Онцлох ярилцлага: Хэн юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2017.07.22-нд нийтлэгдсэн

Онцлох ярилцлага: Хэн юу хэлэв?

Ерөнхий боловсрол олгож буй улсын болон хувийн бүх сургуулийн дүрэмт хувцсыг ирэх хичээлийн жилээс жигдрүүлэхээр болсон тухай БСШУЯ-наас мэдээлж байна.

МАН-ын Бага хурлын гишүүн М.Ганбаатартай ярилцлаа.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч МАН-ын гишүүд намынхаа удирдлагад хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхэлсэн байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ын дүрэмд аливаа сонгуульд ялагдвал шат, шатандаа хариуцлага хүлээнэ гэж заасан. Энэ дүрмийг намын удирдлагууд баримтлах хэрэгтэй. Ер нь бол Монголд намын дүрэм гэлтгүй хууль ч гэсэн дээд шатандаа үйлчилдэггүй, доороо хэтрүүлэн хэрэгждэг тогтолцоо бий болчихсон. Намын жирийн гишүүдэд намын дүрэм бол хууль, намын удирдлагуудад дүрэм биш байж болохгүй. Нэгэнт сонгууль удирдаж чадаагүйгээс ялагдсан бол хариуцлагаа дээрээсээ эхлээд хүлээх ёстой. Намын төв штабаас эхлэн хариуцлагаа хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Алдаа гаргаад хариуцлага хүлээнэ гэдэг бол дэлхийн хаана ч байдаг том соёл. 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга бол намд хамгийн чухал албан тушаалтан. Энэ хүн улс төрийн соёл гаргаад өөрөө өргөдлөө өгөх ёстой. МАН бол зөв нам. Энэ нам зөвөөрөө үлдэхийн тулд удирдлагууд нь улс төрийн соёл гаргаж, огцрох ёстой.

https://www.news.mn/c/1?id=5467


‘ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХЫГ ОРОЛДОХ НЬ ГАРЦААГҮЙ’

Хуульч, судлаач Р.Очирбалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч сонгогдож ажилдаа орсон. Ерөнхийлөгч багаа хэрхэн бүрдүүлэх бол. Засгийн газар, Ерөнхийлөгчийн баг мэргэжлийн байх ёстой гэдэг ч байдал өөр байдаг?

-Хуульд зааснаар Ерөнхийлөгч Тамгын газрын дарга болон зөвлөхөө томилох эрхтэй. Эхнээсээ томилгооны асуудал шийдэгдэж эхэлж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан З.Энхболд томилогдсоныг нэг талаасаа туршлагатай улстөрч гэж сайшаах хүмүүс байх хэдий ч нөгөө талаас төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа төрийн албан тушаалтны зэрэг харгалзахгүйгээр алба хашдаг Монгол улсад зуршил болон тогтсон өнөөгийн байдлыг шүүмжлэн хэлэлцэх хүмүүс ч байна. Үнэндээ улс төрийн албыг шилдэг сайн удирдагчид биш харин улс төрд олон жил тодорхой алба хашсан хүмүүс ээлж дараалан барьж байгаа нь бодит үнэн. Сонгуулийн дараагаас Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох боломжтой хүмүүсийн талаарх таамаг яригдаж эхэлсэн. УИХ-ын сонгуульд АН цөөнх болсон учраас зөвлөхийн албан тушаалд томилогдох сонирхолтой хүмүүсийн тоо ч олон байгаа байх. Хууль тогтоох байгууллагад МАН дийлэнх олонхийн суудал авсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах асуудал хүчтэй яригдаж байгаа үед Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд хэрхэн оролцсон байдлаас илүүтэйгээр асуудлаа мэддэг, мэргэшсэн, бодлого боловсруулах чадвартай хүмүүсийг зөвлөхөөр томилох нь зүйтэй байх. Мэргэжлийн Засгийн газар, мэргэжлийн баг гэж ярьдаг нь мэргэжлийн гэх ойлголтын стандарт бүрдээгүй байгаагаас үүдэн ямар ч баг өөрсдийгөө мэргэжлийн гэж цоллодог болоод нилээд олон жил өнгөрлөө.

https://www.news.mn/c/1?id=5350


‘Х ТҮЦ ОРЧУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛДЭГГҮЙ’

“Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш, доктор, профессор Д.Болдбаатартай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Хятад хэл сурах гэж хүмүүс хошуурсан өдгөө цагт биш социализмын он жилүүдэд хятад хэлний мэргэжилтэн болохоор зориг шулуудсаны учир юу вэ. Ямар нэгэн нөлөө байсан уу. Орчуулга хийхээс халшрах, төвөгшөөх үе гарч байв уу?

-Бид нарын үед мэргэжлээ өөрийн дураар сонгох боломж тэр болгон байгаагүй юм. Би эхлээд МУИС-ийн Монгол хэлний ангид орчихоод нэг жил суралцаад хоёрдугаар курсэд дэвшин суралцаж байтал намрын нэгэн нартай налгар сайхан өдөр хэл шинжлэлийн алдартай эрдэмтэн Чой.Лувсанжав багш маань манай ангид орж ирээд «Хятад хэлний ангид нийгмийн ухааны салбарт онц сайн сурсан хүүхдүүдээс шалгаруулж авдаг уламжлалтай юм. Танай ангиас элсэх сонирхолтой хүүхдүүд байна уу?» хэмээн асуухад нь гар өргөж босоод орчихсон хэрэг. Тухайн үед гаргасан гэнэтийн шийдвэртээ өнөө хэр харамсаж байсан удаа үгүй. Тэр нэг удаагийн сонголт маань цаашдын зам мөрийг хөтлөн хөтөлсөөр орчуулгын орд цагаан өргөөний босгоор алхан оруулсан юм даа. Орчуулгын ажил одоо миний хувьд алхаж байгаа шиг, амьсгалж байгаагаас өөрцгүй амьдрах хэвшил маань болон хувирсан болохоор тэгтлээ түүртэж төвөгшөөгөөд байх байдаггүй.

-“Чонон сүлд”, “Чингис хаан”, “Мөрөн голын шулам хүүхэн”, “Журамт бүсгүй Лү Би Лянь”, “Бэлтрэгхэн” зэрэг 30 гаруй ном, “Цаст уулын нисдэг үнэг”, “Сюэкө бүсгүйн хувь заяа”, “Хуаньжу гэг”, “Чингис хаан” зэрэг олон ангит кинонуудаар тань хүмүүс таныг андахгүй. Энэ олон бүтээлийг эх хэлнээ буулгаж, уншигч, үзэгчдийг татахын тулд та хэдий хэр цаг хугацааг зарцуулсан бол. Хамгийн төвөгтэй болон хамгийн амархан гараас гарсан бүтээл тань юү вэ?

-Би бараг 1500-гаад анги кино орчуулсан байдаг юм. Нэг анги киноны орчуулга хамгийн багаар бодоход 10 хуудас гэж тооцвол 15 000 хуудас болж таарна. Түүнийг давхарлаад үзвэл нэлээд хэдэн давхар байшинтай тэнцэх байх аа. Түүнээс гадна олон хэлний толь бичиг, сурах бичиг болон уран зохиолын номуудыг нэмбэл чамгүй өндөрсөх нь тодорхой. Зарцуулах хугацаа бол харьцангуй л даа. ‘Чонон сүлд’ бол бас л орчуулахад амаргүй том ном. Гэтэл би түүнийг 26 хоногт орчуулж байсан. Гэсэн атал ‘Гурван улсын үлгэр’ зохиол дээр гардаг нэг шүлгийг гараас гаргах гэж бүтэн долоо хоног ноцолдох жишээтэй. ‘Цаст уулын нисдэг үнэг’ 40 ангит киног ердөө 10 хоногт орчуулж байсан. Харин ‘Гурван улсын үлгэр’ романыг таван жил оролдож байж гаргасан гэхээр хэр зэрэг хүч хөдөлмөр зарцуулсан нь ойлгогдоно. 

https://www.news.mn/c/1?id=5555


“МОНГОЛД ДАХИН ХӨЛ ТАВЬСАНДАА БАЯРТАЙ БАЙНА”

Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчи /Станзин Наваан Жигмэд Вангчук/. Гэрэл зургийг Н.Батмөнх /2017.07.19/

Арилсан хутагтын орны номын их элч Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчи /Станзин Наваан Жигмэд Вангчук/ өнөөдөр /2017.07.19/ 10:00 цагт Улаанбаатар хотод морилон ирлээ. Тэрбээр Бакула ринбүүчийн Бэтүб данжай чойнхорлин хийдэд ирж, сүсэгтэн олонтой уулзах үеэрээ “Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая. Би Монголд дахин ирсэндээ маш их баяртай байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье” хэмээн мэндчилсэн юм.

Дээрхийн гэгээн XIV далай ламын тодруулсан 20-р дүрийн Бакула Ринбүчийг урьдын гэгээний Улаанбаатар хотноо байгуулсан Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах шашин номын ёслолын үйл ажиллагаа 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр болох ажээ.

Ингээд 20 дахь Бакула ринбүүчийн урьд дүрийн итгэлт ойрын шавь байсан, ламын өөрийнх лүндэнгээр ирээдүйд тодрох дүрд ном эрдэм зааж, туслахаар захисан, тарнийн ёсонд мэргэшсэн Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчийн Ёнзон багш Гэвш, Лхаарамба Түвдэнравжаагийн яриаг хүргэж байна.

-Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчи Монголд өнөөдөр заларлаа. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Урьд дүрийн гэгээнтэн ч гэсэн хожим бурхны шашин, ялангуяа Монголын бурхны шашинд тус дэм болох. Тэр дундаа ганц төрлөөр бус цаашдын төрөл төрөлдөө үйл хэргээ үргэлжлүүлэн зохиохын тухайд Монголд тусгайлан хийд барьсан явдал үүнтэй холбоотой гэж айлдаж байсан. Өнөөдөр биднийг Монголчууд Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчиг хүлээн авч байгаа байдал нь Монголд багшийн маань улбаа тасраагүй байгааг харуулж байгаад сайхан байна.

https://www.news.mn/c/1?id=5530


Ц.СОДНОМДОРЖ: АЛДАА ГАРГАВАЛ НЭГИЙН ДАВААНД Ч УНАЖ БОЛДОГ. ДАВАА БҮР ХҮНД БАЙЛАА

Ц.Содномдорж бол наадамчин олны түрүүлэх бөхийн тааварт орсон бөхчүүдийн нэг. 2006 оноос эхлэн үндэсний бөхөөр тууштай барилдах болсон гэнэ. Түүнээс биш сонирхсон нь 2003 он аж. Тэрбээр төрийн наадамд ес дэх жилдээ барилдан, ес даван түрүүлсэн нь энэ.

-Энэ жилийн наадамд өнгөтэй байж олон жил хүлээсэн түрүүгээ авлаа. Таныг дэмждэг бөх сонирхогчид дэндүү ихээр баярлаж байна даа?

-Баярлалаа. Төрийн наадамдаа анх удаа түрүүлсэндээ үнэхээр их баяртай байна. Энэ амжилтыг гаргах хүртэл тусалж дэмжсэн ШШГЕГ, түүний харьяа “Сүлд” спорт хороо, “Монос” групп, намайг анх бүх талаар дэмжиж өөрийн компанийн нэрийн өмнөөс барилддаг бөх болгосон “Монгол буйдан”-гийн захирал Ч.Ганбат ахдаа болон төрүүлж, өсгөсөн ижий, аавдаа миний ар гэрийг маш сайхан авч авдаг хань О.Уянгадаа, мөн ах, дүү, найз нөхөд, хамаатан садандаа маш их баярлалаа. Түүнчлэн Хөвсгөл аймгийнхаа нутгийн зөвлөл, зон олондоо талархал илэрхийлье. Цаашид энэ өндөр цолыг дааж явахын төлөө, цолоо ахиулахын төлөө хичээх болно. Наадамчин олон, бөхөд хайртай ард түмнээ олон жил баярлуулна аа.

-Нэгийн даваанаас эхлээд л өнгөтэй харагдаад байсан. Наадамчин олон ч таныг түрүү бөхийн тааварт зүй ёсоор нэрлэсэн?

-Наадмын бэлтгэлийг минь хангалцсан Хөвсөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Сүлд” спорт хороогоор овоглодог бөхчүүд, дасгалжуулагч нарын минь ач шүү дээ. Улсын арслан Х.Мөнхбаатар, харцага Г.Элбэг, Г.Ганхуяг гээд олон сайхан ах нар минь надад харамгүй тусалж, бэлтгэл хангасан.

https://www.news.mn/c/1?id=5352


Б.ШИЖИРБАТ: ҮЗҮҮЛБЭРИЙГ МААНЬ 2 УДАА БУЦААСАН

Авьяаслаг монголчууд-2016” шоуны оролцогч Б.Шижирбат Гэрэл зургийг Н.Батмөнх /2017.07.18/

Монголын үзэгчдийг байлдан дагуулсан “Авьяаслаг монголчууд-2016” шоуны оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг америкчууд-2017” шоунд оролцож, нэгдүгээр шатанд тэнцээд байна. Тэрбээр одоогоор эх орондоо байна, “Авьяаслаг америкчууд-2017” шоуны дараагийн шатны бэлтгэлээ базаагаад тун завгүй аж. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Сайн уу? юуны өмнө “Авьяаслаг америкчууд” шоуны нэгдүгээр шатанд тэнцсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монгол Улсаа төлөөлөөд энэхүү тэмцээнд оролцож, эхний шатандаа тэнцсэндээ маш их баяртай байна.Америкт үзүүлбэр үзүүлэхээсээ хоёр хоногийн өмнө очсон. Тэр үеэр “Got talent”-ийн багийнхантай уулзах гээд очиход шоуны багийнхан тэмцээн эхлэх гээд маш их завгүй ажиллаж байсан учраас биднийг үзэгчдийн суудалд суулгасан. Үзэгчдийн суудалд суугаад бараг 7-8 үзүүлбэр үзсэн. Тэр дунд ямар ч сул үзүүлбэр байхгүй байгааг хараад тухайн үед маш их айх, түгших сэтгэгдэл төрсөн. Яалт ч үгүй өөр тайзан дээр ирсэнээ ухаарсан.

“American’s got talent”-ийн энэ жилийн хөтлөгч “American’s top model” шоуны шүүгч, хөтлөгч Tyra Banks байсныг мэдээгүй байхад миний хажууд гарч ирээд надаас сэтгэгдэл асуухад маш их цочирдсон. Бид хоёрын хооронд нэг алхам ч хүрэхгүй зайтай байсан. Энэ нь надад бас маш гайхалтай сэтгэгдэл үлдээсэн.

https://www.news.mn/c/1?id=5481

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж