“Газар хөдлөлтийг амжиж анхааруулах боломж бий”

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

“Газар хөдлөлтийг амжиж анхааруулах боломж бий”

Монголдоо байхад Хөвсгөл далайг хэзээ нэг цагт үзчихнэ дээ гэж боддог байсан болохоос биш тийш аялах боломж гэнэт өмнө гараад ирэх юм гэж санасангүй.

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн шинжлэх ухаан үүсэж, хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр /2017.07.20/ Чингис зочид буудалд болж байна. Энэхүү хурлын үеэр тус хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, эрдэмтэн Ч.Одонбаатартай ярилцлаа.


Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Гадаадын цөөнгүй эрдэмтэн судлаачид ирсэн харагдана?

Монгол Улсад анхны одон орны оргилыг 1957 онд Богд хан уулын Хүрэл тогоот аманд байгуулж байсан. Өнөөдөр манай эрдэмтэн судлаачид маань баярын хурлаа хийгээд, маргаашнаас хоёр өдрийн турш эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Хүрээлэнгийн түүхт 60 жилийн ойд нийт 14 орны 100 гаруй эрдэмтэн ирээд байна. Бид одон орон, сансар судлал, соронзон судлал, газар хөдлөлийн чиглэлээр хуралдах юм.

-Одон орон, геофизикийн хүрээлэнд хэчнээн эрдэмтэн судлаачид ажиллаж байна. Ямар багаж, тоног төхөөрөмжийг ашиглаж байна вэ?

-Манай хүрээлэн нийт 200 орчим ажилтантай. Эдгээрээс 100 орчим нь орон нутагт ажилладаг. Мөн 13 аймагт газар хөдлөлийн станцтай байгаа. Үүнээс эрдэм шинжилгээний 60, 10 орчим доктор, гадаадад докторантурт суралцаж буй 10 гаруй эрдэмтэн бий. Харин тоног төхөөрөмжийн хувьд хуучин ЗХУ-ын үеийн тоног төхөөрөмжийг хэрэглэж байгаа. Мөн 1994 оноос эхлэн АНУ, Франц, улстай хамтран ажилласнаар одоо нийтдээ 130  орчим  газар хөдлөлт бүртгэх багаж ажиллаж байна. Одон орны чиглэлээр Москвагийн Тооцоолон бодох математикийн хүрээлэнтэй хамтран Хүрэл тогоотод олон орны дуран суулгасан. Мөн БНСУ-ын Астрономын хүрээлэнтэй хамтраад Таван толгойд бүрэн автомат нэг дуран ажилуулж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд энэ салбар сайжирч байгаа ч дэлхийн түвшинд хүрэх болоогүй л байна.

-Хүмүүс Монголд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихэссэн гэх юм. Энэ үнэн үү?

-Хүмүүсийн дунд ойрын жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихсэж байна гэж ойлгоод байгаа. Ийм байх боломжгүй юм. Жишээлбэл өнгөрсөн зуунд буюу 1900-2000 онд Монгол Улсад найман магнитудтай газар хөдлөл дөрөв, долоотой 30 орчим болсон. Гэтэл сүүлийн жилүүдэд Монголд ийм газар хөдлөлт давтагдаагүй.

Харин манай орны хувьд газар хөдлөлтийн эмзэг цэг бол Улаанбаатар хот. Нийслэл хотынхоо аюулгүй байдлыг сайн хамгаалж чадвал улсын аюулгүй байдлыг сайн хамгаалж чадна. Тийм учраас хот орчимд газар хөдлөлтийн эрчимтэй судалгааг хийж байгаа. Яг тодорхой Эмээлтийн бүсэд газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаад байгаа. Энэ нь маргааш газар хөдлөнө гэсэн үг биш. Өнөөдрийн шинжлэх ухааны түвшин ч тэр түвшинд хүрээгүй. Бид зөвхөн газар хөдлөлийн идэвхжил ажиглагдаж байгаа, хөдлөх боломжтой гэдгийг гаргаж ирсэн.

-Хүрээлэнгийнхээ эрдэмтэн судлаачдын хийсэн сүүлийн үеийн судалгаанаас танилцуулаач?

-Манай хүрээлэн 60 жилийн ойдоо зориулан эрдэм шинжилгээний бүтээл гаргасан. Мөн бид 2015 онд Улаанбаатар хотын газар хөдлөлийн бичил мөчлөлийн зургийг шинэчлэн гаргасан. Энэ нь хотод барилга барихад барилгын нормд орж, баллаасаа хамаарч барина гэсэн үг. Өнгөрсөн зургадугаар сард 12 аймгийн бичил мөчлөлийн зураг хийж, салбар яаманд өгсөн байгаа.

-Ер нь газар хөдөлдөггүй газар гэж байхгүй. Хамгийн гол нь сайн, чанартай барилга л барих ёстой. Япон улсад өчнөөн л газар хөдлөлт болж байна. Өндөр барилга байгууламж байж л байна.

-Монголд газар хөдлөлөө гэхэд мэргэжилтнүүд хэрхэн мэдэж шуурхай мэдээлэх, боломжтой вэ?

-Газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломжгүй. Харин энд ойрын хэдэн жилдээ газар хөдлөх магадлалтай юм байна гэсэн тооцоог эрдэмтэд гаргадаг. Яг газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем гэж бий. Монголд Дундговь аймгийн Дэрэн сум, Сэлэнгэ аймгийн Бүрэнбүтээлийн нуруу, Булган аймгийн Могод сумд энэ систем ажиллаж байгаа. Энэ бүрэн автомат систем нь газар хөдлөлийг урьдчилж хэлж чадахгүй ч долгион чичирхийллийг урьдчилж мэдэх боломжтой болж байгаа юм. Олон улсад энэ системийг атомын цахилгаан станц, байрны цахилгаан шат, цэцэрлэг, сургуулиудад байршуулдаг.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж