Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Нагоя башёд түрүүлж, 39 дэх түрүүгээ хүртсэн. Тэрбээр тус башёд озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулж, хамгийн олон ялсан бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Япончуудын бахархал озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдахдаа ийм амжилт үзүүлж байсан юм.
Нагоя башё онцлог ихтэй болсон. Тус башёд дөрвөн аварга /ёкозүна/, гурван арслан /озэки/ цолтон барилдсан учраас өрсөлдөөн ширүүн байна гэдэг нь эхнээсээ тодорхой байсан. Гэвч шинэхэн аварга Кисэносато эхний өдөр, аварга Какүрюү М.Ананд гурав дахь өдөр өрсөлдөгч бөхдөө унасан. Улмаар тэд башёгийн дундаас тэмцээнийг орхисон юм. Тиймээс их аварга Хакүхо, Харүмафүж нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх болов уу гэж таамаглаж байлаа. Гэхдээ аварга Харүмафүжи Д.Бямбадорж эхний хоёр өдрийн барилдаанд мөн л унаж орхисон нь энэ таамгыг эвдсэн.
Какүрюү М.Ананд, Кисэносато нарын аварга башёг орхиж, Харүмафүжи хэд хэд унасан ч Хакүход өрсөлдөгч олон байлаа. Болгарын бөх Аояама түүний гол өрсөлдөгч байсан бөгөөд тэрбээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн араас ганцаараа нэхэж 13 даваатайгаар башёг өндөрлүүлсэн. Гэхдээ Аояама маэгаширагийн 8-с барилдсан учраас чансаа өндөр бөхчүүдтэй барилдаагүй юм. Гэхдээ тэр Нагоя башёгийн гол шагналын эзэн болж чадсан.
Башё эхлэхээс өмнө Хакүхо 39 дэх түрүүгээс гадна озэки Кайогийн амжилтыг эвдэн гэдгээ амалсан. Тэр амлалтаа биелүүлж чадлаа. Түүнийг энэ башёд давсан ганц бөх бол сэкиваке Митакүми юм. Тэрбээр их аваргыг 11 дэх өдөр давсан бөгөөд улмаар башёг 9 даваатай өндөрлүүлсэн.
Нагоя башёг Харүмафүжи Д.Бмябадорж 11, озэки Такаясү 9 даваатай өндөрлүүлсэн бол озэки Гоэйдо 7 даваатайгаар башёг дуусгалаа.
Хакүхогийн гол өрсөлдөгч Болгарын бөх Аояама /баруун гар талд/ 13 даваатайгаар башёг өндөрлүүллээ.
Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын барилдаанд 1000 давааг авч, улмаар 2016 оныг 1008 даваатайгаар өндөрлүүлж байсан юм.
Хакүхо мэргэжлийн сүмод 20 орчим жил барилдах хугацаандаа олон рекордын эзэн болж чадсан. Цаашид ч түүнд амжилтуудаа өсгөх боломж бий. Тэрбээр дээд зиндаанд 36 удаа түрүүлсэн амжилтаар нэгд, ялагдалгүйгээр 11 түрүүлсэн амжилтаар мөн нэгд бичигддэг бол долоон удаа дараалан түрүүлсэн амжилтыг Асашёорюү Д.Дагвадоржийн хамт эзэшдэг юм. Мөн нэмэлт барилдаанд 10 удаа гарч, зургаан удаа ялсан амжилтаар Таканохана аваргаас эрэмбэ дээгүүр, Макүүчи буюу дээд зиндаанд 880 давсан амжилтаар нэгд бичигдэж байна. Тэрбээр жилд зохиогддог 90 барилдаанд 86 давсан амжилтыг хоёр удаа үзүүлж, хамгийн олон башё дараалж арав давсан ялалтаараа мөн тэргүүнд бичигддэг юм.
Хакүхогийн хувьд мэргэжлийн сүмод эвдэж чадаагүй гурван амжилт байсны хоёрыг нь энэ ондоо багтаан эвдэх зорилго тавьсан. Тэрбээр долдугаар сарын тэмцээнд хамгийн олон ялалт авсан Кайогийн амжилтыг ахиуллаа. Мөн одоо түүнд аварга цолтой хамгийн олон башё барилдсан амжилтыг эвдэх үлдээд байна. Энэ амжилтыг ёкозүна Китаноүми аварга 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг билээ. Харин Хакүхогийн хувьд Нагоя башё 60 дахь башё юм. Мөн түүний өмнө ёкозүна Фүтобаяама 69 даваа үргэлжлүүлэн давсан амжилт байна.
Ийнхүү Японы мэргэжлийн сүмод 20 гаруй жил барилдахдаа олон олон амжилтын эзэн болж байгаа их аварга Хакүхо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1050 дахь даваагаа авлаа.
Өнгөрөгч гурав, тавдугаар сарын башёд амжилт муутай барилдсан ч долдугаар сарын тэмцээнийг 14 даваа, нэг унаатайгаар өндөрлүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирнэ.
Озэки Кайо 1988-2011 оны хооронд 1047 давааг авч хамгийн олон ялалт авсан рекорд амжилтыг тогтоосон юм. Тэгвэл энэхүү амжилтыг Хакүхо М.Даваажаргал давтаж, улмаар 1050 болгон ахиуллаа.
Нагоя башё эхлэхээс өмнө олон алдартнууд Хакүход амжилт хүсэж байсан. Тэрбээр долдугаар сарын башёд 39 түрүү, 1047 давааг авах зорилготой тавьж байснаа биелүүлж чадлаа. Хакүход Японы олон алдарт бөх, чөлөөтийн домог, олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшида башё эхлэхээс өмнө амжилт хүсэж байсан юм.