Саяхныг хүртэл үндэсний бөхийн нэгэн үеийг өнгөлж явсан хүчит бөхчүүдийн түрүүч зодог тайлж, тэдний хөвгүүд удам дамжсан бөхийн дэвжээнд хөл тавьжээ. Энэ жилийн наадмаар гэхэд дархан аварга А.Сүхбат, улсын начин П.Одхүү нарын залуухан хөвгүүд, аймгийн наадамд цол нэмж, ирэх жилээс улсын наадмын дэвжээнд зодоглох бэлтгэлээ хангав.
Сүхбатын Хангай
Дархан аварга Х.Баянмөнхийн зээ, Дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангай энэ жил Төв аймгийн баяр наадамд улсын начин Ч.Баянмөнхөөр тав давж, аймгийн начин цол хүртлээ. Өмнө нь 2015 онд аавынхаа төрсөн нутаг Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, 19 настайдаа сумын заан болж байсан юм.
Өвөө, аав, нагац ах нар нь Монголын хүчит бөхчүүдийг магнайлдаг бөхийн өндөр удамт гэр бүлд төрж өссөн С.Хангай энэ жил 21 настай.
13 настайгаасаа аавынхаа хамт наадмын бэлтгэлд гарч эхэлсэн. Түүний анхны багш бол аав А.Сүхбат.
Энэ жил өвөөгийнхөө нутгийн бөхчүүдтэй хамт Увс аймгийн галд бэлтгэл сургуулилтаа хийсэн. Өнгөрсөн өвлөөс “Увс нуур” дэвжээгээр овоглох болсон.
Хүндэлдэг бөх – Аварга Г.Эрхэмбаяр
Одхүүгийн Цэцэнцэнгэл
Энэ жил 18 настай О.Цэцэнцэнгэл бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, улсын начин Б.Одхүүгийн хүү юм. Б.Одхүү 2000 оны Үндэсний их баяр наадмаар тав давж, улсын начин цол хүртсэн ба улсын наадамд гурван удаа дөрөв давсан, шилдэг начингуудын нэг.
Залуу бөх О.Цэцэнцэнгэл 1999 онд онд төрсөн. Тэрбээр энэ наадмаар аавынхаа төрсөн нутаг Хэнтий аймгийн баярт зодоглон, найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртээд байна.
Багаасаа жүдо бөхөөр хичээллэж, сүүлийн жилүүдэд улсын болон олон улсын чанартай тэмцээнээс медаль хүртэж байгаа. Аав Б.Одхүү нь жүдо, самбо бөхөөр олон жил хичээллэж, олимпийн наадамд оролцож байсан бол түүний ээж Монголын жүдо бөхийн шилдэг шүүгч Д.Энхтүвшин юм.
О.Цэцэнцэнгэл 2016 онд жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 90 кг-д 17 насандаа хүрэл медаль хүртэж, Азийн залуучуудын аваргад мөн хүрэл медалийн эзэн болж байлаа.
Батзоригийн Дэнзэнсамбуу
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, уран барилдаант заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу мэргэжлийн сүмод цахиур хагалах бөхчүүдийн нэгээр нэрлэгдэх болжээ.
Дэвжээний нэр Асахирюү. 1995 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн. 22 настай. Биеийн өндөр 182 см, жин 124 кг.
“Огурума” дэвжээний бөх Б.Дэнзэнсамбуу 2013 онд Япон руу явж, 2016 оны гуравдугаар сард анх сүмогийн дэвжээнд гарчээ.
2016 оны долдугаар сараас мэргэжлийн сүмо бөхийн зургаан зиндааны хамгийн доод болох жонокүчид барилдаж эхэлсэн. Ингээд башё бүрт жонидан, санданмэд дэвшсээр 2017 оны нэгдүгээр сараас одоог хүртэл макүүшитад барилдаж байгаа.
Макүүшитагийн дөрвөн башёд зодоглохдоо 26 барилдаж, 16 даван, арав ялагдаад байна. Долдугаар сарын башёгийн хувьд макүүшитагийн 23-д эрэмбэлэгдсэн ба долоо барилдахаас өнөөдрийн байдлаар гурав давж, хоёр унасан үзүүлэлттэй яваа.
Монголын бөхийн удамтай олон хөвгүүд Японы мэргэжлийн сүмо бөхөөр барилдаж, амжилт үзүүлсэн. Д.Долгорсүрэн зааны хүү Асашёорюү Д.Дагвадорж, Ж.Мөнхбат аваргын хүү Хакүхо М.Даваажаргал, Л.Бадарч начины хүү Асасэкирюү Б.Дашням, Ж.Алтангадас начины хүү Токитэнкү А.Хүчитбаатар, улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёошома Г.Мөнхсайхан, Ло.Эрхбаяр начины хүү Араваши Э.Дөлгөөн гээд нэрлэбэл цөөнгүй.
Б.Дэнзэнсамбуу Монголд байхдаа үндэсний бөхийн болон жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ.
Б.БАЯСАХ