Утаанбаатарын тухай мелодрам өнгөрсөн долоо хоногжин үргэлжиллээ. Улсынхаа тэргүүнээс эхлээд хорооны жирийн иргэн хүртэл нийслэлийн агаарыг бохирдуулагч мөнөөх “Хий үзэгдэл”-ийн тухай ярьж, нулимс унагах нь холгүй байв. Гэвч утаа биш, та минь ээ. Хүмүүс, тэр дундаа гэр хорооллынхонд хамаг учир байна. Буруу төлөвлөж анх байгуулсан, одоо бол ямар ч маршрутгүй, ердөө л бохир бөөгнөрөл болон хувирсан нийслэлийн иргэдийг цомхотгох цаг болжээ. “Улаанбаатар бол нэг сая гаруй хүн амтай метрополис хот” хэмээн хөөрцөглөлгүйгээр энэ хотод их цэвэрлэгээ хийе. Хүн ам, орон сууцны тооллогын үеэр нийслэлчүүдийн 62 хувь нь гэр хороололд амьдардаг тухай холбогдох газрууд мэдээлсэн. Мэдээж хэрэг, тэдний ихэнх хувийг орон нутгаас шилжин ирэгсэд эзэлдэг. Эрхэлсэн ажилгүй, албан ёсны хаяггүй ёстой л “Зээлжих” иргэншилтэй тэд гарт таарснаа түлж, хотын утаанд хандив өргөдөг нь ойлгомжтой. Тиймээс хотын удирдлагууд нийслэлийн иргэдээс татвар авах тухай асуудлыг дахин хөндөв. Өнгөрсөн оны өдийд л “Улаанбаатарын иргэн бүрээс 500 мянган төгрөгийн татвар авах юм гэнэ” хэмээх сураг дуулдсан ч тэд хэрэгжүүлэлгүй хав дарсан. Харин энэ удаад мартсан зүйлийг нь чухам юу сануулсан юм бүү мэд хотын хүн амын хэт төвлөрөлтэй эдийн засгийн аргаар тэмцэхээ мэдэгдлээ. Зөв. Сингапурыг утаагүй цэвэр агаартай, хүмүүс нь элдэв стресст ордоггүй, төр нь иргэдээ ¹1-д тавьдаг л гэдэг. Улаанбаатарыг ч гэсэн тийм болгох “наян” арга бий. Тэдгээрийн нэг нь хүн амын төвлөрлийг бууруулж, энэ хотыг эмх цэгцтэй болгох явдал юм. Хотын иргэн болох хүсэлтнүүд нь татвараа төлөг. Татвараа төлж чадахгүй хүмүүс нь дөрвөн уулын дундаас гарч, Монголынхоо хаа нэгтээ багтаж шингээд амьдарна л биз. Тэгээд ч нийслэлчүүд энэ онд 152.9 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 57.9 тэрбум төгрөг илүү зарлагадна. Тиймээс эдийн засгийн хувьсгалаа шалавхан эхлээрэй, Улаанбаатарыг удирдагчид аа. Тэгэхгүй бол эдийн засгийн хувьсгал хэмээх үгийн зохиогчийн эрхийг Ардчилсан намынхан авчихсан байна лээ шүү. Ер нь иймэрхүү хувьсгалыг хэр далайцтай хийдгээрээ тус намынхантай өрсөлдөхөд болохгүй нь юу байх вэ. Гэхдээ эхлээд наад гэр хорооллынхноо хар даа. Харж завдаагүй байхад тань хаа нэгтээгээс хэн нэгэн угаадас цацах вий. SOS!
С.БАТТУЛГА
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин