Хуурамч дуудлага өгвөл 50 мянгаар торгоно

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Хуурамч дуудлага өгвөл 50 мянгаар торгоно

Энэ цагаар АНУ Турк хоёр босогчдын эсрэг Башар Ассад химийн зэвсэг хэрэглэвэл хэрхэн ажиллах талаар хувилбараа боловсруулж байна.

УИХ-аас баталсан Зөрчлийн тухай хууль долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар зөрчил гаргасан этгээдэд ихэвчлэн торгох болон албадан ажил хөдөлмөр эрхлэх шийтгэл ногдуулна. Торгуулийг нэгжээр тогтоосон. Нэг нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэнэ. Зөрчлийн хуульд тусгасан таны мэдэж байвал зохих заалтуудыг тоймлов.

Нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байж зарим иргэн гэрийн тавилга хийдэг. Шөнө болсон ч энэ ажлаа зогсоодоггүй. Үүнээс болж ойр орчмынх нь айлууд амрах боломжгүй болдог. Дээрх тохиолдолд амар амгалан байдал алдагдуулсан этгээд торгууль төлөх үүрэг хүлээж байна.

Энэ асуудлыг Зөрчлийн тухай хуульд: Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг 100 нэгж (100 мянга )-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгж (нэг сая ) -тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан юм.


Зөвшөөрөлгүй газар үйлчилгээ эрхэлбэл 3 саяар торгуулна

Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Төв суурин газарт зөвшөөрөлгүйгээр орон сууц барьсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах юм. Мөн хүнийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хуурамч дуудлага өгвөл 50 мянган төгрөгийн торгуультай

Цагдаа, онцгой, эрүүл мэндийн яаралтай тусламж хүлээн авдаг 101,102, 103 утас руу бага насны хүүхэд, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хуурамч дуудлага өгөх тохиолдол цөөнгүй гардаг. Хэрвээ таны хүүхэд хуурамч дуудлага өгч зүггүйтвэл учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэхийн зэрэгцээ 50 мянган төгрөгөөр торгох заалт үйлчилнэ.

Хуурамч дуудлага өгснөөс болж, тусламж хэрэгтэй иргэдэд цаг алдалгүй үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог учраас торгуулиар шийтгэл ногдуулахаар заажээ.

Хаа таарсан газраа худалдаа эрхэлж болохгүй

Улаанбаатар хотын хэмжээнд гадаа талбайд худалдаа эрхлэх иргэд цөөнгүй бий. Ихэвчлэн олон хүн цугладаг газрыг дагуулаад жимс, жимсгэнэ, ундаа, ус, мөхөөлдөс зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд хувцас бусад бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг. Таны худалдаа хийдэг газар замын хөдөлгөөнд саад учруулах зам талбайтай давхцаж байгаа бол торгуулж болзошгүйг сануулъя.

Зөрчлийн тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд саад учруулах зам, талбайд авто машин угаах, худалдаа наймаа хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан юм.

Мөн зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барих, түргэн үйлчилгээний цэг, чингэлэг байрлуулах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, үзвэр үзэсгэлэнгийн зүйл байрлуулах зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт хэрэгжиж байна.

Машинаа зогсоолд байршуулаарай

Нэг үеэ бодвол нийслэлийн хэмжээнд авто машины зогсоол нэмэгдэж байна. Гэхдээ л хүссэн газраа авто машинаа байршуулаад ажлаа амжуулах бололцоо тэр бүр бүрдээгүй. Гэсэн ч хууль чангарлаа.

Зориулалтын зөвшөөрөгдсөн байр зогсоол, талбайд авто тээврийн хэрэгслээ тавих үүргийг биелүүлээгүй бол хүнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Техникийн хяналтад ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулсан бол хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зорчигч тээвэрлэх зөвшөөрөл аваагүй бол торгуулна

Улаанбаатар хотын гэр хороолол руу микро автобусууд зорчигч тээврийн үйлчилгээг ихэвчлэн үзүүлдэг. Гэвч зөвшөөрөл аваагүй хэрнээ зорчигч тээвэрлэх нь олонтаа. Энэ тохиолдолд торгууль хүлээж байна.

Тодруулбал, тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заагаад байна.

Мөн хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн, дугаар үйлдвэрлэсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Согтуу үедээ жолоо баривал баривчлагдана

Зөрчлийн тухай хуульд цөөн хэдхэн заалтаар баривчлах шийтгэл ногдуулахаар заасан. Үүнд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар заажээ.

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн жолоочийг замд гарах зөвшөөрөл олгосон бол хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гар утсаар яривал торгууль хүлээж байна

Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Жолооч гэрлэн эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгөгөөр торгоно.

Хурдыг зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Жолооч шаардлагагүй үед огцом тоормослосон, эсхүл аюултай нөхцөл үүсгэсэн, хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж, бусдын хөдөлгөөнийг саатуулж, замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж