Эрх баригчдын халуун өдрүүд

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эрх баригчдын халуун өдрүүд

Одоогоос яг нэг жилийн өмнө парламентын үнэмлэхүй олонх МАН “мэргэжлийн” гэсэн тодотголтой Засгийн газраа байгуулж байжээ. Ингэхдээ сайдуудын томилгоог УИХ шөнө дөлөөр хуралдан баталж байсан юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН-ын “мэргэжлийн” Засгийн газар юу хийсэн бэ? Үнэндээ энэ асуултад зургадугаар сарын 26 болоод долдугаар сарын 7-ны өдөр үнэмлэхүй олонхийн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжээгүйгээр иргэд хариултаа өгчихсөн.

ОУВС-тай амаргүй яриа хийсний эцэст Монгол улс гурван жилийн хугацаатай нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн шугамыг нээж чадсан нь энэ Засгийн газрын нүүрийг тахлах ганц зүйл. Энэ хүрээнд эхний ээлжийн 38.6 сая ам.доллар сонгуулиас өмнө орж ирсэн. Гэвч ОУВС-тай тохиролцсон эдийн засаг, санхүүгийн шинэтгэлийн хүрээнд долоон төрлийн татварыг нэмсэн нь МАН-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөрөөс буцсан хэрэг байсан. Сүүлийн хэдэн сонгууль дараалан улстөрчдийн төсвийн мөнгөөр “халамжлах” амлалтад бялуурч гүйцсэн сонгогчдын хувьд татвар нэмэх шийдвэр цохилт байсан. Ацан шалаанд орсон эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдын санал авах зорилготой хэд, хэдэн популист шийдвэр гаргасны нэг нь Хүүхдийн мөнгө байлаа. Гэсэн ч эдгээр популист шийдвэрийнхээ үр дүнг эрх баригчид үзэж чадалгүй Ерөнхийлөгчийн суудлыг Ардчилсан намд алдсан. Харин тохирсон ярьснаасаа буцаж төсвийн мөнгийг улс төрийн зорилгоор тараасан нь одоо асуудал үүсгээд байна. ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт ирж, эрх баригчдаас ам асууж байна.

ОУВС-тай хийсэн хэлэлцээр Монголын хувьд маш чухал байсан. Энэ хэлэлцээр амжилттай болж чадах эсэхээс хамаарч бусад донор орнуудаас авах Засгийн газар хоорондын зээлүүдийн асуудал Монголд нааштайгаар шийдэгдэх байсан юм. Тиймээс ОУВС-тай хийсэн тохироогоо зөрчсөн нь араасаа гинжин урвалаар таагүй үр дагаврыг авчрах магадлалтай.

Харин энэ он гарсаар нүүрсний экспорт нэмэгдсэн нь эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжрахад нэмэр боллоо. Энэ нь дэлхий нийтийн анхааруулга сануулгыг үл тоон цөмийн пуужингийн туршилтаа үргэлжлүүлэн хийсээр байгаа Хойд Солонгост сургамж өгөх үүднээс Хятад улс тус улсаас нүүрс импортлохоо зогсоож, энэ хэрэгцээгээ Монголын нүүрсээр орлуулсан нь бидэнд зол боллоо.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар халаа сэлгээ хийгээд амжсан. БСШУС-ын сайдаа зургадугаар сарын эхээр огцруулж шинэ сайд томилсон.

Ерөнхиийлөгчийн сонгуульд дэндүү муу оролцсоноос үүдэн МАН дотор ан цав хэдийн үүссэн бөгөөд ирэх намрын өдрүүд эрх баригчдын хувьд дэндүү халуун байх нь ойлгомжтой байна. Энэ ан цав Засгийн газрын нэг биш сайдын суудлыг ганхуулна гэсэн яриа байна.

Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “давхар дээл”-тэй сайдуудыг цөөлөх асуудлыг сөрөг хүчин байхдаа алга ташин дэмжиж байсан МАН өөрсдөө олонх болонгуут Ардчилсан намын үеийхээс илүү олон “давхар дээл”-тэй сайдуудтай болсон нь мэдээж сайшаалын үг дуулгаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж