-Ази Номхон Далайн бүсийн 31 дэх удаагийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант чуулга долдугаар сарын 27-оос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болно-
Ази Номхон Далайн бүсийн скаутуудын “Майхант цугларалт” буюу Жембори эхлэхэд зургаан хоног үлдээд байна. Олон улсын хэмжээний нэр хүндтэй цугларалтыг зохион байгуулж буй газар нь Монголын Скаутын холбоо. Тус холбооны ерөнхийлөгч Л.Байгалмаа, Жембори зохион байгуулах хорооны дэд дарга Д.Мөнхтулга нар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, “Майхант цугларалт”-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Ази Номхон Далайн бүсийн 31 дэх удаагийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант чуулга долдугаар сарын 27-оос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болох юм байна. Чуулга уулзалтад Ази-Номхон далай, Европ, Америк тивийн нийт 40 орны 2,000 скаут, Монголын 21 аймаг, есөн дүүргийн 4,000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нар нийлээд 7,500 хүүхэд залуучууд оролцох юм. Дөрвөн жилд нэг удаа болдог бүс нутгийн энэхүү цугларалт Монгол Улсад анх удаа болж буй төдийгүй Ази тивийн өндөрлөг, сэрүүн, дөрвөн улирал бүхий улс оронд анх удаа тохиож байгаагаараа онцлог ажээ. Урьд нь зохиогдсон 30 удаагийн Жембори халуун дулаан уур амьсгалтай улс орнуудад зохиогдож байжээ. Өмнөх 30 дугаар Жембори 2013 онд Японд болж, 14 мянган скаут цугласан байна.
Харин манай улсад 7500 скаутууд нэг дор цуглана. Энэ нь Японы цугларалттай харьцуулбал цөөн мэт санагдавч 650 хүүхэд хүлээн авах чадалтай Найрамдал төвийн хүчин чадлаас 10 дахин олон, тэр дундаа гадаадын олон орны скаутуудыг тав тухтай амрааж, цэнгүүлэхийн тулд бэлтгэл их шаардсан гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Цугларалтын үеэр орон орны хүүхдүүдэд эх орноо сурталчлан таниулах, Монголын онцлогийг харуулах сайхан боломж . Энэ жилийн жемборийн уриа “Нүүдэлчдийн зүг” /Go nomad/. Тиймээс ч нүүдэлчин ахуй соёлыг илүүтэй харуулахаар цогцолборыг тусгайлан байгуулжээ. “Нүүдэлчний соёл” цогцолборыг тусгайлан байгуулж, эх орноо сурталчлах гэнэ. Мөн “Адал явдалт”, “Шинжлэх ухаан танин мэдэхүй”, “Браунси арал”, “Нийгмийн хөгжлийн хотхон”, “Чөлөөт цаг”-ийн цогцолборуудыг байгуулах юм байна.
Байгалийн үзэсгэлэнт Баянголын хөндийд зохион байгуулах цогцолборт дотоодын скаутууд олноороо оролцохоор бүртгүүлээд байна. Алслагдсан аймаг сумаас ирж оролцох хүүхдүүдийн замын зардлын асуудал тулгамдаад байгааг эс тооцвол жемборийн бэлтгэл бүрэн хангагджээ. Баян-Өлгий аймгийн нэг сумаас ирэх 17 хүүхдийн зардлыг яаравчлан шийдэхээр ажиллаж байгаа гэнэ. Хүүхдүүд долоо хоног майханд аж төрнө. Хийн зуухан дээр өөрсдөө хоолоо хийж идэхээс эхлээд хүүхдүүдийг амьдралд бэлтгэх томоохон сургууль болох бөгөөд скаутын байгууллагын онцлог ч тэр ажээ. 26 жилийн өмнө үүдээ нээсэн Монголын скаутын холбооныхон эгнээндээ 100 гаруй мянган скаутыг багтаасан байдаг бөгөөд ахмадууд энэ удаагийн жемборид урилгаар оролцоно. Зургаан наснаас эхлэн скаутын холбоонд элсэх эрх нээгдэх бөгөөд “Майхант цугларалт”-д каб скаутын /6-11 насныхан/ төлөөллийг цөөн тоогоор багтаасан гэнэ. 11-17 насныхан голчлон оролцох бөгөөд 18-аас дээш насны гишүүд зохион байгуулах багт багтаж байгаа юм байна.
Д.Цээпил