-2017 он гарсаар Израилд 190 монгол жуулчин очсоноос 50 гаруй нь улс төрийн орогнол хүссэн аж. Орогнол хүссэн монголчууд бүгд сөрөг хүчний намтай холбоотой гэх шалтгаанаар хавчлагад өртсөн хэмээн мэдүүлжээ-
Израилийн Дотоод хэргийн сайд оршин суух эрхийн хугацаагаа хэтрүүлсэн монголчуудаас орогнол хүссэн өргөдөл хүлээж авахаа зогсоох үүргийг Хүн ам, цагаачлалын асуудал хариуцсан удирдах газартаа даалгажээ. Өнгөрсөн зургадугаар сараас хойш Израилд жуулчны визээр очсон олон монгол улс төрийн хавчлагад өртсөн гэх шалтгаанаар орогнол хүссэн байна.
Израилийн Хүн ам, цагаачлалын албанд монголчууд олноороо орогнол хүсэн өргөдөл гаргасан нь хардлага дагуулжээ. 2017 он гарсаар Израилд 190 монгол жуулчин очсоноос 50 гаруй нь улс төрийн орогнол хүссэн аж. Орогнол хүссэн монголчууд бүгд сөрөг хүчний намтай холбоотой гэх шалтгаанаар хавчлагад өртсөн хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн өргөдөл гаргасан хүмүүс албаныхны ярилцлагад сайтар бэлтгэсний дээр олонх нь нэг хуульчаар дамжуулан өргөдөл гаргажээ. Тэрхүү хуульч нь Украин болон Гүржийн иргэдэд тус улсад орогнох эрх авахад тусалдгаараа нэрд гарсан хүн аж.
Израилийн албаныхан хуурамч орогнол хүссэн эдгээр иргэдээс болж бичиг цаасны ажил нэмэгдэж, хэрэгцээтэй хүмүүст нь тусалж чадахгүй байгааг тайлбарласан байна. Гэхдээ Израилийн талаас орогнол хүссэн монголчуудыг албадан гаргаагүй гэнэ. Орогнол хүссэн өргөдлийн хариуг хэдэн сар, зарим тохиолдолд жилийн дараа өгдөг ажээ.
Израилийн албаныхан монголчуудыг тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхлэхийг зогсоохын тулд орогнол хүссэн өргөдөл хүлээж авахыг зогсоох шийдвэр гаргажээ. Хэрэв энэ байдал үргэлжилбэл Израилийн талаас монголчуудын визгүй зорчих зөвшөөрлийг ч эргэн харахаа анхааруулсан байна.
Монгол Улсын иргэд 1996 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Израилд 30 хүртэл хоног визгүй зорчдог аж.
Эх сурвалж: www.ynetnews.com
Б.ТУЯА