Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадам Турк улсын Самсун хотноо мягмар гаригт /2017.07.18/ нээлтээ хийлээ. Тус наадамд 97 орны 3000 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд өчигдрөөс зарим төрлүүд эхэллээ.
“Самсун 2017” наадам хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг, волейбол, талбайн теннис, дугуй, гольф, усанд сэлэлт, буудлага, гандбол, жүдо бөх зэрэг спортын 21 төрлөөр зохиогдоно.
Манай улсаас тус наадамд жүдо бөх, чөлөөт бөх, буудлагын төрлөөр нийт 16 тамирчин оролцохоор болсон бөгөөд баг тамирчид өчигдөр Туркийг зорилоо.
“Самсун 2017” наадамд оролцож байгаа Монголын багийн тугчинаар жүдо бөхийн тамирчин Баянмөнхийн Наваанжамц ажиллаж байна. Энэхүү наадамд оролцож байгаа тамирчид эрхээ аван оролцож байгаа бөгөөд тэд өмнөх наадамд үзүүлж байсан 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулах зорилгыг тавьжээ.
Монголын баг тамирчид 1997 онд Копенхагенд зохиогдсон XVIII удаагийн наадамд анх оролцохдоо жүдо бөхийн төрлөөс хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
“Самсун 2017” наадам бол манай баг тамирчдын хувьд зургаа дахь наадам нь юм.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн XXIII наадмын зарим төрлүүд эхэлсэн бөгөөд Монголын багийн мэдээллийг эргэн хүргэнэ.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпийн наадамд оролцож буй Монголын баг тамирчид.
‘Самсун 2017’-д наадамд оролцох баг тамирчдын үдэн гаргах үеэр.
“Самсун 2017” наадамд оролцож байгаа Монголын багийн тугчин жүдо бөхийн тамирчин Баянмөнхийн Наваанжамц