Хөнгөлөлттэй зээл авахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй зээл авахыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант улсын Засгийн газар хооронд байгуулах Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл зөвшилцөх тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт” санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх тухай асуудлыг тус бүр авч хэлэлцэн дэмжиж, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант улсын Засгийн газар хооронд 2008 онд дипломат харилцаа тогтоож, улмаар манай улсад 20 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байсан. Түүгээр Монгол Улс соёлын өвийн дурсгалт зүйлсийг сэргээн засварлахад зарцуулсан. Харин одоо хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг төслийн зөвшилцлийг дэмжсэнээр мөн буцалтгүй тусламж авах боломж нээгдэнэ. Учир нь Монакогийн Хант улсын Засгийн газар нь Европын холбоонд элсэхээр чармайж байгаа бөгөөд үүнд элсэхийн тулд донор орнуудад буцалтгүй тусламж үзүүлсэн байх шаардлагыг тавьдаг. Тиймээс гишүүд энэхүү Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл зөвшилцөхийг дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ.
Харин Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт” санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэнээр 24 сая ам.доллар авах бололцоо бүрдэнэ. Үүний 16 сая ам.доллар нь буцалтгүй тусламж хэлбэрээр ирэх бол найман сая ам.доллар нь хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр ирнэ. Зээлийг 24 жилийн хугацаатай авна. Найм дахь жилээс жилийн хүү нь 1.5 хувиар бодогдоно. Үүнээс өмнөх жилийн зээлийг 1 хувиар бодож тооцох аж.
Уг хөрөнгөөр Замын-Үүд хүртэлх 61.8 км замыг барихад зарцуулна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж