Арабын ертөнц дэх хөрш орнуудаас тавьж буй бойкотыг зөөлрүүлэхийн тулд Катарын эмир хэлэлцээ хийх санал гаргалаа.
“Катарын хямрал” гэгдээд буй энэ хэрэг мандсанаас хойш Шейх Тамим бин Хамад Аль-Тани анх удаа олон нийтэд хандсан үгэндээ “аливаа шийдвэр, гарц нь Катарын тусгаар тогтнол, хараат бус байдлыг хүндэтгэн үзэх ёстой” гэсэн байна.
Катар улсыг терроризмыг дэмжиж, санхүүжүүлдэг, Ирантай ойр харилцаатай байдаг зэрэг үндэслэлээр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Бахрайн болон Египет гэсэн Араб ертөнцийн хүчирхэг дөрвөн улс Катартай дипломат харилцаагаа тасалсан билээ. Улмаар тэд Катарын эсрэг бойкот зарлаж, 13 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Сүүлд 13 зүйл шаардлагыг зургаа болгож, зөөлрүүлсэн ч Катар энэ асуудлаар ямар нэг хариу өгөөгүй байна.
Харин Катар терроризмтэй холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.
Катарын эмир телевизийн сувгаар цацсан мэдэгдэлдээ “Үүсээд буй асуудлыг шийдвэрийг тулд яриа хэлэлцээ хийхэд Катар улс бэлэн” гэжээ.
Хөрш орнуудын бойкотын улмаас Катар улс бүхий л хэрэгцээт бараа, хүнсээ усан болон агаарын замаар тээвэрлэж байгаа юм. Катар бол 2.7 сая хүн амтай, байгалийн хийн баялаг нөөцтэй улс билээ.
С.ЦЭЛМЭГ