Олон хүүхэдтэй хятад гэр бүл халамж хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

Олон хүүхэдтэй хятад гэр бүл халамж хүртэнэ

БНХАУ-ын Засгийн газар нэгээс дээш хүүхэдтэй гэр бүлд хэдэн мянган евро өгөх халамжийн системийг хэлэлцэж байгаа тухай “France Info” мэдээлжээ. Гэхдээ албан ёсоор хэчнээн юань олгох эсэх нь тодорхойгүй байна. Харин судлаачдын үзэж байгаагаар, Хятад улс хоёр хүүхэдтэй гэр бүлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад хамруулах нийгмийн халамжийн системийг бий болгоно гэжээ. Учир нь энэ төрлийн системийг Хятад улс нэг хүүхэдтэй гэр бүлийн хүрээнд хэрэгжүүлж байв.

Нэг гэр бүл, нэг хүүхэд, нэг тэжээгч

“Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого 1970-аад оны дунд үеэс Хятадын нэрийн хуудас болсон. Энэ үед Коммунист намын удирдагч Дэн Сяопин хүн ам зүйн хэт өсөлтийг зогсоох шаардлагатай нүүр тулж байв. Энэ хүрээнд тэрбээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг дэлгэрүүлэх, үр хөндөлтийг хуульчлах, төрийн хяналтыг чангаруулах зэрэг арга хэмжээг авч эхэлсэн байдаг. Энэхүү системийг зөрчигсдөд торгууль оногдуулж байв. 1971 оноос өмнө БНХАУ-ын иргэн гурав хүртэлх хүүхэдтэй болох эрхтэй байсан түүхтэй.

Хүн амын дунд ахмадууд олон болжээ

Харин өнөөдөр БНХАУ дэлхийн хамгийн төрөлт багатай улсын тоонд багтаж байна. Тус улсын нийт хүн амын 15 хүртэлх хувийг ахмад настнууд эзэлж байгаа аж. Энэ статистик үзүүлэлт 2030 онд гэхэд 24 хувь болно гэж судлаачид хэлж байна. Мөн НҮБ-ын албан ёсны мэдээгээр, БНХАУ хөгширч буй орны тоонд багтжээ.  Иймээс тус улсын Засгийн газар  “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо 2013 болон 2015 онд цуцалж байв.

Тэд 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ чиглэлд шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2015 онтой харьцуулахад 2016 онд тус улсад 1.3 сая шинэ хүүхэд мэндэлсэн ажээ. Гэхдээ энэ амжилт нь хангалттай үзүүлэлт биш гэж Хятадын удирдлагууд үзэв. Тэд 2020 он гэхэд 17-20 сая шинэ хүн мэндэлсэн байх шаардлагатай гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж