Аймгийн сайн малчин, шилдэг багш нарыг шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Аймгийн сайн малчин, шилдэг багш нарыг шалгаруулав

Өчигдөр үдээс хойш хуралдсан Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн 2010 оны сайн малчид, шилдэг багш нар, тэргүүний ажиллагаатай сумдыг тодрууллаа.

Аймгийн 2010 оны “Сайн малчин”-аар Баянмөнх сумын Бадгарын Бат-Эрдэнэ, Батноров сумын Магсарын Цэсрэн, Баянхутаг сумын Гомбын Болдбаатар, Хэрлэн сумын Галсангийн Нарангэрэл, Баян-Овоо сумын Борын Пүрэв нар шалгарлаа. Ийнхүү энэ удаа аймгийн сайн малчид бүгд тал хээрийн сумдаас тодорлоо. Тэргүүний тариаланч хамт олноор Баян-Адарга сумын "Идэр-Онон" ХХК-г шалгаруулав.

Жил бүрийн багш нарын өдрийн өмнө аймгийн Засаг дарга шилдэг багш нараа тодруулж шагнах болзол зарласны дагуу энэ жил сургуулиуд 15 багшийн нэр дэвшүүлснийг аймгийн Боловсрол соёлын газрын арга зүйн зөвлөл хэлэлцээд долоон багшийг шалгаруулж Засаг даргын зөвлөлд материалыг ирүүлснийг хэлэлцээд Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн математикийн багш Гомбын Өлзийхутагийг тэргүүн байранд шалгаруулж, өргөмжлөл, 500 мянган төгрөг, Хэрлэн сумын ерөнхий боловсролын I сургуулийн монгол хэлний багш Ганбатын Өнөртуяа дэд байранд шалгарч, өргөмжлөл, 400 мянга, Хэрлэн сумын ЕБ-ын 4-р сургуулийн биологийн багш Анандын Баярбат гуравдугаар байрт шалгарч өргөмжлөл 300 мянга, Хэрлэн сумын 4-р цэцэрлэгийн заах аргач багш Лхагважавын Алтанцэцэгийг цэцэрлэгийн багш нараас Шилдэг багшаар шалгаруулж өргөмжлөл 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ.

Сумдын Засаг даргын тамгын газрын ажлыг аймгийн Засаг даргын 2010 оны 87 дугаар захирамжаар батлагдсан сумдын ажлыг дүгнэх журмын дагуу дүгнэсэн танилцуулгыг хэлэлцээд, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Хэрлэн сумдыг эхний гурван байранд шалгарууллаа. Тэргүүлсэн сумдын Засаг даргын тамгын газар, Хотын Захирагчын ажлын албыг нэг сая төгрөгөөр, Засаг дарга, Хотын Захирагчыг гурван зуун мянган төгрөгөөр шагнаж урамшуулахаар болжээ.

И.Байгалмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж