“Универсиад-2017” эхлэхэд 30 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

“Универсиад-2017” эхлэхэд 30 хоног үлдлээ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 11.00 цагт хуралдах байсан ч хойшлуулж, үдээс хойш хуралдахаар болжээ.

Дэлхийн оюутны спортын “Универсиад 2017” XXIX дүгээр их наадам Хятадын Тайваньд эхлэхэд яг 30 хоногийн хугацаа үлдээд байна. Энэ наадмын тухай болон Монголын тамирчдын оролцооны талаар Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ)-ны хяналтын хорооны дэд дарга, Ази тивийн  оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхантай бид уулзаж ярилцлаа.

-Дэлхийн Универсиад наадам энэ онд хаана болох вэ. Универсиадын тухай ярина уу.

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXIX дүгээр их наадам Хятадын Тайваны нийслэл Тайпей хотноо 2017 оны 8 сарын 19-30-нд болно. Наадам эхлэхэд яг 30 хоног үлдлээ. Зуны Универсиад наадамд 5 тивийн 160 орчим орны 12,000 тамирчин, төлөөлөгчид оролцохоо мэдүүлгээ өгсөн талаар саяхан наадмын Зохион байгуулах хороо мэдэгдсэн. Наадам нь нийт 19  спортын төрлүүдээр волейбол, гимнастик (уран сайхны гимнастик, спортын гимнастик), жүдо, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт (сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт) теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, таэквондо, гольф, хүндийн өргөлт, бадминтон, бейсбол, байт харваа, ушу, дугуйт тэшүүр, биллярдын төрөл үзүүлэх спортын хөтөлбөрт багтан 12 өдрийн туршид болж, 306 багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам нь 2 жил тутамд сондгой тоотой жилүүдэд өвөл, зуны спортын төрлүүдээр зохиогддог уламжлалтай. Зуны Универсиад наадам 1959 онд Италийн Турин хотноо анх явагдсан. Дэлхийн спортын түүхэнд Универсиад наадмыг оролцсон орон, хүний тоо, спортын олон төрлөөр зохиогдож байгаа хэлбэр, далайцаараа олимпийн дараа ордог “Бага олимп” хэмээн зүй ёсоор нэрлэдэг ба оюутан залуучуудын спортын их баяр наадам юм. Олон орны тамирчин залуучууд нэг улсын, нэг хотод хуран цугларч, нэгэн зэрэг хугацаанд спортын олон төрлийн тэмцээнд орж, тамирчид нь нэгдсэн тосгонд амьдарч тэмцээнүүдээ оролцдогоороо олимпийн наадамтай төстэй. Универсиад гэдэг үг нь их сургууль (University) гэсэн үгнээс үүсэлтэй. Мөн олон талт (Universal) цогцолбор арга хэмжээ гэсэн үгний утгыг ч бас илэрхийлдэг. Мөн Олимпиад (Olympic), Спартикиад хэмээх үгний сүүлийн “иад” дагаварыг авч их наадам гэсэн үгний төгсгөлтэй ижил утга санааг Универсиад гэсэн онооосн нэр харуулдаг. Универсиад наадамд тухайн улсын оюутны спортын холбооны санал болгож, мэдүүлэг гаргасан их, дээд сургуулийн оюутан оролцож болдог. Өдгөө олимпийн хуучин зарчмаар Универсиадад “оролцох” нь хамгийн чухал гэж үздэг. Наадамд 17-28 насны оюутан тамирчид оролцох боломжтой ба энэ насны хязгаар 2019 оны Универсиадаас эхлэн өөрчлөгдөж 17-25 насаар хязгаарлагдах болсон.

-Монгол Улс хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцох вэ? Сонголт, зохион байгуулалт, бэлтгэл ажил хэр явагдаж байна?

Универсиадын бэлтгэл ажил 90%-тай явж байна. Монголын тамирчид дэлхийн Универсиад наадамд 1965 оноос эхлэн 52 дах жилдээ оролцож байна. Энэ удаагийн Универсиад наадамд спортын 9 төрлөөр жүдо, таэквондо, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлт, туялзуур сэлэм, ширээний теннис, гольф, биллярдын спортын төрлүүдэд 75 хүний бүрэлдэхүүнтэй оролцно. Наадамд оролцох спортын зарим тамирчидаа 2017 онд Засгийн газрын тогтоолоор явагдсан Монголын оюутны спортын Универсиад 4 дүгээр их наадмаас сонгон шалгаруулсан. Бусад төрлөөр сонголтыг оюутны УАШТ, насанд хүрэгчдийн УАШТ болон олон улсын тэмцээнүүдэд оролцсон амжилтыг үндэслэн шалгаруулж авсан. Одоо баг тамирчид бүрдсэн. Үндсэн бэлтгэлүүдээ тамирчид эх орондоо их, дээд сургууль дээрээ, спортын клуб, заал танхимуудадаа хийж байна. Спортын зарим төрлийн тамирчид гадаадад тэмцээнд оролцоод ирсэн.

МОСХ-ноос баг тамирчдыг сонгох, бичиг баримтыг бэлтгэх, мэдүүлэг гарган явуулах, тамирчдын зардал хөрөнгө, нэгдсэн журмаар явах онгоцны билетийн захиалга, бичүүлэх, баг тамирчдын жигдэрсэн хувцас формын захиалга, хэмжээ өгүүлэх, дотоод зохион байгуулалт, сурталчилгаа мэдээллийн зэрэг олон төрлийн ажилтай энэ зуны амралтын туршид ид ажиллаж байгаа. Онгоцны билет авах, суудал захиалгын ажил жуулчлалын ид улиралтай үеэд олдоц муутай байна. Гэвч МИАТ ХК-тай хамтраад ажил овоо урагшлаж явна Ихэнх тамирчид Хонгконгоор дамжин Тайвань руу явна. ЗГХА БТСГазар нь оюутны Универсиадыг дэмжин 59 сая төгрөгийг улсын төсвөөс гарган өгсөн. Үүнээс спортын зарим төрлийн тамирчдын тээврийн зардал, нэгдсэн хувцасны үнийг гаргаж байгаа.

Тайваны Засгийн газраас энэхүү наадамд оролцож байгаа тамирчдын өдрийн байр, хоолны зардлыг 10 евро болгож бууруулан  зөрүү зардлыг нь Тайваны тал гаргаж байгаа нь манай оюутан тамирчидад санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ихээхэн хөнгөлөлт тус дэм болж байгааг хэлэх хэрэгтэй. Тайвань руу явахад онгоцны зардал л өндөр үнэтэй тусч байна. Нийт явах баг тамирчдын 3/2 хувь нь өөрсдөө, эцэг эх, ИДС, компани, байгууллагуудаас дэмжлэг авч зардлаа шийдэж байгаа. Гэхдээ бид уг наадамд явах 75 төлөөлөгчдийн зардлын асуудлаа шийдэж байна. Харин наадмын бүх төлөөлөгчид нь мэдүүлгийн дагуу Тайвань руу визгүй зорчиж, визний татвараас бүрэн чөлөөлөгдсөн тул бидний ажил хөнгөрч, зардал хэмнэгдсэн.

-Манай тамирчид ямар амжилт гаргах бол?

Мэдээж бүх тамирчид өндөр амжилт гаргахын төлөө хүчээ сорино. Өнгөрсөн наадмуудад оролцсон амжилттай харьцуулан үзэхэд жүдо бөхийн төрлөөс бид тогтмол медаль авч ирсэн. Энэ уламжлалаа бататгана. Наадамд жүдогийн эрэгтэй 6, эмэгтэй 6 нийтдээ 12 тамирчидыг МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн удирдлага дороо бэлтгэн авч явна. Жүдогийн ихэнх нь залуу тамирчид бий. Үндэсний шигшээ багийн тамирчид энэ 8 сарын сүүлчээр Унгарт болох насанд хүрэгчдийн ДАШТ оролцохоор жрчимтэй бэлтгэж байна. Универсиадын залуу баг томчуудтайгаа хамт бэлгэлд гарсан байгаа.

Бид таэквондо, хагас марафон гүйлт, хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн төрөлд бас найдлага тавьж байна. Эдгээр спортын төрөлд РИО олимпод орж байсан туршлагатай тамирчид бий. Хагас марафон гүйлтийн эрэгтэй багийн тамирчид 2015 оны дэлхийн Универсиад наадмын шагналт 4 дүгээр байрт эзэлж байсан. Энэ удаа амжилттаа ахиулах зорилттой Ц.Бямбажав, Д.Гантулга зэрэг тамирчид бэлтгэлээ базааж байна. Таэквондогийн олимпийн шагналт байранд орсон П.Тэмүүжин, Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр нар болон эрэгтэй багийн тэмцээнд медальд хүрэхийн төлөө үзнэ. Хүндийн өргөлтийн эмэгтэй баг бэлтгэл сайн байгаа тул медальд хүрч магадгүй гэж горьдож байгаа. Бусад спортын төрөл дээр ч амжилт гаргахыг үгүйсгэхгүй. Бүгд л тухайн төрлийнхөө шилдэг нь болсон залуучууд явж байгаа тул тэднээс өндөр амжилт гаргахыг бид хүлээж сууна. Ерөнхийдөө баг тамирчдын бэлтгэлийг эргэх, эрчимжүүлэх тал дээр газар дээр нь очиж, үзэж анхаарч, тусламж дэмжиж байна.

-Тайвань улс энэ наадамд хэр бэлтгэж байна вэ?

Хятадын Тайваньд анх удаагаа Универсиад наадмыг хүлээн авч байгаа тул төр засгаас нь их анхаарч бэлтгэж байна.  Өмнө нь 2009 онд Тайваньд сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дифлимпийн их наадам, олон төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ОУОСХ-ны шугмаар 1998 оноос хойш 11 удаа оюутны дэлхийн аваргын  тэмцээн зохион байгуулсан ба спортын наадам зохион байгуулах баялаг туршлагатай газар юм.
Наадмын эрхийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны 2011 оны 11 сарын 29-нд хурлаар Тайваньд 6 жилийн өмнө өгч  “Универсиад”-ын бэлтгэлийг Тайпей хот хангаж их ажил хийсэн. Наадмын Зохион байгуулах хорооны даргаар Тайпэй хотын захирагч Кө Вөнзө ажиллаж байна. Наадмын үеэр 20,000 сайн дурын ажилтан, оюутан ажиллана.

Тайваны Тайпэй хотод Универсиад 29 дүгээр зуны их наадмын тэмцээнүүдийг явуулахад 79 спортын заал, танхим, талбай, спортын байгууламжуудыг хэрэглэх ба тэмцээний зориулалтаар 49, бэлтгэлийн 30 заал, танхим, талбай ашиглана. Үүнээс 3 байгууламжийг шинээр барьж байгуулсан.Тамирчдын тосгонг шинээр барьсан. Мөн Тайпей хотод 16 корт бүхий теннисний төвийг Универсиадын хүрээнд Нэху дүүрэгт шинээр 5,2 га газарт барьсан ба “ Хепин” сургуулийн дэргэд сагсан бөмбөгийн 7,000 суудалтай ордонг барьж байгуулан энэ оны 5 сард ашиглалтанд өгсөн. Бусад спортын байгууламж нь Тайпэй хотод хангалттай байдаг тул тэдгээрийг засч, их болон урсгал засвар хийж,тохижуулсан байна.

-Универсиадын үеэр өөр ямар арга хэмжээнүүд явагдах вэ?

Наадмын өмнө ОУОСХ-ны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны хурал болно. Үүнд МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан орно. Бидний хувд ОУОСХ-ны ээлжит 35 дах Ерөнхий Ассамблейн их хурал 8 сарын 17-18-нд явагдах үеэд оролцно. Наадмын төгсгөл үеэд 2017 оны 8 сарын 27-29-нд Тайпей хотын их сургууль дээр ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал болно. Үүнд: Үндэсний БТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор Л.Алтанцэцэг багш оролцох юм. Эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны 400 гаруй эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн байна лээ. Бид наадмын үеэр болох соёл, урлаг, спортын бүхий л арга хэмжээнүүдэд Монгол улсаа төлөөлөн идэвхтэй орно.

-Универсиадын үеэр манай тамирчид хаана байрлах вэ?

Универсиадын төлөөлөгчид уламжлал ёсоороо бүгд нэг дор тамирчдын хотхонд амьдарна. Монголын тамирчид ялгаа байхгүй. Тамирчдын тосгон нь Шинэ Тайпей хотын Линкоу дүүрэгт байрлаж 19,29 га газарт 2,9 тэрбум тайвань долларын төсвөөр боссон шинэ хороолол байгаа.  Тосгон нь олон улсын Тауюань нисэх буудлаар ойрхон байрлалтай, хурдны замын ойролцоо гэдгээрээ онцлог. Тосгон нь А,Б,С,Д хэсгүүдэд хуваагдсан 15-19 давхараар баригдсан 34 барилгаас бүрдэж буй. Манайхан нэг өрөөнд 2-3 аараа байрлана. Тосгон нь нэг дор 12,500 хүн хүлээн авах хүчин чадалтай юм билээ. Тосгон нь тамирчдын, олон улсын, үйлчилгээний гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Тамирчдын амьдрах хэсэг нь өндөр хамгаалалттай, зөвхөн тамирчид, төлөөлөгчид мандатаа үзүүлэн нэвтрэн ордог.

Тосгонд эмнэлэг, түргэн тусламжын поликлиник, уулзалт хурлын өрөө бүхий байр, хэвлэл мэдээллийн төв, банк санхүүгийн үйлчилгээний газар, худалдааны дэлгүүр, шуудангийн газар, хоолны ресторан, 24 цагийн харуул хамгаалалттай хяналтын байр, сэргээшийн төв зэрэг газрууд бүгд нэг дор байрласан. Тамирчдын тосгоны үйл ажиллагаа 2017 оны 08 сарын 12-нд нээгдэх ба 09 сарын 02-нд хаагдана. Манайхан тосгонд 8 сарын 15-наас эхлэн орно. Универсиадын тамирчдыг тосгонд нэг ээлжиндээ 4,000 хүн нэгэн зэрэг хүлээн авч хооллох 24 цагийн үйлчилгээтэй ресторан ажиллаж  Ази, Европ, олон үндэсний хоолоор үйлчилнэ.

-Универсиад 2017 наадам нээгдэхэд 30 хоног үлдлээ. Наадмын нээлт хэзээ, хаана болох вэ?

Универсиадын нээлтийн ёслол нь 2017 оны 8 сарын 19-ны өдрийн 19:00 цагаас эхлэнэ. Яг нэг сар буюу 30 хоногийн дараа эхэлнэ. Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Тайпей хотын “Төв цэнгэлдэх хүрээлэн” болно. Тайваны алдарт хөгжмийн зохиолч, алдартай найруулагч нарын удирдсан менежментийн баг энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхээ авч бэлтгэж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагаанд 60 орчим хамтран зохион байгуулагч, туслан нийлүүлэгч байгууллага, компаниуд оролцож байна. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд олон орны сайд, дарга нар очино. Наадмыг нээж Хятадын Тайваны Ерөнхийлөгч, хатагтай Цай Ин Вэн үг хэлэхээр хөтөлбөрт тусгагдсан байна лээ. Мэдээж нээлтийн үеэр үндэсний соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглодог. Тайваньд бас адилхан. Соёл урлагийн арга хэмжээнээс бусад хүндэтгэлийн ёслол нь ОУОСХ-ны протоколын дагуу явагддаг. Нээлтийг гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн 120 байгууллагын 1500 сэтгүүлч  сурвалжилж 200 оронд шууд дамжуулан 7 тэрбум үзэгчидэд хүргэн сурталчилах ажил явагдана. Евро спорт, Оросын Россия-2 спортын суваг, БНХАУ-ын ССТВ-5 спортын суваг, Азийн телевизүүдийн холбоо дамжуулахаар гэрээ байгуулсан юм билээ. Нээлтийг Монголын талаас МҮОНРТ шууд дамжуулан үзүүлнэ.

-Энэ Универсиадын тухай мэдээллээ Монголчууд бид хаанаас олж авах вэ?

Универсиад наадмын тэмцээний тухай мэдээллийг Зохион байгуулах хорооны портал сайт http://2017.taipei/home тогтмол тавьж байрлуулж байна. Наадмын тэмцээнүүд 8 сарны 17-ны өдрөөс эхлэн хөлбөмбөгийн урьдчилсан тоглолтоор явагдана. Багийн спортын сугалаа 3 сарын өмнө явсан. Тэр хувиарын дагуу багийн 5-н спортын төрлөөр болно. Бусад төрлийн тэмцээний хуваариуд энэхүү сайтан дээр тодорхой гарсан байгаа.

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг бас Олон улсын оюутны спортын холбооны портал сайт www.fisu.net болон www.livefisu.tv сувгаар шууд үзэж болох ба Монголын оюутны спортын холбооны вэб сайт www.mssf.mn, болон Монголын оюутны спортын холбооны фэйсбүүк хаяг: www.facebook.com/ mongolian student sports federation орж мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Монголын баг тамирчдын тухай мэдээллийг МҮОНРТ-ийн 1 сэтгүүлч, 1 оператер явж Монголын мэдээ сувгийн өдөр бүрийн оройн 20:45 минутаас сурвалжлага, яриа, мэдээллийг цаг тухайд  Монголын ард түмэнд хүргэн сурталчилна. МҮОНРТ-ийн 2 сэтгүүлч тамрчдын тосгонд амьдарч мэдээ, мэдээлэлээ газар дээрээс нь бэлтгэн явуулах бололцоог бид олгож байгаа. Универсиад наадмын үеэр ажиллах тухай МҮОНРТ, Монголын оюутны спортын холбоо гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

-Универсиадын үдэн гаргах ёслол хэзээ болох вэ?

Монголын баг тамирчдыг дэлхийн Универсиад наадамд үдэн гаргах ёслолоо бид уламжлалын дагуу ирэх 8 дугаар сарын 11-ны өдөр 11:00 цагаас МУИС-ийн дугуй зааланд зохион байгуулна. Үдэн гаргах ёслол арга хэмжээний хөтөлбөр гарсан_ бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Энэ хүртэл баг тамирчдын нэгдсэн хувцас форм гарчих байх. Дотоодын компанидаа захиалгаа өгөөд оёуулж байгаа. Ёслолд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар болон БСШУСЯам, БТСГ, МОСХ, их, дээд сургуулиуд, спортын холбоодын удирдлага, тамирчид, дасгалжуулагч нар оролцсон нэг цагийн арга хэмжээ болно. Уг ёслолд Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дах төлөөлөгчийн газрын дарга оролцно.

Монголчуудаа Универсиад наадамд оролцох гэж байгаа оюутан тамирчидаа дэмжээрэй гэдгийг хэлье.

-Их баярлалаа

Та бүхэнд их амжилт хүсэе. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж