АНУ-ын сенатор Жон Маккейн тархины хорт хавдартай гэж оношлогдсоныг Ройтерс агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр тромбоос шалтгаалж глиобластомтой болсон гэжээ.
Өмнө нь Маккейн зүүн нүднийхээ хэсэг дэх тромбыг авахуулах мэс засал хийлгэсэн аж. Тэр үед америкийн зарим мэдээллийн хэрэгсэл хорт хавдраа эмчлүүлсэн хэмээн мэдэгдэж байсан юм.
Маккейний мэс засал хийлгэсэн Аризона мужийн Финикс дэх Mayo Clinic-ийн мэдэгдсэнээр “сенатор болон түүний гэр бүл цаашдаа ямар эмчилгээ хийлгэх талаар судалж байгаа бөгөөд химийн эмчилгээ болон цацрагийн эмчилгээг хослуулж болох юм” гэжээ.
“Мэс засал хийлгээд, эрүүл болоод ажилдаа эргэн ирнэ” гэж Маккейн амлаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хурдан эдгэхийн Маккейнд хүсээд түүнийг “тэмцэгч” гэж нэрлэжээ. Мөн АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар сенаторыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэв.
Глиобластом нь тархины хорт хавдар дундаа хамгийн өргөн тархсан, хамгийн хоруу чанартай нь билээ. Эмчилгээ хийлгэхгүй тохиолдолд глиобластомтой хүн дунджаар хэдхэн сар л амьдардаг бол химийн болон цацрагийн эмчилгээг хослуулбал 15 сар орчим насаа уртасгаж болно гэж үздэг. Гэвч зарим өвчтөн хоёр жил хүртэл амьдрах нь бий.
Маккейн бол удам дамжсан цэргийн гэр бүлд төрсөн. Түүний өвөө, аав нь АНУ-ын Тэнгисийн цэргийн дөрвөн одот адмиралууд байжээ. Тэрбээр АНУ-ын Тэнгисийн цэргийн академийг төгсөөд нисгэгч болсон юм. 1967 онд Вьетнамын дайны үеэр Ханойд Маккейний онгоцыг Зөвлөлтийн пуужин унагаж тэрбээр олзлонд таван жил хагасыг өнгөрөөж байлаа. Маккейн нэгдүгээр зэргийн ахмад цолтой зэвсэгт хүчнээс халагдсан ажээ.
1982 онд Маккейн Бүгд найрамдах намд элссэн. Дөрвөн жилийн дараа Аризона мужийн сенатороор сонгогдож өдийг хүртэл энэ албан тушаалыг хашиж байгаа юм. 2008 онд бүгд найрамдахчууд Маккейнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлсэн боловч Барак Обамад ялагдсан билээ. 2015 оноос сенатор Конгрессийн Дээд танхимын зэвсэгт хүчний комиссийг ахлах болжээ.
Маккейнийг Оросын эсрэг байр сууриар нь хүмүүс сайн мэднэ. Тавдугаар сард л гэхэд тэрбээр ОХУ-ыг “Исламын улс” бүлэглэлээс ч илүү дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж мэдэгдэж байв. Мөн тэрээр Цагаан ордон ямар нэг байдлаар Орост тавьж буй хоригоо зогсоох үед хориг тавих эрхийг Конгресст өгөх хуулийн төслийн ажлын хэсэгт мөн оржээ.
Бэлтгэсэн Р.ЕНДОНЖАМЦ