Хүний аминд санаатай халдсан гэмт хэрэг өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Хүний аминд санаатай халдсан гэмт хэрэг өсчээ

Монгол охидыг БНХАУ-д хуурч аваачиж, улмаар худалдаалсан гэх Б.Сарантуяад холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд боллоо.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 130.417 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 65.2 хувийг эзэлж байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.698-аар буюу 27.5 хувиар буурсан үзүүлэлт гэж албаныхан танилцуулав. 

Нийслэлийн хэмжээнд ойрын өдрүүдэд хоногт дунджаар 1500-2400 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, ажиллаж байгаа талаар өнөөдөр болсон /2017.07.21/ Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр дурьдсан юм.

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл өгөхөөр уг хурлыг зохион байгуулав. 

Хүний аминд санаатай халдсан гэмт хэрэг 56.4 хувиар өсчээ

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 12969 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 8289 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг 1761 тохиолдлоор буюу 17.5 хувиар буурсан байна. Мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63.9 хувь нь нийслэл хотод гарсан гэдгийг цагдаагийн албан хаагчид мэдэгдэв. 

Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг 184 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 17.1 хувиар буурсан үзүүлэлт. Түүнчлэн булаах гэмт хэрэг 52 бүртгэгдсэн нь 45.8 хувиар, хулгайлах гэмт хэрэг 2624 хэрэг буюу 27.3 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 69 буюу 6.7 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 405 хэрэг буюу 7.1 хувиар тус тус буурсан бол хүнийг санаатай хөнөөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг 61 бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхоос 56.4 хувиар өссөн дүн гэлээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 582 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд 2017 оны эхний зургаан сард нийт 246.716 дуудлага, мэдээлэл ирснээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн ангиллын 6582 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь нийт дуудлага, мэдээллийн 2.6 хувийг эзэлж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Хурандаа Ж.Эрдэнэболд танилцууллаа. 

Гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд этгээд нь тодорхойгүй нийт 5189 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 3050 хэргийн яллагдагчаар татагдах этгээдийг олж тогтоосон гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар өсчээ. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж