Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгад хүндэтгэл үзүүлэх жагсаал Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг тул Ерөнхийлөгч бүрт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу Сүхбаатарын талбайд зохион байгуулсан хүндэтгэлийн жагсаалд Зэвсэгт хүчний 1000 орчим цэрэг, албан хаагчид нэгдэв.
Морин цагт эхэлсэн ёслолд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХШТ-ын дарга генерал Д.Даваа, УИХ-ын зарим гишүүн, Тагнуулын ерөнхий газар, ОБЕГ-ын дарга, ахмад дайчид, нийслэлийн иргэд оролцлоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга цэрэг дайчдад хандан үг хэлэхдээ,
‘Улс орынхоо бүтэн байдал, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад ололт амжилтыг улбаалан авчирсан төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын баримт бичгээр батлан хамгаалах нөхцөл байдлын чиглэлийг заасан байдаг. Зэвсэгт техникийн шинэчлэл, цэргийн зэвсэг зэрэг олон асуудлыг хамтран шинэчлэх хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Цэргийн албан хаагчид албаа хааж байх үед цалин олгодог болох ‘Нэг цэрэг-нэг үндэстэн’ хөтөлбөр хэрэгжүүлэх нь улс орны ирээдүйд чухал хувь нэмэртэй. Цэрэг техникийн хамтарсан ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно.
Та бид үүнийг хамтран хэрэгжүүлж чадна. Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна. Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байг’ гэв.