-Тагнуулынхан гадны нөлөөтэй гэж тодорхойлсон-
Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 22 давхар барилга дээрээс 22 настай эмэгтэй үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч зургадугаар сард /2017.06.05 / гарсан.
Хэрэг гарах үед энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Захиралдаа зодуулсан” гэсэн гомдол гаргасан юм билээ. Тэр гомдлыг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа. Өргөдөл гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийж байна. Өргөдөл буцаасан асуудал бүртгэгдээгүй байна. Амиа хорлосон гэх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.
Энэ хэргийн талаар талийгаачийн эгч С.Түвшинжаргалтай цахим сүлжээгээр холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Та бидэнд хэргийн талаар мэдээлэл өгч болох уу?
-Хэргийн шүүхийн шинжилгээний хариу гарсан ч хариуг бидэнд хэлээгүй байна. Учрыг асуухаар байцаалт явагдаж байгаа гэх юм. Харин нөгөө захирал нь /’Сохо мебель’ компанийн захирал / гадаадаас ирээгүй. Гадаад руу явснаасаа хойш дахин байцаалт аваагүй. Зөвхөн талийгаачийн найз нөхдийг нь байцааж байгаа. Мөн хэрэг Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг руу шилжүүлсэн байгаагаас харвал амиа хорлолт биш гэдгийг нь зөвшөөрсөн бололтой.
-Амиа хорлолт биш гэдгийг нь зөвшөөрсөн бололтой гэлээ. Хэрэг гардаг өдрийн орцны бичлэгээс харахад нэг хүн дагаж байгаа нь харагдсан тухай өмнө нь та хэлж байсан?
-Тагнуулынхан гадны нөлөөтэй нь тодорхой гээд байсан. Унасан байрных нь камерын бичлэгийг хараад тухайн хүний жин, өндөр унасан хурд гурвыг харьцуулахад гадны нөлөөтэй уналт уу, өөрийнх нь үү гэдэг нь маш тодорхой болдог гэсэн. Тэр бичлэг дээр 10 орчим минут гадаа зогсож байсан хүн талийгаачийг ирэнгүүт хамт орж, орцонд оронгуутаа хар шилээ зүүж байгаа бичлэг их сонин санагдаад байгаа юм. Тэр хүнийг шалгахад гэрээрээ дүүрэн камер суулгасан хүн байсан гэсэн.
-Хэрэг явдлаас хойш талийгаачийн найз нөхдөөс тантай өөр хүмүүс холбогдсон уу?
-Над руу хэд хоногийн өмнө нэгэн компанийн хүний нөөцийн мэргэжилтэн холбогдсон. Талийгаач “Орчлон” констракшнд ажлын ярилцлагад орсон юм билээ. Ажлын ярилцлагад орох үеэрээ ажлаасаа гарах болсон шалтгаанаа “Захиралтайгаа таарахгүй, хувийн дарамт ихтэй байна” гэж хэлээд, анкет бөглөөд явсан гэж хэлсэн байсан.
А.Сүрэн