Долоон настай хүүгийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн зургадугаар сарын 21-22-ны өдөр болсон.
Хүүг захиалгаар хөнөөлгөсөн З.Сэлэнгэд 25 жилийн хорих ял оноож, эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин хүүг хөнөөсөн П.Барсболдод 13 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм.
Жигшүүрт хэргийг үйлдсэн П.Барсболд гэгч хэн байв
Тэр Дорнод аймгийн харьяат, 1998 онд төрсөн 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, эгчийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн ажээ. П.Барсболд насанд хүрээгүй байхдаа 2015 оны арваннэгдүгээр сарын 07-08-нд шилжих шөнө алт, мөнгөний дарханы газрын хаалгыг эвдэн орж, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж хоёр сая гаруй төгрөгийн эд зүйл хулгайлсан хэргээр шүүхээс 2 жилийн ял сонсч байсан аж. Тухайн үед насанд хүрээгүй байсан учраас түүний ялыг нэг жилээр хойшлуулжээ.
Гэтэл шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тэрбээр З.Сэлэнгийн захиалгаар түүнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны есдүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багт оршин суух 7 настай Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж, санаатай амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлдэхдээ ч тэр насанд хүрээгүй байсан аж.
Өнөөдрөөс яг сарын өмнө болсон Шүүх хуралдааны явцад тэрбээр ”Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн, зөв. Өөр нэмж ярих зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна” гээд, хөнгөн ял оногдуулахыг хүссэн байна.
П.Барсболд хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө буюу 2016 оны есдүгээр сарын 04-ний өдөр З.Сэлэнгээс хүүг алах захиалга авсан талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Мөн “Тухайн үед амыг нь дагуулаад “Тэгье” гэж хэлсэн. Яг ална гэж бодоогүй. Сэлэнгээ эгч Ц-тэй уулздаг байсан. Түүнээс жирэмсэн болсон байхад нь “Ц-гийн эхнэр хоолонд нь юм хийж өгсөн” гэж Сэлэнгээ эгчээс сонссон. Тэр үед Сэлэнгээ эгчийн хүүхэд нь зулбасан. Тэгээд адилхан түүний хүүхдийг нь хорлох гэж намайг гуйсан. 2016 оны есдүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгээ эгч намайг гуйсан. Тэгээд “Маргааш орой гэртээ байхад нь хоёулаа очъё” гэж ярилцаад, 2016 оны есдүгээр сарын 05-ны орой 20:00 цагийн орчим Сэлэнгээ эгч хамт дэлгүүрээс хоёр хос резинэн бээлий авсан. Гэтэл тэр орой гэрийнхэн унтахгүй байсан учраас гарч чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 2016 оны есдүгээр сарын 06-ны өдөр хоёулаа гарч, Ц-гийн гэрийн ойролцоо очиж, эхнэрийг нь гэрээсээ гарахаар нь би гэрт нь орж, хүүхдийг нь алсан. З.Сэлэнгээ эгч гудамжны үзүүрт хүлээж байсан” гэж мэдүүлсэн байна.
Хохирогч хүү хэрэг гарахын өмнө гал тогооны өрөөндөө түүнд гар утсан дээрх зургаа үзүүлэн, юм яриад сууж байжээ. Гэтэл гэмт этгээд хажуунаас нь хоёр гараараа хоолойг нь шахаж боосон аж. Улмаар хүүгийн бие сулрахаар нь боохоо больж, урт сандал дээр дээш харуулаад хэвтүүлсэн байна. Үүний дараа хүү гэнэт амьсгалсан гэдэг ба энэ үед гэмт этгээд сандарч, ширээн дээр байсан гар утасны цагаан өнгөтэй цэнэглэгчийн утсаар хоолойг нь ороож, шалан дээр хэвтүүлэн, залгуурт залгаатай байсан цахилгааны уртасгагчийг хүзүүгээр нь 2-3 удаа ороож, татсан талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байдаг.
Хүүхэд хөнөөлгөхөөр захиалга өгсөн З.Сэлэнгэ гэгч хэн бэ?
Тэр Дорнод аймгийн харьяат, 1992 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй. Ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү, охины хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй.
З.Сэлэнгэ нь хэрэг гарахаас өмнө талийгаач хүүгийн аавтай эр, эмийн харьцаатай байжээ. Улмаар эхнэртэй нь маргалдсаны улмаас өс хонзонгийн сэдэлтээр насанд хүрээгүй П.Барсболдод захиалга өгч, долоон настай хүүгийн амь насыг хөнөөлгөсөн байна.
Тэрбээр шүүхэд мэдүүлэхдээ “Барсболдын хувьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан. Мөрдөн байцаагч нар байцаалт авахдаа намайг болон Барсболдын толгойг цохиж, тулгаж асуудаг байсан. Хохирогчийн аавтай дотно харилцаатай байсан болохоор би жирэмсэн болсон. Энэ талаараа эхнэрт нь хэлэхэд, намайг удаа дараа дарамталж зовоосон. Би хүүхдээ 12 долоо хоногоос дээш тээсэн байсан учир үр хөндүүлж болохгүй байсан. Надаас 20 насаар эгч байж маш бүдүүлэг, байж боломгүй үгээр доромжилж, мессеж бичдэг байсан. 2016 оны есдүгээр сарын 06-ны өглөө би гэрээсээ шивээсний машинаа авах гээд явж байтал араас Барсболд гүйж ирсэн. Мөрдөн байцаагч нар надаас тулгаж асуулт асуусан. Асуултуудыг би ойлгодоггүй байсан. Эрүүгийн төлөөлөгч нар үүрээр манайд орж ирэхдээ намайг залилж авч явсан. Тэгээд 2016 оны есдүгээр сарын 09-ний өдөр намайг хорьсон. Маргааш нь тогтоол танилцуулсан. Тэгэхэд л би юу болоод байгааг мэдсэн. Би Барсболдыг өөрийнхөө талаар худлаа мэдүүлээд байна гэж бодож байна. Тулган шаардалтаар энэ хэргийг хүлээлгэсэн. Би өөрөө 5 настай охинтой. Тийм болохоор надад тулгаад байгаа энэ хэргийг үйлдээгүй” гэжээ.
Харин гэрч энэ талаар “2016 оны есдүгээр сарын 05-ны өдөр З.Сэлэнгэ, П.Барсболд нарын гэрт очиход З.Сэлэнгэ, П.Барсболд, дүү нь бас хүүхэд нь байсан. Тэдний гэрт байхад Сэлэнгэ “Эгчдээ блокон хашаа хийж өгнө биз дээ, урьдчилгаа мөнгө өгнө шүү” гэсэн. Надад нэг л сонин санагдаад, Барсболдоос асуухад, “Сэлэнгэ эгч Ц-гийн хүүхдийг хөнөөгөөд өгөөч гээд байгаа юм” гэж хэлсэн. Маргааш нь Барсболдтой уулзахад “Би хүүхдийг нь хөнөөсөн, өдөр Сэлэнгэ эгч бид хоёрыг Бунхан руу явж байхад эхнэр нь машинтайгаа гэрээсээ гараад явсан. Тэгэхээр нь би гэр рүү нь очиж, хаалгыг нь тогштол хүү нь гарч ирсэн. Энэ тухайгаа Сэлэнгээд очиж хэлсэн гэсэн. Тэгээд дахиад гэрт нь орж, хүүгийн хоолойг эхлээд гараараа, дараа нь залгуураар боосон” гэсэн. Миний хувьд Барсболдын үгэнд итгээгүй. Би хохирогчийг нэг байрных гэдэг утгаараа таньдаг. Харин Сэлэнгэтэй дотно харилцаатай биш. Урьд нь Сэлэнгэ эгч намайг хохирогчийн машины дугуйг хагалаад өг гэж хэлж байсан” хэмээн мэдүүлсэн байдаг ажээ.
Мөн хохирогчийн гэртэй ойролцоо байрладаг нэгэн байгууллагын гаднах хяналтын камерын бичлэгт талийгаач хүүгийн ээж хэрэг гардаг өдрийн 15:15 цагт цагаан өнгийн “Пруис 20” маркийн суудлын машин унаж, уулзвараар урагш эргэн Цэнхэрийн хороолол руу орж, гудамжаар баруун тийш явж байгаа болон гэмт этгээдүүд түүнийг явмагц тэдний гэрийг чиглэн явж байгаа зэрэг нь бичигдэн үлджээ.
Талийгаач хүүгийн аав “З.Сэлэнгэтэй 2015 оны хавар, гуравдугаар сарын орчим анх танилцсан. Ер нь дотно харилцаатай байсан. Намайг Сэлэнгэтэй харилцаатай болохыг эхнэр мэддэг. Гэр бүлийн хэрүүл маргаан байнга гардаг байсан. Сэлэнгээ манай эхнэр рүү мессеж бичдэг байсан юм билээ. Хэрэг гарахаас сарын өмнө байх эхнэр “Сэлэнгээ хүүхдэд чинь заналхийлээд мессеж бичээд байна. Хүүхдийн чинь толгойг залгих юм биш биз дээ” гэж хэлэхэд “Хүүхэд ямар буруутай юм бэ, яав л гэж” хэлээд, хайхраагүй өнгөрсөн. Надтай дотно харилцаатай байхдаа 2015 оны намар Сэлэнгээ жирэмсэн болж, би авахуулах гэж мөнгө өгөөд, хот руу явуулахад авахуулаагүй. Дараа нь эгчтэй нь уулзаад, “Сэлэнгээ хүүхдээ яасан бэ” гэхэд “Эм уугаад зулбуулна. Хөдөө аваачиж, оршуулж ирээд хүүхдийнхээ хариуг авна гэж ярьж байсан. Тэр намайг гэр бүлтэйг мэдэж байгаа мөртлөө “Надтай сууна, танд хүү гаргаж өгнө” гэж ярьдаг байсан. Би түүнд “Чамтай сууна гэж юу байхав дээ” гэж хэлдэг байсан. Намайг гэр бүлээсээ салахгүй болохоор хүүхдийг маань хороож, хүүхэдгүй болвол эхнэрээсээ сална гэж бодож, хүүг маань хорлосон гэж бодож байна” гэж мэдүүлжээ.
Мөн насанд хүрээгүй нэгэн гэрч мэдүүлэхдээ, “Хэрэг гардаг өдрийн 18:00 цагийн орчим найзуудтайгаа Цэнхэрийн хорооллоор хэссэн. Бүгдээрээ байхад Барсболд намайг “Хоёулаа шээгээд ирье гэж” холдоод, “Мань нь нөгөө хүүхдийг алсан” гэж инээгээд хэлсэн. Би итгээгүй. “Үнэн юм уу” гэхэд, “Нээрээ үнэн. Сэлэнгэ эгчтэй өдөр Бунхан руу явж байхад хүүгийн ээж гэрээсээ машинтай гарч явахаар нь Сэлэнгэ эгч хүн байна уу, үзээд ир гэж хэлсэн. Очиход хүүхэд нь гэртээ ганцаараа байсан. Сэлэнгэ эгчид очоод хэлэхэд, “Одоо л боломж шүү” гэсэн. Гэрт буцаж ороод нөгөө хүүхэдтэй юм ярьж байгаад, хажууд нь сууж байхдаа гараараа хоолойг нь боосон. Дараа нь утасны цэнэглэгчээр боосон, цэнэглэгч сул байхаар нь цахилгааны уртасгагч залгуураар боож алсан. Тэгээд цонхоор нь гарч, хашааны хойд талаар даваад, Сэлэнгэ эгчтэй уулзаад явсан” гэж надад ярьсан. Түүний ярьсан зүйлд тухайн үед итгээгүй. Маргааш нь “Цэдэвдоржийн хүүг нас барсан” гэж ярьж байхыг сонсоод Барсболдыг нээрээ алсан юм байхдаа гэж бодсон. Гэхдээ хүмүүс хүүхдийг “Тогонд цохиулж, нас барсан” гэж ярьж байхыг сонсоод “Барсболдын үгэнд итгээгүй” хэмээн мэдүүлжээ.
Шүүгдэгч П.Барсболд нь насанд хүрээгүй байхдаа шүүгдэгч З.Сэлэнгийн захиалгаар 2016 оны есдүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг Ногооны 3-02 тоотод оршин суух 7 настай Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гар утасны цэнэглэгч, уртасгагч залгуураар хоолойг нь боомилж, санаатай алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Барсболд, З.Сэлэнгэ нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрч Ц, Ц, С, А, Х нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
З.Сэлэнгэ хүүг хөнөөсний төлбөрт П.Барсболдод 200 мянган төгрөг эсвэл “ Iphone 4” гар утас авч өгөхөөр тохиролцжээ. Мөн тэрбээр хэрэг гарахаас өмнө талийгаач хүүг гудамжинд тоглож байхад нь өөрийн төрсөн дүүгээр дуудуулан, усан сан дээр аваачихыг завдаж байсан бөгөөд “Чи усан сан дээр л аваад ир, бусдыг нь би өөрөө хийе” гэж байж. Мөн талийгаач хүүгийн ээж рүү “Одоо төрөх хүүхдэд минь гай хийвэл өөрөө зовлонгоо амсана шүү”, “Үр хүүхэддээ гай болов” гэх зэргээр удаа дараа заналхийлсэн мессеж явуулж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд өш хонзонгийн сэдэлтээр хэргийг урьдаас төлөвлөж, хийсэн гэж Шүүх үзжээ.
Гэр бүлийн гадуурх харилцаа даамжирсаар эцэстээ хүүхдийн амь насанд хүрсэн хэргийн талаар сэрэмжлүүлэх үүднээс хүргэлээ.
Л.ХАЛИУ