Мэргэжлийн сүмод хамгийн олон ялалт авсан рекордыг амжилтыг 1047 даваатайгаар озэки Кайо эзэмшдэг билээ. Тэрбээр энэхүү амжилтыг 1988-2011 оны хооронд хийсэн юм. Тэгвэл Хакүхо М.Даваажаргал гуравт бичигдэж байсан бөгөөд энэхүү амжилтаа хоёр болгож ахиулсан. Тэрбээр өчигдөр Митакүмид унаснаар өнөөдөр 1047 давааны төлөө барилдах боллоо.
Японы мэргэжлийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотноо болж байгаа билээ. Энэхүү башёг аварга Кисэносато, Какүрюү М.Ананд нар бэртлийн улмаас өнжсөн. Мөн аварга Харүмаүфжи, арслан Гоэйдо нарын хүчтэнүүд энэхүү башёг амжилт муутай үргэлжлүүлж яваа.
Гэхдээ Хакүход Нагоя башёд түрүүлэхээс илүүтэй тэрбээр даваагаа ахиулж, хамгийн олон ялалт авсан рекорд амжилтыг шинэчлэн тогтоох зорилготой байсан. Энэхүү амжилтыг эвдэхэд түүнд ганцхан барилдаан үлдлээ.
Их аварга Хакүхо башёгийн 11 дэх өдөр сэкивакэ Митакемид ялагдлаа. Гэхдээ тэрбээр өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давбал 1047 даваатай болж озэки Кайогийн амжилттай зэрэгцэх юм.
Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын барилдаанд 1000 давааг авч, улмаар 2016 оныг 1008 даваатайгаар өндөрлүүлж байсан юм. Тухайн үед 2017 онд озэки Кайогийн 1047 давсан давааг эвдэнэ гэдэг амлалтыг өгч байсан. Гэхдээ одоо түүнд өнөөдрийн барилдаан үлдсэн бөгөөд тэрбээр дахин нэгэн рекорд амжилтын эзэн болоход тун ойртлоо.
Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмод 20 орчим жил барилдах хугацаандаа олон рекордыг энэ болж чадсан. Цаашид ч түүнд амжилтуудаа өсгөх боломж бий. Тэрбээр дээд зиндаанд 36 удаа түрүүлсэн амжилтаар нэгд, ялагдалгүйгээр 11 түрүүлсэн амжилтаар мөн нэгд бичигддэг бол долоон удаа дараалан түрүүлсэн амжилтыг Асашёорюү Д.Дагвадоржийн хамт эзэшдэг юм. Мөн нэмэлт барилдаанд 10 удаа гарч, зургаан удаа ялсан амжилтаар Таканохана аваргаас эрэмбэ дээгүүр, Макүүчи буюу дээд зиндаанд 880 давсан амжилтаар нэгд бичигдэж байна. Тэрбээр жилд зохиогддог 90 барилдаанд 86 давсан амжилтыг хоёр удаа үзүүлж, хамгийн олон башё дараалж арав давсан ялалтаараа мөн нэгд бичигддэг юм.
Хакүхогийн хувьд мэргэжлийн сүмод эвдэж чадаагүй гурван амжилт байсны хоёрыг нь энэ ондоо багтаан эвдэх зорилго тавьсан. Тэрбээр өнөөдөр хамгийн олон ялалт авсан Кайогийн амжилтыг ахиулах боломжтой. Мөн одоо түүнд аварга цолтой хамгийн олон башё барилдсан амжилтыг эвдэх үлдээд байна. Энэ амжилтыг ёкозүна Китаноүми аварга 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг билээ. Харин Хакүхогийн хувьд Нагоя башё 60 дахь башё юм. Мөн түүний өмнө ёкозүна Фүтобаяама 69 даваа үргэлжлүүлэн давсан амжилт байна.
Ийнхүү Японы мэргэжлийн сүмод 20 гаруй жил барилдахдаа олон олон амжилтын эзэн болж байгаа Хакүхо М.Даваажаргал өнөөдөр дахин нэгэн амжилтын эзэн болоход тун ойртлоо. Нагоя хотноо болж буй долдугаар сарын тэмцээний 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр болох бөгөөд Хакүхо сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргилтой оноолт таарчээ.
Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авлаа /2016.11.15/
Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал 1045 дахь даваагаа авлаа /2017.07.17/