Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам Турк улсын Самсун хотноо эдгээр өдрүүдэд болж байна. Чимээгүй олимп гэгддэг тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд зарим төрлийн медальтнууд тодорч эхэллээ.
Манай улсаас тус наадамд жүдо бөх, чөлөөт бөх, буудлагын төрлөөр нийт 16 тамирчин оролцож байгаа бөгөөд жүдочид медалийн салхийг хагаллаа.
Жүдо бөхийн төрөлд зодоглосон манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Б.Мөнх-Оргил хүрэл медаль хүртэж, багийнхаа медалийн буухиаг эхлүүлэв. Тэрбээр чимээгүй олимпиос гурав дахь медалиа хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Б.Оюундэлгэрэх мөнгө, 52 кг-д Г.Лхагвасүрэн хүрэл медаль хүртлээ.
Голынх нь Б.Мөнх-Оргил
Манай жүдочдын амжилт хүнд жинд үргэлжлэв. Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Д.Баасандорж мөнгө медаль хүртлээ. Тэрбээр хэсгээ тэргүүлж, улмаар хагас шигшээд Бразилийн Силва Клейтонг цэвэр ялсан ч ОХУ-ын Попов Константинд цэвэр ялагджээ.
Энэ жил 37 настай Д.Баасандорж улсын заан Р.Давааням агсны том хүү бөгөөд сүмогийн их аварга Харүмафүжигийн ах юм. Тэрбээр жүдо бөхөөр тогтмол хичээллэж, чимээгүй олимпийн дэд аварга боллоо.
Д.Баасандорж
Мөн 81 кг-д Б.Наваанжамц, 70 кг-д М.Чимэдлхам нар хүрэл медаль хүртлээ.
“Самсун 2017” наадам хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, волейбол, талбайн теннис, дугуй, гольф, усанд сэлэлт, буудлага, гандбол, жүдо бөх зэрэг спортын 21 төрлөөр зохиогдож байна.
Энэхүү наадам бол манай баг тамирчдын хувьд зургаа дахь наадам бөгөөд одоогоор жүдо бөхийн төрлөөс нижгээд медаль хүртээд байна.
Ч.БОЛОР