Linkin Park хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон амиа егүүтгэсэн эмгэнэлт мэдээллийн араас тус хамтлаг Хойд Америк дахь аялан тоглолтоо цуцалж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Хамтлагийн арын албыг хариуцан ажилладаг Live Nation компани энэ тухай мэдэгдэж, борлогдсон тасалбарын мөнгийг буцаан олгох болно гэв.
“One More Light” нэртэй аялан тоглолт ирэх пүрэв гаригт Массачусетс мужийн Мэнсфилд хотоос эхлэх ёстой байлаа.
Лос-Анжелес хотын тойргийн Шүүх шинжилгээний байгууллагаас Честер Беннингтон хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн болохыг мэдэгдсэн юм.
Зургаан хүүхдийн аав Честер 41 насандаа нас барсан. Түүний цогцсыг орон нутгийн цагаар долдугаар сарын 20-ны 09.00 цагт гэрээс нь олжээ. Тэрээр сүүлийн жил гаруй хугацаанд мансууруулах бодис, архины донтолтын эсрэг эмчилгээ хийлгэж байсан бөгөөд сэтгэл гутралд автаж, амиа хорлох талаар ч бодож байсан тухайгаа ВВС-д өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Linkin Park хамтлаг 1996 онд байгуулагдсан бөгөөд дэлхий даяар 70 сая гаруй цомог борлуулжээ.
С.ЦЭЛМЭГ