Засгийн газар “МЦХ”-г аварч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Засгийн газар “МЦХ”-г аварч чадах уу?

Замын үүдийн боомт, улсын хилээр 11,6 кг буюу 691 сая төгрөгийн үнэ бүхий алтыг хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан А.Хүрэлбаатарыг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болсон байна.

“Монголын цахилгаан холбоо” ХК төрийн мэдэлд буцаж ирэхээр болов. Энэ онд хувьчлагдах объектын жагсаалтад багтаж, 7.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан компани төрхөмдөө буцах болсон нь алдагдалтай ажиллах болсонтой холбоотой. 

Монголын төрийн өмчит ууган компанийн нэг тус компанийг 1995 онд хувьчлах шийдвэр гаргаснаар нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40.0 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын 4000 орчим иргэд байгууллага эзэмших болсон юм. Монгол Улсын Засгийн газар ‘Кореа Телеком’-тай 20 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэвч энэ хугацаанд ашигтай ажиллаж чадаагүй, алдагдал “үйлдвэрлэсээр” эцэс сүүлдээ “Кореа Телеком” хувь эзэмшлээ буцаах саналыг Засгийн газарт тавьснаар дээрх шийдвэр гарлаа. 

Хувьцаагаа буцаах саналыг албан ёсоор 2017 оны зургадугаар сарын 15-нд тавьсан байжээ. 

Хуульд зааснаар Засгийн газар сарын дотор багтаан шийдвэрээ гаргах ёстой тул энэ сарын 18-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ кабинетийн гишүүдийн санал бараг тэнцэж, нэг саналын зөрөөгөөр ‘Монголын цахилгаан холбоо’ компанийг төрийн мэдэлд буцаан авах болсон байна. 

Олон улсын гэрээгээр хоёр тал өөрийн эзэмшдэг хувьцаагаа зарах юм уу, аль эсвэл өөр этгээдийн нэр дээр шилжүүлэх болбол хоорондоо зөвшилцөнө гэж заасан байдаг. Иймээс “Кореа Телеком” корпорацын зүгээс Засгийн газарт хандан 10348111 ширхэг хувьцааг 2.550.000 ам.доллараар худалдах саналаа тавьжээ. Анх 4.5 сая ам.доллараар худалдаж байсантай харьцуулахад үнэ хямдарсан. 

Хэдийгээр төрд энэ хэмжээний бэлэн валют байхгүй ч бусдад худалдах шийдвэр гаргаагүй нь ‘Монголын цахилгаан холбоо’ компанийн 800 ажилтныг бодсон алхам гэж тайлбарлах хүн ч байна. 

Гол нь алдагдалтай ажилладаг компани төрд ирснээр ачаа нэмж, аранга болохоос цаашгүй тул дампуурчихалгүй өдийг хүргэсэн “Монголын цахилгаан холбоо”-г төр ямар менежментээр өөд нь татаж, амь оруулах вэ гэдэг хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал болж хувирч буй юм. 

Тус компани өөрийн гэсэн байргүй, бусдын байранд түрээс төлж үйл ажиллагаагаа явуулдаг аж. Нийт 800 гаруй ажилтан, албан хаагчидтай. Алдагдалтай ажиллах болсон үндсэн шалтгаан нь үүрэн холбооны оператор компаниудад орон зайгаа алдах болжээ. 

Уг нь “Кореа Телеком” корпораци “Монголын цахилгаан холбоо”-ны 40 хувийг хувьчилж авсан үеэс үүрэн холбооны сүлжээгээ оруулах тусгай зөвшөөрлийг хүсэж ирсэн ч манай тал хүлээж авалгүй өдийг хүргэжээ. 

Төр ихэнх хувийг нь эзэмшдэг компанид үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нь илүү давуу эрх бий болгоно гэж үзэж ирсэн нь эцсийн дүндээ алдагдал хүлээх шалтгаан болж, нөгөө талдаа энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийнхэнд монополио тогтоох боломж бүрдүүлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй аж. Эцсийн дүндээ төрийн мэдлийн компани нь дампуурахдаа тулсан нь хувийн хэвшлийн лоббид хэт автсаных нь үр дүн ч гэж тайлбарлах хүн байгаа юм. Гэхдээ төрийн оролцоотой аж ахуйн нэгж бүр ашигтай ажилласан түүх ховор. Ихэнх тохиолдолд алдагдалтай ажиллаж буйн зэрэгцээ улс төрийн нөлөө асар их бий. Тиймээс шууд утгаар нь хүлээн зөвшөөрөх бас амаргүй. 

Одоо төр “Монголын цахилгаан холбоо” компанийг дампууруулалгүй авч үлдье гэвэл “Харилцаа холбооны сүлжээ” компанитай үйл ажиллагааг нь нэгтгэхээс өөр замгүй гэж гарц хайгчид бас байна. Тэр цагт алдагдал багасч, үйл ажиллагаа нь жигдрэх бололцоо гарч ирэх бололтой. 

Засгийн газрын төрд буцаан авах шийдвэр нь алсдаа ийм зорилго агуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм. 

Тус компани суурин утасны үйлчилгээ, интернетийн үйлчилгээ, кабелийн телевизийн үйлчилгээ, лавлах үйлчилгээ, олон улсын ярианы үйлчилгээ эрхэлдэг ч жил ирэх тусам эдгээр үйлчилгээний орон зайг гар утасны оператор компаниудад алдаж буй аж. Иймээс төрд ирэнгүүт үйл ажиллагаа нь цэцэглэж, алдагдал нь буурна гэж итгэхэд бэрх байна. 

Хувьцаагаа худалдах шийдвэр гаргасан “Кореа Телеком” корпораци нь Азидаа харилцаа холбооны салбарт тэргүүлэгч, ашиг нь 22 тэрбум ам.доллараар хэмжигддэг тус корпораци 20 гаруй жилийн хугацаанд гар хумхиад суугаагүй. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татаж, техник, технологийг шинэчилсэн. Гэвч хүссэн үр дүнг гаргаж чадаагүй учраас төрд буцаах шийдвэр гаргалаа. 

Компаниудаа ашигтай ажиллуулж чаддаггүй төр харин “Монголын цахилгаан холбоо”-г аварч чадах уу гэдгийг цаг хугацаа харуулах боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж