Наймдугаар сард төвийн аймгуудад хур бороо орно

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Наймдугаар сард төвийн аймгуудад хур бороо орно

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны авга ах, тус улсын Засгийн газрын нөлөө бүхий удирдагчдын нэг Жан Сон Тэк дагалдагсдын хамт өчигдөр БНХАУ-д айлчилжээ.

Зуны дунд сар үргэлжилж байгаа хэдий ч ойрын өдрүүдэд өдөртөө хэт халж, оройдоо сэрүүн хонох болжээ. Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяа энэ талаар тайлбарлахдаа “Хэт халалт ихэсч, хур бороо бага орж байгаа учраас хуурайшсан газар хөрөхдөө хурдан байдаг. Тиймээс өдөртөө хэт хурц нартай байснаа оройдоо цэлмэж хонодог. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газрын чийг багасч байгаа учраас өдөртөө хэт халах, шөнөдөө хүйтэрч хонох байдал ажиглагдаж байна” гэсэн юм.

-Ойрын өдрүүдэд өдөртөө хэт халж байгаа ч түр зуурын бороо орж байгаа болохоор агаар чийглэг байх шиг байна?

-Наадмын өдрүүдэд Зүүн аймгуудийн ихэнх нутгаар болон Орхон, Сэлэнгийн сав нутгаар хэт халж, өдөртөө 38-42 хэм хүрч халсан. Баянхонгор аймгийн Эхийн голд 42 хэм хүрч халлаа. Өмнөговь аймгийн Даланзадгад, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 41 хэм, Дорноговь, Замын-Үүдийн нутгаар 40 хэм хүрч халсан.

Харин өнгөрсөн хоногуудад Төв аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Архангай, говийн гурван аймгаар бороо орлоо. Долдугаар сар гараад хур бороо багатай байсан Дорноговь, Дундговь, Өмнөговийн нутгаар ахиу хэмжээний хур бороо орсон. Одоогоор манай орны зуншлагын байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд хэвийн зусаж, 60-аас дээш хувьд гандуу байдалтай байгаа. Тэгэхээр сүүлийн хэд хоног орсон бороо гандуу байгаа нутгуудад чийг өгсөн байх.

-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Долдугаар сарын сүүлчээр нутгийн хойд хэсгээр болон Баруун, Төв, Зүүн аймгуудын нутгаар зарим газарт дуу цахилгаантай, түр зуурын бороо орох нөхцөл ажиглагдаж байгаа. Ихэвчлэн нэг өнжөөд түр зуурын, усархаг бороо орох төлөвтэй байна. Ялангуяа, долдугаар сарын 21-нээс 26-ныг хүртэл зарим газруудаар түр зуурын бороо орно. Нутгийн хойд хагаст өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар 29-34 хэм, бусад тал хээрийн бүс нутгаар 25-30 хэм орчим хална.

-Зарим хүмүүс нэг өдөр нь хэт халж байснаа дараа өдөр нь бороо орохоор үүлэнд нөлөөлж, оруулж байна гэж ойлгоод байх шиг байна. Өнгөрсөн өдрүүдэд орсон бороо байгалиасаа орсон уу?

-Наадмын дараагаар ихэнх нутгаар түр зуурын бороо орох нөхцөл бүрдсэн. Энэ сарын 16-наас эхлэн хэт халалт буурч, түр зуурын бороо орж байгаа. Өнгөрсөн хоногуудад орсон хур бороо байгалиасаа орж байгаа. Наадмын өдрүүдээр хэт халсны улмаас ой хээрийн түймэр ихэссэн. Тиймээс ой хээрийн түймэртэй холбоотойгоор Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумын нутаг, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад үүл буудаж, бороо оруулах арга хэмжээг авсан.

-Ойрын өдрүүдэд хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа ч шөнөдөө сэрүүн хонож байна. Зарим хүмүүс гантай зуны шинж гэж хэлэх юм. Цаг уурч, мэргэжилтний хувьд үүнийг тайлбарлаж өгөөч?

-Энэ нь дэлхийн уур амьсгалын дулааралтай л холбоотой гэж бодож байна. Хэт халалт ихэсч, хур бороо бага орж байгаа учраас хуурайшсан газар хөрөхдөө хурдан байдаг. Тиймээс өдөртөө хэт хурц нартай байснаа оройдоо цэлмэж хонодог. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөр газрын чийг багасч байгаа учраас өдөртөө хэт халах, шөнөдөө хүйтэрч хонох байдал ажиглагдаж байгаа. Хүмүүс үүнийг гантай зуны шинж гэж хэлэх нь бий.

-Хэд хоногийн өмнө Үндэсний статистикийн хорооноос өнгөрөгч зургадугаар сард сүүлийн 56 жил үзэгдээгүйгээр халлаа гэж мэдээлсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Үндэсний статистикийн хороо сар тутамд манайхаас мэдээлэл авдаг. Тэр мэдээлийн дагуу өнгөрөгч зургадугаар сард сүүлийн 56 жил үзэгдээгүйгээр халсан гэж мэдээлсэн. Монгол орны хаврын сарууд харьцангуй хуурайшилт ихтэй, хур бороо багатай байж, хэвийн хэмжээнээс дулаан байна. Ялангуяа өнгөрсөн тавдугаар сард нийт нутгийн дунджаар 2.2 хэмээр, зургадугаар сард 2.8 градусаар дулаан байсан. Тиймээс өнгөрөгч зургадугаар сар 1960-аад оноос хойш ажиглагдаагүй дулаан сар гарсан гэдэг нь үнэн.

-Наадмын дараа намар гэдэг. Наймдугаар сард цаг агаар хэр байх бол?

-Одоогоор наймдугаар сарын ерөнхий төлөв гарсан байгаа. Наймдугаар сарын цаг агаарын илүү тодорхой төлөв долдугаар сарын 25-ны өдөр гарна. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр Баруун болон Төв аймгийн ихэнх нутгаар Говийн бүсийн баруун хэсгээр хур бороо орохоор байна. Харин говийн бүсийнхээ зүүн тал болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас бага орох төлөвтэй байгаа. Наймдугаар сард температурын хувьд ихэнх нутгаар 0.5-1.5 хэм дулаан байх төлөвтэй.

Өмнөх жилүүдийн дунджаас харахад, Монголд ордог хур борооны 90 хувь нь зуны улиралд ордог. Ингэхдээ долоо, наймдугаар сард 50-60 хувийн хур тунадас нь ордог. Тиймээс долдугаар сарын дундаас хойш наймдугаар сарын 10 хүртэл өмнөх 30 жилийн байдлаар өдөр алгасахгүй дуу цахилгаантай, түр зуурын бороо ордог байсан. Гэтэл энэ жил хаврын саруудаас хойш хур бороо маш татруу байгаа. Одоо зуны дунд сар дуусах дөхөж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж байгаа ч хур борооных нь хэмжээ бага байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж