“Галзуу хурд”-ын туршилт ба зуслангийн зам

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

“Галзуу хурд”-ын туршилт ба зуслангийн зам

Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Стивен Краснер ашигт малтмалын их баялагтай Монгол Улс баялгийн хараал хүрэлгүй хэрхэн ажиллах талаар лекц уншсан юм.

-Долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулийн дагуу 60 км цагаас дээш хурд хэтрүүлсэн жолооч нарыг 50 мянган төгрөгөөр торгож байгаа бол 90 км цагаас дээш хурдалсан тохиолдолд зургаан сараар жолооны эрхийг нь хасаж байгаа юм-

Жигжидийн уулзвар орчим дугуй унаж явсан 15 настай хүүг Тоёота приус-20 маркийн автомашинаар мөргөж амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарч байсан. Урин дулааны цагт зуслангийн зам  хөдөлгөөн ихтэй өнждөгөөс энэ мэт осол аваар үе үе гарах нь бий. Долоон буудлаас цааших автомашины замд түгжрэл үүсэх нь энүүхэнд.  Үүнийгээ дагаад зуслангийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ч нэмэгддэг байна.

Тэгвэл саяхнаас Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөөврийн хурд хэмжигчийг зуслангийн замд байршуулж эхэлжээ. Уг замын ачаалал өглөө, оройн цагаар эрс нэмэгддэг. Өглөө ажилдаа, орой нь зуслангийн байр руугаа яарсан иргэд хурд хэтрүүлэх нь түгээмэл. Нэг өдөрт гэхэд 20-30 зөрчил илэрдэг талаар зөөврийн хурд хэмжигч хариуцсан ажилтан хэлж байна.

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч ахлах, дэслэгч Ч.Чимэдбат “Өглөөнөөс оройг хүртэл хоёр ээлжээр хяналт шалгалт хийж байгаа. Мөн гэрэлтүүлэг муутай шороон замаар шөнийн эргүүлүүд гарч ажилладаг. Зуслангийн зах хэсгээр буюу Хандгайт, Гүнт гэсэн газруудаар согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил их илэрдэг. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд дэлгүүр орох хооронд цагдаа байхгүй гэж эндүүрдэг. Ихэвчлэн хурд хэтрүүлэх зөрчил их илэрдэг, ялангуяа өглөө ажилдаа яарсан иргэд хурд хэтрүүлэх тохиолдол их байна.” гэлээ.

Долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн хуулийн дагуу 60 км цагаас дээш хурд хэтрүүлсэн жолооч нарыг 50 мянган төгрөгөөр торгож байгаа бол 90 км цагаас дээш хурдалсан тохиолдолд зургаан сараар жолооны эрхийг нь хасаж байгаа юм. Энгийн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил таваас доошгүй гардаг бол амралтын өдрүүдээр энэ тоо хоёр дахин ихэсдэг аж. Харин тээврийн том оврын автобус зөрчил гаргасан тохиолдол энэ зун бүртгэгдээгүй байна.

Биднийг нөхцөл байдалтай танилцаж байх зуур хурд хэтрүүлэх гэхээсээ илүү аюулгүй байдлаа бүрэн хангаагүй зөрчлүүд хэд хэдэн удаа гарав. Тухайлбал хамгаалалтын бүсээ зориулалтын дагуу зүүгээгүй, бага насны хүүхдээ харгалзах хүнгүй тээвэрлэх буюу зориулалтын хүүхдийн суудалгүй тээврийн хэрэгслүүдийг зогсоож, сануулга өгч байлаа. Энэ талаар ахлах, дэслэгч Ч.Чимэдбат хэлэхдээ “Иргэд хамгаалалтын бүс зүүсэн нэртэй, дутуу зүүж явах зөрчил нийтлэг байдаг. Өөрөөр хэлбэл суудлын даруулгаа суухаасаа өмнө хийчэхээд ганц мөрний даруулгыг дээгүүрээ тохоод бүсэлхий хэсгийн даруулга дээрээ суучихдаг” гэлээ.

Иргэд зөвхөн замын цагдаа нарыг “хуурах” гэж суудлын бүсээ дутуу зүүдэг нь илт харагдаж байлаа. Зөрчил гаргасан жолоочоос асуухад “Бууж, суухад амар байдаг юм. Уучлаарай” хэмээн хариулж байна.

Ямартай ч зуслангийн замд нэгдсэн болон хэсэгчилсэн байдлаар зөөврийн хурд хэмжигч ажиллаж эхэлжээ. Тухайн төхөөрөмж нь 600-1000 метрийн зайнд буй машины хурдыг хэмжих чадалтайгаас гадна зураг хэлбэрээр, сар өдөр, цагтайгаа хадгалагддаг. Мөн шаардлагатай бол жолоочийн царайг тодруулж харах боломжтой учир зөвхөн цагдаа нарыг хууран, өөрийн амь насыг эрсдэлд оруулж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг сануулж байна.

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж