Дэлхийн улс орнууд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлд нэгдсээр байна.
Европын комисс 2014 оны аравдугаар сард “zero-waste” хөтөлбөрийг баталжээ.
Энэ хөтөлбөрийн гол зорилт нь үнэ цэнэтэй нөөцийг алдахаас урьдчилан сэргийлэх, түүний дахин боловсруулалтыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, шинэ бизнес-загварыг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах, шинэ ажлын байр бий болгох явдал байв.
Хөтөлбөрийн ойрын зорилго Европын Холбооны бүх нутаг дэвсгэр дээр буй ахуйн хог хаягдлын 70 хувийг, сав баглаа бодлын 80 хувийг 2030 он гэхэд дахин боловсруулах явдал аж. Энэ нь байгаль орчинд эерэг нөлөөтэйгөөс гадна эдийн засагт их хэмжээний хөрөнгө хэмнэх боломжтой гэж судлаачид хэлжээ.
Энэ нь мөчлөгийн эдийн засгийн зарчмыг Европын Холбооны орнуудад хөгжүүлэх хууль эрх зүйн орчин болж өгсөн юм. Мөчлөгийн эдийн засаг бол “Нөөц-Бараа-“Хог Хаягдал” гэсэн зарчимд тулгуурладаг. Мөн хог хаягдлыг үгүй хийх гэсэн ойлголт байдаг билээ.
“The Guardian” мөчлөгийн эдийн засгийн зарчмыг хэрэгжүүлж буй таван лидер орныг танилцуулж байна.
ДАНИ
Дани улсад бүх төрлийн хог хаягдлыг нөөц боломж гэж үзэн, түүнийгээ дахин ашигладаг. Тус улсын Засгийн газар ахуйн бүх хог хаягдлын 50 хувийг 2022 он гэхэд дахин боловсруулдаг болох зорилго тавьжээ.
Мөн тус улсад мөчлөгийн эдийн засгийн зарчмыг хөгжүүлэх, нэг үйлдвэрийн хог хаягдал нөгөө үйлдвэрийн нөөц болдог байх зорилготой тусгай сан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар даничууд хог хаягдлынхаа зөвхөн 23 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг нь шатааж байна. Энэ нь Засгийн газар нь хог шатаах үйлдвэрт асар их хөрөнгө оруулалт хийж байсны тод жишээ билээ. Хогийг шатаах нь түлш болон цахилгаан үйлдвэрлэхэд үр дүнтэй ч түүнээс ялгарч буй утаа асар их хорт элемент агуулдаг ажээ. Энэ бол эмгэнэл юм. Өнөөдрийн байдлаар тус улсын хог шатаах үйлдвэр шинээр барихыг хуулиар хориглосон байна.
НИДЕРЛАНД
Нидерланд улсад хогийг дахин ашиглах хууль бий. Тус хууль нь хуучин автомашин, ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах, цуглуулахад чиглэсэн татварын болон санхүүгийн арга хэмжээг багтаасан дагалдах дүрэмтэй билээ.
Хэдийгээр тус улсад хог шатаах үйлдвэр багассан ч нийт хог хаягдлын 50 хүртэлх хувийг шатаахыг бууруулж чадахгүй байна. Үүний зэрэгцээ, хог хаягдлыг шатаахыг хуулиараа хоригложээ. Тэд хог хаягдлыг шатаах нь шинэ түүхий эдийг бүтээх нөөцийн дахин боловсруулалтын эрэлтийг бууруулж байна гэж үздэг юм байна.
ШОТЛАНД
Өнгөрсөн жил Шотланд улс “Circular Economy 100 Ellen MacArthur Foundation” санд нэгдсэн анхны орон болов. Өнөөдөр энэ санд IKEA, M&S зэрэг 100 гаруй компани нэгджээ. Мөн ойрын гурван жилд мөчлөгийн эдийн засаг руу шилжих төлөвлөгөөтэй засаг захиргааны байгууллага ч орсон байна.
Шотланд улс 2025 он гэхэд хог хаягдлыг 25 хувиар буруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Тухайлбал, нэг удаагийн гялгар уутыг хураан авч, хариуд нь мөнгө төлбөр олгох. Хог хаягдлыг идэвхтэй дахин боловсруулж хийсэн бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт нь өсчээ.
ШВЕД
Хог хаягдлыг дахин боловсруулах эсвэл дахин ашиглахыг цахилгаан техникээр гүйцэтгэх хуульд нэгдсэн бүлэг улсын нэг бол Швед. Энэ улс техникийн дахин боловсруулалтаараа улс орнуудыг тэргүүлэхээр зэхэж байна.
Жил бүр нэг швед хүн дунджаар 23 кг цахилгаан бараа худалдан авдаг. 2020 он гэхэд Швед металлын дахин боловсруулалтыг 70-85 хувь болтол, цаасан баглаа боодлын хаягдлыг 65-85 хувь нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Засгийн газар нь бүтээгдэхүүнээ өөрсдөө дахин боловсруулахыг үйлдвэрлэгчдээс шаардсан хууль баталжээ.
ЯПОН
Европын холбооноос гадна мөчлөгийн эдийн засгийг хэд хэдэн улс сонирхож байна. Тэдний нэг бол Япон. Тус улсад үйлдвэрлэгчид өөрийн бүүтэгдэхүүнээ үйлдвэр дээрээ задалж, дахин боловсруулах хэрэгтэй гэж үзэн, нөөцийг үр дүнтэй ашиглах зорилготой хууль баталжээ. Өнөөдрийн байдлаар тус улсад металлын 98 хувийг хоёрдогч түүхий эдийн төвөөс худалдан авч байна.
Бэлтгэсэн: Ц.Уран