Гэртээ харьж амжаагүй Лю Сяобо

Хуучирсан мэдээ: 2017.07.20-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Гэртээ харьж амжаагүй Лю Сяобо

“Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Үүний минь төлөө надад ял оноож байгаа бол надад гомдох зүйл байхгүй...”

Гэртээ харьж амжаагүй Лю Сяобо

2010 онд Нобелийн Энхтайвны шагнал гардуулах ёслолд Лю Сяобог эзэнгүй хоосон сандал орлосон юм. Хятадын тэрслүү үзэлтэн тэр үед шоронд хоригдож байв. Төрийн эрх мэдлийг сүйрүүлэхийг завдсан гэж тэр 2009 онд шүүхээс 11 жилийн хорих ял сонссон юм. Гэхдээ Нобелийн шагнал гардуулах ёслолд түүний дуу хоолой хүчтэй цуурайтсан. Өөрт нь ял оноосон шүүх байгууллагын тухай бичсэнийг нь Нобелийн энхтайвны индрээс чангаар уншиж танилцуулсан билээ. “Гэрэлт нарны дор улс төрийн бүхий л үзэл санаа түгэн дэлгэрч, иргэн бүр айдас хүйдэсгүйгээр улс төрийн үзэл баримтлалаа илэрхийлж чадах тэр сайхан өдөр ирнэ гэдэгт итгэж буй”-гаа тэр бичсэн байв.

Нобелийн энхтайвны шагнал гардуулах ёслол

ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭСЭН ИЛТГЭГЧ

Лю Сяобо нь Хятадын зүүн хойд Жилин аймгийн хүн ажээ. Тэрээр 1955 оны арванхоёрдугаар сарын 28-нд Чанчуньд төрсөн.

Олон хүн түүнийг баатар хэмээдэг ч эх орон нь харин дайснаа гэж үзсэн юм.

Нобелийн хороо түүнийг Хятадын хүний эрхийн төлөөх тэмцлийн “хамгийн бодит, хамгийн тод бэлгэ тэмдэг” гэж тодорхойлсон байдаг. Харин Хятадын хэвлэлүүд түүний “төрийн эрх баригчдыг сөрж, нийгмийн үзэл санаанд тэрсэлсэн нэгэн” гэж цоллодог.

Лю угаас номын хүн байсан гэдэг. Эрдмийн мөр хөөж, утга, уран зохиол, философид суралцаж, Бээжингийн их сургуульд доктор профессорын зэрэг хамгаалжээ.

1989 онд Тяньаньмэний талбайд ардчиллын төлөөх хөдөлгөөн өрнөж эхлэх үед Лю АНУ-ын Колумбийн их сургуульд тэтгэлгээр суралцаж байв. Гэвч тэр жилийн дөрөвдүгээр сард тэрээр нутаг буцаж, хожим Хятадын төдийгүй дэлхийн түүхэнд хар мөр үлдээсэн бослогод идэвхийлэн зүтгэжээ.

Нэг намын тогтолцоотой, коммунист Засгийн газар 1949 онд төрийн эрхийг гартаа авснаас хойших анхны гэж болох тэр эсэргүүцлийн жагсаал улам бүр газар авч, Хятадын эрх баригчид хоёр сар орчмын дараа цэргийн хүчээр цус урсган дарж авсан билээ.

Австралиас түүнд орогнол олгох санал тавьсан ч Лю овогт татгалзав. Тэр эх орондоо үлдэх замыг сонгожээ. Удалгүй түүнийг баривчлан саатуулж, “хувьсгалт суртал ухуулга хийж, төрийн эрх мэдлийг сүйрүүлэхийг завдсан” гэж ял шийтгэв. Залгуулаад эссэ, нийтлэл хэвлүүлэн нийтлэх, уулзалт ярилцлага зохион байгуулах эрхгүй болов.

1991 онд шоронгоос суллагдсаныхаа дараа Лю Тяньаньмэний цуст хядлагын дараа баригдаж, саатуулагдсан хүмүүсийн эрхийн төлөө дуугарч, эцэст нь дахин ял сонсжээ. Энэ удаад хөдөлмөрийн лагерьт гурван жил хүнд хөдөлмөр эрхлэх болов.

ТЭВЧЭЭРИЙН ХЯЗГААР

1996 онд шоронд хоригдож байхдаа Лю Сяобо Лю Сятай гэрлэв. Лю Ся бол яруу найрагч, уран бүтээлч нэгэн. Лю хожим “Лю Сяд өгсөн миний зүрх сэтгэлд хязгаар үгүй” гэж бичсэн байдаг.

Шоронгоос суллагдсаны дараа Лю тэмцлээ үргэлжлүүлсээр байв. Их сургуулийн багшаар ажиллаж байсан түүнийг ажлаас нь чөлөөлж, Хятад даяар түүний номыг худалдаалахыг хориглов. Ингээд эх орноос нь илүү барууныхан түүнийг сайн мэддэг болсон юм. 2005 онд Хятадын ВВС-д өгсөн ярилцлагадаа тэрээр “Хятадад өөрчлөлт, шинэчлэл авчрах нь ард түмний оролцоо, зүтгэлийн үр дүнд бий болох урт удаан, бартаа ихтэй үйл явц юм” гэж ярьж байжээ. “Олон саад бартаа, олон удаагийн бүтэлгүйтэл, олон таагүй явдал тохиолдоно. Хүний эрхийн төлөөх тэмцэл дийлэнхдээ бүтэлгүйтлээр төгсдөг. Гэхдээ энэ бол хэзээд үргэлжлэх сэхээрэл юм. Аливаа худал хуурмаг, хэлмэгдүүлэлтэд хэзээ ч автахгүй” гэж байлаа.

Хэдэн жилийн дараа Лю Сяобо амьдралд нь цэг тавьсан алхмаа хийсэн юм. 2008 онд Лю хэдэн нөхдийн хамт “Харти-08” хэмээх тунхаг бичиг гаргав. Тунхагт шинэ Үндсэн хууль батлах, хараат бус шүүхтэй болох, хүний эрхийг хүндлэх зэрэг Хятадад реформ хийх тухай уриалсан байсан юм. Уг баримтад Хятадын оюунлиг, элит төвшний 300 төлөөлөгч гарын үсэг зурсан ба 10 мянга гаруй хүн цахим хүрээнд тунхгийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байв. Харин Хятадын эрх баригчдын хувьд тэрхүү тунхаг бичиг тэвчээрийн хязгаар нь байсан гэж болно. Тунхгийг онлайнд байршуулахаас хоёр хоногийн өмнө цагдаа нар Лю Сяобогийн гэрт нэгжлэг явуулж, түүнийг саатуулжээ.

Шүүх хурал болох хүртэл жил орчмын хугацаанд тэр гэрийн хорионд байв. Ингээд 2009 оны Зул сарын баяраар тэр 11 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

“ЭНЭ БОЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ”

Жилийн дараа тэр Нобелийн Энхтайвны шагналтан болов. Норвегийн Нобелийн хорооноос түүний “Хятадын хүний үндсэн эрхийн төлөөх урт удаан, хүчирхийллийн бус тэмцэл”-ийг сайшаасан нь тэр байлаа. Гэвч Бээжингээс түүнийг шагнал гардуулах ёслолд оролцохыг зөвшөөрсөнгүй. Хоосон сандал түүнийг орлосон юм.

Түүний гэргий Лю Ся “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа нөхөр нь энэ шагналыг Тяньаньмэний талбайд амиа алдсан мянга мянган залууст зориулахыг хүссэн гэдгийг уламжлав. “Тэр маш их гуниглаж, маш их бухимдсан. Тэр уйлсан. Энэ бүхэнтэй эвлэрэх түүнд амаргүй байгаа” гэж Лю Ся ярьжээ. Лю Ся ч мөн дараа нь гэрийн хорионд орсон юм. Гэр бүл, найз нөхөд, дэмжигчдээс нь түүнийг бүрэн тусгаарлажээ. Шалтгааныг нь Хятадын эрх баригчид хэзээ ч тайлбарлаагүй юм.

2017 оны зургадугаар сард Лю Сяобо элэгний хорт хавдрын сүүлийн шатанд байгаа гэсэн оноштойгоор шоронгоос хотын эмнэлэгт шилжсэн байна. Суллагдсанаас хойш долоо хоногийн дараа тэр 61 насандаа таалал төгсчээ. Лю болон түүний гэр бүлээс тавьсан Герман болон АНУ-д эмчлүүлэх хүсэлтийг Бээжингийн зүгээс няцааж байв. АНУ болон Европын холбооноос Лю Сяобог суллахыг олон жилийн турш шаардаж байсан. Гэвч Хятадын засгийн газар давж заалдах өргөдлийг нь хэрэгсэхгүй болгож, түүнийг гэмт хэрэгтэн гэж үзсэн хэвээр байв.

2009 онд нэгэн мэдэгдэлдээ Лю Сяобо “Надад дайсан байхгүй” хэмээж байлаа. Эрх чөлөөг нь боогдуулж, дуу хоолойг нь хорьсон шүүх, прокурорын байгууллагынхан өөрт нь хүндэтгэлтэй хандаж байгааг мэдэрсэн гэв. Шоронгийн нөхцөл байдал ч өмнөх удаагийнхаас харьцангуй дээрдсэн, шоронгийн үйл ажиллагаа илүү хүнлэг болсон гэж байв. Мөн тэр шоронгийн харгалзагч эрийн сайхан сэтгэлийн тухай ч дурджээ. Энэ мэт өөрчлөлт нь эх орныхоо ирээдүйн талаарх итгэл найдварыг нь улам бүр бадраасан гэж тэр ярьжээ. Эцэстээ Хятад улс хууль ёсонд захирагдаж, хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөт улс болно гэдэгт эцсээ хүртэл тэр итгэж байлаа.

“Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Үүний минь төлөө надад ял оноож байгаа бол надад гомдох зүйл байхгүй…”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж