. Түүнчлэн баг, хороодын хэлэлцүүлэгтээ оролцож амжаагүй хүмүүс онлайнаар болон шуудангаар саналаа илгээж болох ажээ.
Хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэд оролцоно. Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа http://forum.parliament.mn цахим хаягаар өгч болох юм. Энэ удаагийн хэлэлцүүлгийн сэдэв ганцхан Үндсэн хууль, түүний заалтууд байх бөгөөд өөр бусад хуулийн талаарх саналыг хүлээн авах боломжгүй гэдгийг ажлын хэсгийнхэн онцолж байна. Хэлэлцүүлгийн үеэр болон цахим санал өгөхдөө бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байх, бусдыг доромжлон гутаах, хөлөө дэвсэлж, шүгэлдэх зэрэг зүй бус үйлдэл гаргахгүй байхыг онцлон анхаарууллаа.
Мөн мансууруулах, согтууруулах зүйлс хэрэглэсэн хүнийг хэлэлцүүлэгт оруулахгүй гэдгийг ч тодотгов. Мөн намууд, иргэний хөдөлгөөнийхөн тусгайлан санал боловсруулах эрхтэй. Тэд Үндсэн хуулийн төсөлд оруулах саналаа УИХ-ын ТББХ-ны хаягаар илгээхийн сацуу цахим хаягаар дамжуулах боломжтой ажээ. Хэлэлцүүлэг хийхээр товлосон өдөр байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол хэлэлцүүлгийг хойшлуулах эрхтэй. Гэхдээ тогтоолд заасан хугацаа буюу есдүгээр сарын 5-ны өмнө заавал нөхөн хэлэлцэнэ гэдгийг аймаг, орон нутгийнханд дуулгалаа.
Энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэрбээр төсөл өргөн барих үеэрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь дараах хүрээг хамарч байгаа. Үүнд:
- Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
- Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
- Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
- Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байна” хэмээн өгүүлсэн юм.
Эцэг хууль хэмээн нэрлэдэг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд иргэн нэг бүрийн санал чухал байгааг энэ дашрамд дуулгая.