“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг онцолж байна.
МАН-ын Засгийн газрын “халаа сэлгээний тэргүүн фронт”-ыг БСШУСЯ манлайлж байна. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Дэд сайд Ёндонгийн Отгонбаяр нь АНУ-д суух Онц бөгөөд Бүрэх эрхт Элчин сайдаар томилогдсон. Энэхүү томилгооноос хойш одоог хүртэл дэд сайдаа нөхөн томилоогүй байгаа юм. Уг албан тушаалд МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаярын нэр яригдаж байсан. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа хэвлэлийг чиглүүлэх туршлагатай хүн гэж үзээд түүний томилгоог хойшлуулсан гэх яриа үндэслэлтэй байж болох. Сонгууль дууссан ч томилгоо хийгдээгүй байна. Магадгүй салхи өөр зүгт эргэсэн ч байж мэдэх юм.
Үүний дараахан зургадугаар сарын эхээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсан. Нэгийг нь дэвшүүлж, нөгөөг нь огцрууллаа гэх шүүмжлэлийг гишүүд тухайн үед хөндөж байсан. БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь салбараа нэгдсэн удирдлагаар хангаагүй, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр огцорсон юм.
Ийнхүү сайд нараа үдэж явуулсан боловсролын салбарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хавсран удирдаж байсан. Нэг сар орчим эзэнгүй байсан сайдын суудалд Академич Г.Чулуунбаатарыг томилоод нэг их удаагүй байтал дахиад л халаа сэлгээ тус яаманд хийгдлээ. Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй гэж үзсэн юм. Гэвч Б.Баярсайхан албан тушаалаа тийм ч амар өгөхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр “Төрийн ямар нэгэн тендер, худалдан авах ажиллагааг шударга, томилгоог чадварлаг болгох гэсэн зорилгын маань төлөө ажлаас чөлөөллөө” гэж мэдэгдсэн. Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хандах ёстой газарт нь хандана гэдгээ ч илэрхийлээд байна.
Ганцхан жилийн дотор гурван даргаа үдсэн уг салбарт томилгооноос өөр тулгамдсан асуудал олон бий. Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, урсгал засвар гэх мэт яригдах ёстой сэдэв нь халаа сэлгээ томилгоогоор солигдов уу гэлтэй БСШУСЯ бужигнаж байна.