Бүгдийг хүчээр шийдэх гэж аархсан Ардчилсан нам ард түмнээр дүнгээ тавиулж гудамжинд хөөгдсөн хойноо л ухаарч намаа шинэчлэх ажилд орсон. Залуус, ахмадууд бүгд нэгдэн тоглоомын дүрмээ боловсруулсан ч удирдлагад буй зарим хүний явцуу эрх ашгаас шалтгаалан хүссэн хэмжээндээ шинэчлэгдэж чадалгүй шинэчлэл биш шинэ хуваарилалтад шилжсэн.
Ардчилсан намын алдааг одоо Монгол Ардын нам давтаж байна. Иргэдээ татвараар дарамталж, төрийн албыг үнэлэн худалдахаас эхлээд тэтгэвэр, тэтгэмждээ гар татсан нь Ерөнхийлөгчийн сонгуулиар салхийг тэдний эсрэг эргүүллээ. Улс төр судлаачид Ардчилсан нам илүүдээ бус Монгол Ардын намын бодлого буруудаа ялагдлаа гэж дүгнэж байна.
Ялагдал болгоны дараа хэн нэгэнд хариуцлага тооцож, бурууг үүрүүлдэг нь улс төрийн намуудын тогтсон жишиг болохоор сонгуулийн урьдчилсан дүн гарсан даруйд МАН-д хариуцлагын асуудал яригдаж эхлэв.
Үүнтэй зэрэгцэн хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор халба, сэрээгээ харшилдуулж эхэлжээ. Асуудлаа гадагш гаргадаггүй МАН-ын залуус дуу дуугаа авалцан, шинэчлэл шаардаж эхлэв.
Мэдээж тэдний ард дараагийн намын удирдлагад горилогч буй. Төрийн албыг наймаалцаж байгаа яриагаа “эвлүүлэг” гэж ичихгүй мэлзээд сонгууль өнгөрөөсөн нь үнэндээ өөрсдийгөө л хуурсан хэрэг болов. Үнэндээ мөнгөгүйгээс төрийн албан тушаалд очиж чадаагүй, жирийн гишүүд нь удирдлагадаа ууртай байгаа. У.Хүрэлсүх сонгуулийн төгсгөлд өөрийн давуу байдлаа ашиглан, ил далдаар намын дарга, удирдлага руугаа давшаад эхэлсэн. Түүний ард НАМЗХ-ны залуус бий. Ялгаатай нь тэд ахмад үеэ хүндэлж, арын эгнээнээс аялдан дагаад байдаггүй.
МАН-ын зарим залуус утсаа таслан хүүхэлдэй байхаа больж хүн болохоор тэмүүлж байна. Харин одоогийн удирдлага нь шуудхан байр сууриа тавиад өгөх сонирхол алга. Хотын гэгддэг байсан фракц одоо намын эрх мэдлээ нэгмөсөн алдах уу, эсвэл хоёрдугаар ээлжийнхнийг аргалаад өнгөрөх үү гэдгээс бүх зүйл хамаарах нь.
Үнэндээ 90 гаруй жилийн түүхтэй энэ намд шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй байгаа ч өөрсдөө хүсэмжлэхгүй байна. Шинэчлэл гээчийг суудалд сууж буй нэгнээ нөгөөгөөр солих л гэдгээс өөрөөр харахгүй байгаа бололтой. Сонгуулиас сонгуулийн хооронд хариуцлага хүлээлгэх нэрээр албан тушаалын хуваарилалт хийж ирсэн нь бүх зүйлийг баллаж орхижээ. Өөрийн боловсон хүчнээ эртнээс бэлдэж, чадвартай залуусаа өөд нь татдаг байсан технологи нь цагийн аясаар алдагдаж, боловсрол, мэдлэг, чадварын оронд мөнгөтэй гэх ганцхан шалгууртай болов. Мөнгөө намдаа цацдаг, эргээд албан тушаалд очиж, тендерийн наймаа, хуваарилалтаар эргүүлэн олдог тийм тогтолцоо л МАН-д үйлчилж байна. Үүнийгээ дагаад залуус нь боловсрох бус өөрөө хордчихгүйхэн шиг хор найруулахад л суралцаж байна.
Бодлогоо шинэчилж, арай өөрөөр явах хүсэл тэмүүлэл үнэндээ алга. Тийм санаа, бодол, зорилготой залуус ч улс төрийн хамгийн том хүчнээс нүүр бууруулсан. Тэдэнд өөрсдийн бизнесээ өргөжүүлэхийн тулд л тал зассан дүр эсгэж байгаа болохоос тэр шалбаагт суусан бодлогыг нь болгоосондоо найр тавиагүй.
Энэ байдлыг ч чадвартай боловсон хүчнүүд нь анзаарч, аль болох зайдуухан явахыг хичээх болжээ. Уг нь мэдлэг боловсрол, ур чадвараараа хавьгүй илүү Ё.Отгонбаяраас эхлээд олон лидерээ хоёрдугаар эгнээнд зогсоолгүйгээр тэргүүн эгнээнд гаргасан бол МАН цэвэрхэн харагдах байлаа. Гэвч тэгсэнгүй. Зөвхөн мөнгөөр асуудлыг шийддэг залуус л энэ намын толгойд гарсан нь найдвар таслав. Одоо залуус шинэчлэлийн тухай ярьж байна. Гэхдээ энэ шинэчлэл суудлын хуваарилалтыг өөрчлөх төдийхнөөр л өнгөрвөл жинхэнэ утгаараа ялагдал хүлээнэ. Сонголт нь өөрсдөд нь бий ч сонирхол нь өөр өөр болохоор тийм ч амархан шинэчлэл хийхгүй л болов уу?