Катарын эсрэг бойкот зарлан 13 зүйл бүхий шаардлага тулгаад байсан Арабын зарим улс бага зэргийн буулт хийж байгаагаа зарлалаа. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Египет улсууд 13 зүйлээ зургаа болгон зөөлрүүлж байгаагаа өчигдөр сэтгүүлчдэд мэдэгджээ. Өнгөрсөн зургадугаар сарын эхнээс Арабын улс орнууд Катараас дипломат харилцаагаа тасалж, улмаар Катарт заавал биелүүлэх ёстой 13 зүйл бүхий тулган шаардах бичгийг өгсөн юм.
New York Times сонины мэдээлснээр терроризм, экстремизмтэй тэмцэх, эдгээр бүлэглэлийг санхүүжүүлэхгүй байх, эдгээр бүлэглэлийнхэнд орогнох боломж олгохгүй байх, хүчирхийлэл, үзэн ядалтад уриалахгүй байх, бусад улсын дотоод хэрэгт оролцохгүй байх гэсэн шаардлагууд үлдэж байгаа хэмээн дээрх дөрвөн орны төлөөлөгчид хэлжээ.
Зургадугаар сарын 22-нд Катарт өгсөн тулган шаардах бичигт дээр өгүүлсэн зургаан зүйлээс гадна телевизийн “Аль-Жазира” сувгийг хаах, Катарын нутаг дэвсгэрт байгаа Туркийн цэргийн баазыг гаргах, “лалын ахан дүүс” бүлгээс холбоогоо таслах, Ирантай эдийн засгаас бусад чиглэлийн харилцааг зогсоох гэсэн шаардлагууд байсан юм.
Катар бол 2,7 сая хүн амтай, байгалийн хийн баялаг нөөцтэй улс юм. Эргэн тойрны хөрш орнууд нь дипломат харилцаагаа тасалж, бусад бүх харилцаагаа зогсоосноор тус улс бүхий хэрэгцээт бараагаа усан замаар болон онгоцоор тээвэрлэж байгаа юм.
Харин Катар Арабын орнуудын хэлж байгаа үндэслэлүүдийг няцааж, терроризмтэй огт холбоогүй хэмээн удаа дараа мэдэгдсэн.
А.ТУЛГА