Израилийн Ариун сүмийн уулын ойр орчим дахь аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн долоо хоногт шинэ арга хэмжээ авсан ажээ.
Лалын Аль-Акса сүмийн ойролцоо металл илрүүлэгч суурилуулсан, мөн 50-иас доош насны эрэгтэй сүсэгтэн бунханд ойртохыг нь хориглосонд лалын шашинтнууд дургүйцлээ илэрхийлжээ. Үүнийг Палестины ард түмний эсрэг авч буй арга хэмжээ гэж тус улсын төр засаг үзэж буйгаа илэрхийлэв. Улмаар Израилийн цагдаа болон арабын иргэдийн дунд ширүүн мөргөлдөөн үүссэн байна. Олон нийтийн үймээнийг тараахын тулд хууль хүчний байгууллагынхан нулимс асгаруулагч болон ухаан санаа манаргах гранат хэрэглэжээ.
Мөргөлдөөний улмаас гурван палестин амиа алдаж, арав гаруй хүн бэртжээ. Харин Улаан загалмайн мэдээлэлд тулгуурлан Al Mayadeen сайт 377 хүн бэртсэн гэж мэдээлэв. Мөргөлдөөнд Израилийн иргэд ч хохирсон. Өнгөрсөн Баасан гаригт палестин эр Иорданы голын баруун эрэгт нэвтэрч, улмаар гурван хүний амийг хороожээ. Хоёр нь газар дээрээ өөд болсон бол гурав дахь нь шархаа дийлсэнгүй эмнэлэгт өөд болсон байна.
Израилийн арми халдлага үйлдсэн эрийг баривчилж, түүний гэрийг нураахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Мөн цэргүүд сошиал сүлжээнд 19 настай террорист хүүгийн мэдээллийг нийтэлсэн. Тэрбээр Аль-Акса сүмийн ойролцоо аюулгүй байдлын шинэ арга хэмжээ авсан нь түүнийг халдлага үйлдэх шалтаг болсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр “Энэ чинь ямар гээч амьдрал вэ. Тэд бидний эхнэр, бидний залуучуудыг ямар ч үндэслэлгүй устгаж байна. Аль-Аска лалын сүмийг бузарлаж байхад, бид зүгээр хараад суух гэж үү. Энэ бол гутамшиг” хэмээн хэлснийг нь Haaretz дамжуулав.
Иймээс Швед, Франц, Египет зэрэг улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдахыг уриалсан тухай Шведийн төлөөлөгч Карл Скау твиттер хуудаснаа жиргэжээ. Шуурхай хуралдааныг долдугаар сарын 24 буюу өнөөдөр товлосон тухай Ройтерс агентлаг мэдээлж байна.
Sweden, France & Egypt request #UNSC to urgently discuss how calls for de-escalation in #Jerusalem can be supported. https://t.co/qavY8xtuxZ
— Carl Skau (@CarlSkau) July 22, 2017
Дээрх улс Палестиныг алан хядах, өдөөн турхирах үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна. Иерусалимд нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор ОХУ, АНУ, Европын Холбоо болон НҮБ санаа зовинож буйгаа илэрхийлэв.
Европын гадаад бодлогын албаны мэдэгдэлд, талууд террорист халдлагыг авч хэлэлцэнэ. Гэмгүй хүмүүс амиа алдаж байгаад харамсаж байна. Бэртэж гэмтсэн хүмүүс удахгүй эдгэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Мөн тэд орон нутгийн иргэдийн өдөөн хатгасан үйл ажиллагаанд автахгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөв. Ингэхдээ тэд Иерусалим дахь ариун газруудын статус-квог дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Баривчилгаа ба пуужин
Хурцадмал байдалтай холбоотой Израилийн террористын эсрэг алба ШАБАК тусгай ажиллагаа явуулж, үр дүнд нь Палестины исламистуудын өндөр дээд албан тушаалтнууд баривчлагдсан билээ.
ШАБАК болон Израилийн батлан хамгаалахын армийн хамтарсан ажиллагааны үр дүнд ХАМАС-ийн 25 идэвхтнүүд баривчлагджээ. Үүнийгээ тэд Ариун сүмийн уулын ойролцоо хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэх ажиллагаа гэж тайлбарлав.
ЦАХАЛ агентлагийн мэдээлж буйгаар бүтэн сайны шөнө Газын зурвасаас Израилийн зүг пуужин харвасан ч, тэрхүү пуужин нь агаарт дэлбэрсэн гэв.
Сануулахад, зургаадугаар сард Газын зурвасаас пуужин харваж байсан удаатай. Гэхдээ пуужин нь нээлттэй талбайд унаж, ямар нэгэн хохирол учруулаагүй юм байна. Үүний хариуд, Израилын нисэх хүчин ХАМАС-ийн обьектад халдлага үйлджээ.