“Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2017.07.21/ хоёр дахь өдрөө Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд үргэлжилж байна.
Тус хуралд ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Польш, Япон, Казахстан, Унгар, Чех зэрэг орны дэлхийд нэртэй Ганжуур судлаач эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлж буй юм. Тэдний нэг нь Япон улсын Отани их сургуулийн профессор Такаши Мацүкава. Тэрбээр уг эрдэм шинжилгээний хурлын эхний өдөр “Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурын тухай” танилцуулсан байна.
Такаши Мацүкава: Японд Монголын Ганжуур гурав хадгалагдаж байгаа
-Одоогоор Японд гурван монгол Ганжуур хадгалагдаж байгаа. Бас нэг Ганжуур байсан ч одоо үгүй болсон. Эдгээрийн нэг нь бээжин барын монгол Ганжуур юм. Уг Ганжуур нь Бээжинд, Европт, Японд бас байдаг. Энэтхэгт 1970-аад онд фото зургаар хэвлэгдэн гарсан байдаг. Саяхан 2013 онд Хятадад 400 боть гэрэл зургаар хэвлэгдсэн. Тэрнээс гадна Японы Киото их сургуулийн номын санд бичмэл монгол Ганжуур гэж бий. Энэ Ганжуурын талаар тодорхой судалгаа байхгүй. 1928 онд Хятадаас Японд авч ирж, Японы өдрийн сонин дээр танилцуулсан байдаг. Тэр цагаас хойш өөр ямар ч мэдээлэл, зураг байхгүй байдаг. Эрдэм судлаачид уг Ганжуурыг Лигдэн хааны үеийн алтан Ганжуурын нэг хувилбар байж магадгүй гэж үздэг.
Дэлхийн дахинд монгол Ганжуур, Данжуур тархсан байгаа. Энэ талаар эрдэмтэн судлаачид хэлэлцэж, хойшдоо Ганжуур, Данжуурын төвийг байгуулах асуудал гарч ирэх байх гэж бодож байна.
Харин дараагийн монголч эрдэмтэн бол Цэндийн Дамдинсүрэнгийн охин Анна Дамдиновна Цендина юм. Тэрбээр Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ганжуур болон Ганжууртай холбогдолтой судруудыг хуран цугласан эрдэмтэн мэргэдэд танилцуулжээ.
- Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний эрхлэгч, Хүмүүнлэгийн их сургуулийн багш Анна Дамдиновна Цендина:
Аав маань Монгол соёлыг хадгалж, хамгаалахад сэтгэл зүрхээ зориулсан
-Сайн байна уу? Та хэзээ Монголд ирсэн бэ?
-Би Монголд тавдугаар сарын 31-нд ирсэн. Дараа жил аавын маань 110 жилийн ой болно. Тийм учраас бид аавын ойд зориулан эрдэм шинжилгээнийх нь бүтээлүүдээр 10 боть гаргах гэж байгаа. Энэ ажилд маань нэлээд олон хүн хамтран ажиллаж байна. Бас аавын маань гэр музейд байгаа ном судрыг дижитал хувилбарт оруулах ажлаар Монголд ирсэн. Би удахгүй ирэх наймдугаар сарын сүүлчээр буцна.
-Ганжуур судлаач олон улсын эрдэмтэд Монголд анх удаа чуулж байна. Та энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож, ямар илтгэлийг хэлэлцүүлэв?
-Миний хувьд монгол Ганжуурыг тусгайлан нарийн сайн судалсан зүйл байхгүй. Гэхдээ манай аавын гэр музейд Төвд барын Ганжуур бий. Би тэр Ганжуурыг монголын ард түмэн болон гадаадын эрдэмтэн судлаачдад танилцууллаа. Мөн аавын маань гэр музейд Ганжууртай холбоотой хэд хэдэн судрууд байна. Аав маань тэр бүхнийг ямар аргаар цуглуулж, ямар зорилгоор хэрэглэж байсан гээд танилцуулж, илтгэл тавьсан.
-Та бидэнд аавынхаа гэр музейн талаар танилцуулаач?
-Анх манайх 1955 онд Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр байрны баруун талын арктай байранд амьдарч байсан. Тэр байранд би төрсөн. Тэгээд бид ОХУ-руу гарахдаа аавынхаа ном судар, байрыг улсад өргөсөн. Москвад очоод “Манай эцгийн гэр музейг байгуулаач ээ” гэсэн хүсэлтийг тавьсан. Гэр музейд хуучин байсан бүх юм яг байсан ёсоороо л байгаа. Зарим хүмүүс орж ирээд “Нээрээ хуучин ийм юм хэрэглэдэг байсан шүү” гэж их гайхдаг. Манай гэр музейд олон ном судар, аавын гар бичмэлүүд, хэрэглэж эдэлж байсан хуучин тавилгууд байдаг. Аав маань их шүтлэгтэй хүн байсан. Гэвч гэр музей байгуулахаас өмнө бурхан шүтээнийг нь хулгайд алдсан даа.
-Гэр бүлээ бидэнд танилцуулж болох уу?
-Би ганц бие хүн. Хүүхэд байхгүй. Ганцаараа амьдардаг.
-Монголч эрдэмтэн болоход аавын тань нөлөө байсан байх. Одоо ч та аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна?
-Манай аав том эрдэмтэн хүн байсан. Харин миний хувьд аавынхаа ажлыг үргэлжлүүлээд явж байна гэхэд хэцүү. Би чинь жирийн нэг монгол судлаач шүү дээ. Би яахав аавын бүтээлийг сурталчлах, ном бүтээлийг нь хүртээлтэй болгоход л санаа тавьж байгаа. Манай аавын үед хэцүү байсан. Аав маань насаараа Монгол соёлыг хадгалж, хамгаалахад санаа тавьж, сэтгэл зүрхээ зориулсан. Тэр үед хуучин соёлыг бурхан шашны нөлөө, феодолын гэх мэтээр үгүйсгэх хандлагатай байсан. Энэ бүхэнтэй л тэмцэхэд амь насаа зориулсан хүн байсан даа.
-Та хамгийн сүүлд ямар судалгаа хийсэн бэ?
-Би хуучин утга зохиол, монголын түүхийг судалдаг хүн. Тэр ч утгаараа “Эрдэнэзуугийн тууж” хэмээх ном гаргасан. Саяхан “Шар тууж” гэж Петербургт хадгалагдаж буй эртний сайхан ном судрын талаарх ном гаргаад байж байна даа.
А.Сүрэн