Дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг гэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн амьдрал хэдийнээс гайхалтай гэмээр нууцлаг байсаар ирсэн. 2014 онд Newsweek сонинд гарсан товчхон мэдээллийг эс тооцвол Оросын хэвлэлүүд ч Путины гэр бүл, хувийн амьдралын талаар дуугарч байсан нь үгүй.
Путины салсан эхнэр Людмила Очеретнаягийн тухай мэдээлэл бол бүр ч хомс. Хамтдаа 30 жилийг үдсэн тэд 2013 оны зургадугаар сард гэр бүлээ цуцлуулж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.
Путины экс-эхнэр Людмила 2016 онд Артур Очеретный гэх эртэй гэрлэж, овгоо сольсон гэдэг. Очеретный Хувь хүний харилцааны хөгжлийн төв хэмээх ашгийн бус байгууллагын захирлаар ажилладаг, Людмилагаас бараг 20 насаар дүү нэгэн ажээ.
Людмила болон Владимир Путин нар дундаасаа хоёр охинтой. Хэдийн нас биед хүрсэн тэдний охидын талаар мэдээлэл тун хомс, хаана, хэрхэн аж төрдөг тухай баттай мэдээлэл байдаггүй.
1983 онд Владимир Путинтэй гэрлэхээс өмнө Людмила ОХУ-ын агаарын тээврийн Аэрофлот компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг байв. Тэр төрөлх орос хэлнээс гадна франц, герман, испани хэлээр “ус, цас” гэнэ. Тэд төрөлх Ленинград /одоогийн Санкт-Петербург/ хотдоо танилцжээ. 1980-аад оны эхээр тэднийг найзууд нь холбож, танилцуулсан гэдэг.
Людмила, Владимир Путин нар хоёр охинтой. Том охин Мария нь 1984 онд, бага охин Катерина нь 1985 онд төржээ. Эцэг, эх нь хоёул тэднийг олон нийтийн анхаарлаас хол байлгахыг хичээдэг. Тиймдээ ч тэдний тухай мэдээлэл тийм ч хангалттай бус. Их сургуульд хүртэл өөр нэрээр суралцан төгсчээ. Путины улс төрийн замнал эхлэх үед тэр эхнэрээ олны хараанаас хол байлгахыг хүссэн гэдэг. Людмилад өөрт нь хүсэл мөрөөдөл, амбиц байсан ч нөхөр нь таашаагаагүй тухай “Ройтерс” мэдээлсэн байдаг. Түүнчлэн Людмила ОХУ-ын Тэргүүн хатагтайн үүрэг хүлээхдээ тийм ч баяртай байгаагүй гэж эх сурвалж ярьжээ.
Людмилагийн тусгай арга хэмжээний гоёлыг урлаж байсан Оросын дизайнер Слава Зайцев 2013 онд “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Людмила аялах дургүй, бас олон нийтийн өмнө гарах дургүй тухайгаа үргэлж ярьдаг байсан. Тэр энэ үүрэг хариуцлагад бэлэн биш байсан” гэж ярьжээ.
2013 онд Кремлийн ордонд “Эсмеральда” бүжгэн жүжгийн завсарлагын үеэр Людмила, Владимир Путин нар гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн тухайгаа олон нийтэд мэдэгдэв. “Бид бараг тааралдахаа больсон. Тиймдээ ч гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрлээ. Владимир Владимирович ажилдаа дэндүү автсан. Хүүхдүүд маань ч том болчихлоо … Үнэнийг хэлэхэд бусдын нүдэн дээр ил байдаг энэ амьдрал надад тухгүй байдаг” гэж Людмила хэлж байв.
Людмила хэлсэн үгэндээ үнэнч үлдсэн юм. Кремлийг орхин явснаас хойш тэрбээр олон нийтийн арга хэмжээ, олон хүн бужигнасан газраас үргэлж дөлдөг байв. Түүний сураг чимээ тасарч, нэлээд хожим сүмд очиж, мөргөл үйлддэг болсон тухай Оросын хэвлэлээр хэсэг шуугиад намжсан юм.
Харин 2016 онд Людмила дахин гэрлэж буй тухай мэдээлэл цацагдав. Тэр сүйт хархүүгээрээ өөрөөсөө 20 насаар дүү Артур Очеретныйг сонгожээ. Очеретный нь Хувь хүний харилцааны хөгжлийн төв гэх ашгийн бус байгууллагын тэргүүн нэгэн байв.
Хамгийн сүүлд хосууд Францын баруун өмнөд хэсэгт тансаг харш худалдан авсан тухай мэдээлэл тархаад байна. Тэдний шинэ байшин 7.46 сая ам.долларын үнэтэй бөгөөд засаж сайжруулж байгаа гэнэ. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Путины өмч хөрөнгийн талаар хариулт нь үл олдох олон арван асуулт ч мөн хаяглах эзэнгүй хоцорчээ.
С.ЦЭЛМЭГ