“Ивээл сар”-д багтан ирээрэй

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

“Ивээл сар”-д багтан ирээрэй

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 507 тоотод болох гэж байна.

-БНСУ-ын Хууль зүйн яамнаас “Ивээл сар” зарлаж, энэ хугацаанд багтвал хилийн хоригоос чөлөөлөхөө мэдэгдлээ-

Монголчуудын цөөнгүй хувь нь гадаад орныг зорин очиж, амин зуулгаа залгуулж байна. Эх орондоо дур зоргоороо амьдрах хэдий сайхан ч ажлын байр хомс, хөдөлмөрийн хөлс амьдралын хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээнд хүрэхгүй байгаагаас алс холын оронд очиж, ур чадвар шаардахгүй, урт цагийн ажил хийхийг илүүд үзсээр байна. 

Монголчуудын хувьд хамгийн ээл ивээлтэй улс оронд БНСУ ордог. Сар тутам олон мянгаараа виз мэдүүлж, тус улсыг зорьдог монголчуудын маань цөөнгүй хувь нь визний хугацаагаа хэтрүүлэн “харлаж” үлддэг. 

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад зарласан “Ивээл сар”-ын хугацааг сунгасан байна. “Хууль бус оршин суугч гадаадын иргэдийг сайн дураар нутаг буцахад дэмжлэг үзүүлэх аян” буюу “Ивээл сар”-ыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх гурван сарын хугацаанд зарласан юм. Тэгвэл ивээл үзүүлэх аян энэ сараас дахин шинээр эхэлжээ. Энэ тухай Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яам албан хуудсандаа орчуулан мэдээлснийг уншигчдадаа хүргэе. 

Баривчилгааг 20 долоо хоногийн турш чангатгана 

БНСУ-ын Хууль зүйн яам энэ оны долдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд “Хууль бус оршин суугч гадаадын иргэдийг сайн дураар нутаг буцахад дэмжлэг үзүүлэх аян”-ыг үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдлээ. Энгийн үед хууль бусаар оршин суугч гадаадын иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд доорх журам хэрэгждэг. Үүнд:

  • Нэг жилээс доош хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригоос чөлөөлнө.
  • Нэг жилээс 3 жилийн хугацаанд хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригийг нэг жилээр тогтооно. 
  • Гурван жилээс дээш хугацаанд хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригийг хоёр жилээр тогтооно.

Харин ЭНЭ УДААГИЙН АЯНЫ ХУГАЦААНД хууль бус оршин суугч гадаадын иргэн сайн дураар нутаг буцах тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацаа таван жилээс доош байвал хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, хууль бусаар оршин суусан хугацаа таван жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийн хугацааг нэг жил болгож хөнгөлөлт үзүүлж байна.

Гэхдээ паспортын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортаар хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй (нууцаар хил нэвтэрсэн) зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй. 

Мөн сайн дураараа бус шалгалтаар баригдан албадан нутаг буцаж буй тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт огт үйлчлэхгүй бөгөөд хилээр нэвтрэх хоригийн хугацаа таван жил байх юм.

Хууль зүйн яамнаас сайн дураараа нутаг буцахгүй байгаа хууль бус оршин суугчдыг илрүүлэн шалгах ажлыг улам эрчимжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэл, Зүүн өмнөд бүс болон энэ бүсийн хотуудын шалгах анги дээр нэмээд Төвийн бүс•Баруун өмнөд бүс болон энэ бүсийн хотуудын шалгах ангийг шинээр үүсгэн байгуулж цагдаагийн ерөнхий газар зэрэг хамаарал бүхий байгууллагууд оролцсон засгийн газрын байгууллагуудын нэгдсэн шалгалтыг жилийн хугацаанд нийт 20 долоо хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сайн дураар нутаг буцах хүсэлтэй байгаа хууль бус оршин суугч иргэдийн хувьд хилээр нэвтрэх гэж буй өдрөө хүчинтэй паспорт (буцах үнэмлэх), онгоцны тийзийн хуулбарын хамт хилээр нэвтрэх гэж буй нисэх болон усан боомтын цагаачлалын албанд хандан сайн дураар нутаг буцах хүсэлтээ гаргахад болно. Хууль зүйн яамны мэргэжилтэн “Хууль бус оршин суугчдыг үүсгэж байгаа, хууль бусаар хил нэвтрэх, ажилд зуучлах зэрэг зуучлалын үйл ажиллагаа явуулж буй брокеруудыг судлах, олж илрүүлэх ажлыг эрчимжүүлнэ” гэдгийг онцолсон байна. 

БНСУ-ын Хууль зүйн яамны зүгээс гаргасан энэхүү “Ивээл сар” нь хүний нутагт хууль бусаар буюу хараар амьдарч буй хүмүүст олгож буй сайхан боломж. Нутгаа, гэрийнхнээ, ээж аав элгэн садан, энхрий бяцхан үрсээ бэтгэртлээ санана гэдэг амаргүй. Тиймээс ивээлд багтан эх орондоо ирээд эргээд хууль ёсны дагуу тус улсад зорчих боломжтой гэдгийг элэг нэгтнүүддээ дуулгая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж