"Х ТҮЦ орчуулагчийн хөдөлмөрийг үнэлдэггүй"

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

"Х ТҮЦ орчуулагчийн хөдөлмөрийг үнэлдэггүй"

Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт байгуулагдсан Нийслэлийн Иргэний танхим мягмар гаригт буюу маргааш анхны хэлэлцүүлгээ хийх гэж байна.

“Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч, зөвлөх багш, доктор, профессор Д.Болдбаатартай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.


-Хятад хэл сурах гэж хүмүүс  хошуурсан өдгөө цагт биш социализмын он жилүүдэд хятад хэлний мэргэжилтэн болохоор зориг шулуудсаны учир юу вэ. Ямар нэгэн нөлөө байсан уу. Орчуулга хийхээс халшрах, төвөгшөөх үе гарч байв уу?

-Бид нарын үед мэргэжлээ өөрийн дураар сонгох боломж тэр болгон байгаагүй юм. Би эхлээд МУИС-ийн Монгол хэлний ангид орчихоод нэг жил суралцаад хоёрдугаар курсэд дэвшин суралцаж байтал намрын нэгэн нартай налгар сайхан өдөр хэл шинжлэлийн алдартай эрдэмтэн Чой.Лувсанжав багш маань манай ангид орж ирээд «Хятад хэлний ангид нийгмийн ухааны салбарт онц сайн сурсан хүүхдүүдээс шалгаруулж авдаг уламжлалтай юм. Танай ангиас элсэх сонирхолтой хүүхдүүд байна уу?» хэмээн асуухад нь гар өргөж босоод орчихсон хэрэг. Тухайн үед гаргасан гэнэтийн шийдвэртээ өнөө хэр харамсаж байсан удаа үгүй. Тэр нэг удаагийн сонголт маань цаашдын зам мөрийг хөтлөн хөтөлсөөр орчуулгын орд цагаан өргөөний босгоор алхан оруулсан юм даа. Орчуулгын ажил одоо миний хувьд алхаж байгаа шиг, амьсгалж байгаагаас өөрцгүй амьдрах хэвшил маань болон хувирсан болохоор тэгтлээ түүртэж төвөгшөөгөөд байх байдаггүй.

– “Чонон сүлд”, “Чингис хаан”, “Мөрөн голын шулам хүүхэн”, “Журамт бүсгүй Лү Би Лянь”, “Бэлтрэгхэн” зэрэг 30  гаруй ном, “Цаст уулын нисдэг үнэг”, “Сюэкө бүсгүйн хувь заяа”, “Хуаньжу гэг”, “Чингис хаан” зэрэг олон ангит кинонуудаар тань хүмүүс таныг андахгүй. Энэ олон бүтээлийг эх хэлнээ буулгаж, уншигч, үзэгчдийг татахын тулд та хэдий хэр цаг хугацааг зарцуулсан бол. Хамгийн төвөгтэй болон хамгийн амархан гараас гарсан бүтээл тань юү вэ?

-Би бараг 1500-гаад анги кино орчуулсан байдаг юм. Нэг анги киноны орчуулга хамгийн багаар бодоход 10 хуудас гэж тооцвол 15 000 хуудас болж таарна. Түүнийг давхарлаад үзвэл нэлээд хэдэн давхар байшинтай тэнцэх байх аа. Түүнээс гадна олон хэлний толь бичиг, сурах бичиг болон уран зохиолын номуудыг нэмбэл чамгүй өндөрсөх нь тодорхой. Зарцуулах хугацаа бол харьцангуй л даа. ‘Чонон сүлд’ бол бас л орчуулахад амаргүй том ном. Гэтэл би түүнийг 26 хоногт орчуулж байсан. Гэсэн атал ‘Гурван улсын үлгэр’ зохиол дээр гардаг нэг шүлгийг гараас гаргах гэж бүтэн долоо хоног ноцолдох жишээтэй. ‘Цаст уулын нисдэг үнэг’ 40 ангит киног ердөө 10 хоногт орчуулж байсан. Харин ‘Гурван улсын үлгэр’ романыг таван жил оролдож байж гаргасан гэхээр хэр зэрэг хүч хөдөлмөр зарцуулсан нь ойлгогдоно.  

-Орчуулах зохиолоо хэрхэн сонгодог вэ. Уншигчдад сонирхолтой өгөөжтэйг үү, эсвэл арилжихад илүү боломжтойг нь уу?

-Мэдээжийн хэрэг хүчирхийлэл, садар самуун сурталчилсан зохиол орчуулахгүй гэдэг ч юм уу тодорхой шалгуур уран бүтээлч хүнд байх учиртай. Уншигчдын оюуныг цэнгээх талыг бодолцохоос гадна үеийн үед уншигдаж байдаг урт настай бүтээл гаргачих юмсан гэдэг бодол уран бүтээлч хүн болгонд байдаг байх аа. Би тэр л жишгийг барьж ажилладаг даа.

-“Чонон сүлд” роман хэвлэгдсэний дараа хятад судлаачид болоод утга зохиолын хүрээнийхэн шүүмж, магтаалыг чамгүй урсгасан. Бүсгүй хүн бүү хэл эрчүүд чоно сүүлдэж дөнгөхгүй гэхчилэн шүүмж нэлээд гарсан. Шүүмжийг хэрхэн хүлээж авсан бэ?

-‘Чонон сүлд’ зохиолын тухайд бүдүүн тоймоор жаран мянга шахам хувь борлогдчихоод байгаа нь өргөн олон түмний зүгээс уг бүтээлд өгсөн том үнэлгээ юм болов уу гэж боддог. Мэдээж аливаа бүтээл сайн муу янз бүрийн зүйл сонсож таарна. Өөрийн чинь хэлээд байгаа жишээний тухайд гэвэл би зохиолч Зян Рун гуайтай уулзахдаа ярилцаж байсан юм. Хоньд хотны мухар руу нягтран чихэлддэг нь сүргээ аврах байгалийн зохилдлогоот арга байж таарна. Хэрвээ бут үсрээд зугтчихвал ганц чоно ч байсан сүйд хийгээд хаячихна шүү дээ. Тэгж нягтарсан хонин сүрэгт мөнөөх чоно хавчуулагдсан хэрэг. Чонын нуруу нохойг бодвол нэг нугалам илүү байдаг нь хавьгүй хүчтэй болгодог боловч эргэж харах зэрэг хөдөлгөөн хийхэд хөшүүн байдаг нь уг зохиолын өөр нэг хэсэг дээр тодорхой гардаг шүү дээ. Бат хоёр чоныг элдэж явтал нэг нь давааны орой дээр гарахын алдад бүтэн биеэрээ эргэж хөндлөн зогсох агшинг хүлээж байгаад хашир анчин буудаад шархдуулчихдаг.

-“Чонон сүлд”-д монгол ахуйг дүрсэлдэг учраас илүүтэй сонирхож, сонжсон биз ээ. Эх бүтээлд  Зян Рун зохиолч  монгол зан үйлийг буруу ташаа бичсэн, алдаа мадаг хэр байсан бэ. Та засч залруулсан уу, эсвэл тэгэх эрх орчуулагчид байхгүй юу?

-Ер нь засаж найруулах нь байтугай харин ч дотроос нь монгол соёл, уламжлал, түүхтэй холбоо бүхий маш олон зүйлийг ойлгож авсан шүү. Ер нь эх зохиолын агуулгыг дураар өөрчлөх эрх байхгүй л дээ. «Орчуулагч хүн ганц нэг үг нэмж хасах бага хэрэг. Харин утга санааг гажуудуулан орчуулна гэдэг гэмт хэрэг» гэсэн үг байдаг. 

-Хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа та “Төр засгаас өчүүхэн эрдэм чадлыг минь ойшоож үзээд хоёр Сымагийн ‘Түүхэн шастир’, ‘Засагт туслах нэвтэрхий толь’ нэрт эртний хятадын хоёр том түүхэн сурвалжийг орчуулах ажилд зараасай гээд хөрөнгө мөнгөний хувьд тусалдаг болоосой гэж бодогдох үе бий” гэж ярьсан байсан. Та дээрх бүтээлүүдийг орчуулж амжсан уу?

-Уг нь түрүүчийн Ерөнхийлөгчийн үед Тамгын газрын дарга асан П.Цагаан хүлээн авч уулзаад дэмжиж туслах юм болоод салсан л даа. Тэгээд манайхан л юм болсон хойно усанд хаясан чулуу шиг таг болчихсон. Уг нь энэ хоёр зохиолыг бүрэн эхээр нь орчуулаад гаргачихвал Монголын түүх бүрэн утгаараа тодроод ирэх боломжтой. ‘Түүхэн шастирт’ л гэхэд Хүннүгээс өмнөх үеийн нүүдэлчдийн 3000 жилийн түүхэн үйл явдал багтсан байдаг гээд бодохоор мөн сонин байгаа биз? Шинэ Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа аваад өөрийн зүгээс хариуцан дэмжвэл монголын түүх бичлэгт маш дорвитой  хувь нэмэр болох нь гарцаагүй юм.

-Хятадын гүн ухааны бүтээлүүдээс орчуулан гаргасан нь цөөнгүй. Манайхан гүн ухаан уншихдаа хэр вэ?

-Ер нь аливаа нэг үндэстний дотор гүн ухааныг ойлгож уншдаг тун явцуу тодорхой хэсэг бүлэг байдаг л даа. Манайд ч гэсэн тэр жишгийн дагуу байдаг болов уу гэж боддог. Би цаасан дээр хэвлүүлэн гаргахаас илүүтэй нүүр номдоо Будда, Күнз, Лаозы, Жуанзы зэрэг дорнын суут Богд мэргэдийн сургаал номлолыг түлхүү таниулахыг хичээдэг. Тэрийг шимтэн уншдаг тодорхой хүрээлэл үүсчихээд байна гэхэд хилсдэхгүй болов уу?

-Яг одоо ямар бүтээл туурвиж байгаа вэ?

-Виктор Гюгогийн нэрэмжит олон улсын шагнал хүртсэн ‘Гурван биет’ гэдэг уран зөгнөлт романыг орчуулж байгаа тухайгаа нүүр номондоо мэдээлж байсан бол түүнийг дуусгаж хэвлэлд бэлэн болгоод байна. Бас ‘Хувраг бүжиг’ хэмээх Хятадын солонгос үндэстэн алдартай зохиолчийн бүтээлийг энэ сардаа багтаан хэвлэлд өгөхөөр ажиллаж байна. Хятадын дөрвөн сонгомол зохиолын гурав дахь нь болох ‘Тансан ламын Баруунш зорчсон тэмдэглэл’ зохиолыг гараас гаргаад одоо хянан тохиолдуулах шатны ажил үндсэндээ дуусаж байна. Товчоор хэлбэл ойрын үед орчуулгын уран бүтээлийн олз омог ихтэй гэж болно.   

-Зохиол бүтээлийг олонд түгээхээс гадна хэл сурах арга ухааныг шавь нартаа түгээдэг багш хүний тань хувьд хэдэн асуулт асууя. ‘Гэгээ’ коллеж гэр сургалтын аргыг хэрэгжүүлж байгаа. Гэр сургалтын онцлог юү вэ?

-Өөрөө миний нүүр номын байнгын зочны хувьд уулзаж ярилцахад илүү дөхөмтэй санагдаж байна. Би энэ ярилцлагад бэлтгэл болгож өөрийг чинь өчигдөр нэг шилдэг суралцагчтайгаа уулзуулж сэтгэгдлийг нь сонсгосон. Ердөө сар хагасын хугацаанд англи хэлийг ахисан дунд шат хүртэл үзчихээд хятад хэлээр роман уншаад эхлэсэн гэдгийг өөрөө ярьж хийж байгаа зүйлээ үзүүлж байсан шүү дээ. Миний арга бол энгийнээр хэлэхэд сэтгэлийн саад тотгор, түгжээг арилгаж мултлаад дараа нь үзэх ёстой хичээлээ заагаад эхлэдэг нь багш суралцагч хоёрын аль алинд маш амар байдаг гэх үү дээ. Сүүлийн үед манай ‘Гэгээ’ сургалтын төв онлайн сургалтаар чамгүй их амжилт олоод байгаа. Анх зөвхөн англи хэлний дунд шатны сургалт голлодог байсан бол одоо англи хэлний анхан, дунд, ахисан дунд, хятад хэлний бүх шат, япон хэлний анхан болон ‘Номтой бамбарууш’ цагаан толгойн сургалт гэсэн олон чиглэлтэй болж өргөжөөд байна.  

-Хятад, англи, япон хэлийг онлайнаар 14 хоногт сургана гэхээр үнэмшихгүй хүмүүс олон байна. Тэдэнд хандаж юу хэлэх вэ. Хагас сарын сургалтаар тань хэдэн хүн хэлний боловсролтой болсон бэ?

-Асуултын чинь эсрэг талд 10-20 жил англи хэл болон бусад гадаад хэлийг сураад олигтой ахиц гаралгүй яг сууж орхилоо гэсэн хүмүүс олон байдаг л даа. Тийм хүмүүсийг харахад урдхан талдаа байгаа өөрт хэрэгтэй зүйлийг ухасхийгээд авчихаж чадалгүй залхуураад байгаатай зүйрлэж болох юм. Харин манай сургалтанд хамрагдсан хүмүүс өглөө болгон 06.00 цагаас нэг тодорхой сэдэвтэй бичлэгийг бүтэн нэг цагийн турш чанга дуугаар унших дасгал хийдэг нь нөгөө урдаа байгаа хэрэгтэй зүйлээ авахаар шийдэмгий алхаад эхлэсэнтэй адилтган зүйрлэж болно. Өглөө болгон ийм оюуны фитнес хийгээд ирэхээр сэтгэлийн хүч хураагдана. Хувь хүн өөрт байгаа боломж нөөцийг олж харна. Тэр хэрээр том хувирлууд гарах нь ч тодорхой. Урьд нь мөрөөдөгч төдийхөн байсан хүмүүс хэрэгжүүлэгч болон хувирахаар амсах үр дүн ямар байх нь ойлгомжтой биз дээ? Дээр нь тэд нар багшийн заавраар өгөгдсөн сэдвийг өөрсдөө орчуулах, анхан шатны төвшинд ярианы хэл голлосон хичээл үзэх, цуврал сонирхолтой ном унших гээд гадаад хэл сонирхогч хүүхэд залуусын уулзаж танилцах, туршлагаа солилцох, хамтран ажиллах цахим ертөнцийн тааламжтай сайхан орчин бүрэлдэж байгаад багшийн хувьд би их баяртай байгаа.

-Гадаад хэл сурахад юу чухал вэ. Анхлан суралцагчид болоод нэг төвшинд  хүрээд цааш үргэлжлүүлж чадахгүй гацчихсан хүмүүст хандаад зөвлөгөө өгнө үү?

-Гадаад хэл гэлтгүй аливаа эрдмийг сурахын тулд сэтгэл тогтсон байх ёстой юм л даа. ‘Төрөө засахын тулд гэрээ зас. Гэрээ засахын тулд биеэ зас. Биеэ засахын тулд эрдэм сур. Эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо’ гэсэн эртний сургаал байдгийг манай ‘Гэгээ’ сургалтын төвийн суралцагсад мөрдлөг болгодог. Тэгвэл сэтгэлээ яаж тогтоодог юм бэ гэдэг асуулт урган гарч таарна. Өдрийн зөв дэглэмтэй байж чадвал сэтгэлээ аяндаа тогтдог. Сэтгэл тогтоод ирэхээр билиг оюун аяндаа хурцдаад ирнэ ээ дээ. Миний ярианы зах зухаас манай Гэгээгийн сургалтын арга маш өвөрмөц болохыг уншигчид ойлгож байгаа байх аа.

-Та болоод таны шавь нар хамтран “Оюун соёлын мянгат” байгуулж байгаа юм байна. Энэ ямар учиртай мянгат вэ. Мянгатад одоогоор гурван хүн байгаа гэлээ. Үүд хаалгыг нь хэрхэн нээж орох хэрэг вэ?

-Дорно дахины таван хэлтэй монголын сод мэргэд эрт дээр цагт дотоод гадаадгүй суу алдраа бадруулж явсан түүх холгүй. Тэр сайхан уламжлалыг мэдээллийн эрин зуунд сэргээгээд өрнө дорнын таван хэлтэй мянган залууг бэлтгэн гаргах юмсан гэдэг гэгээн хүслэнг нэлээд дээхнээс сэтгэлийн мухартаа тээж явдаг байсан юм. Харин мэдээллийн технологийн ололт дэвшлийн ачаар гадаад хэл сурах чин хүсэлтэй хүүхэд залуусыг нэгтгэж энэ том үйлс рүү чиглүүлэх боломжтой болсон нь ‘Оюун соёлын мянгат’ гэдэг шинэ ухагдахуун болон гарч ирээд байгаа юм л даа. Уг нь дороос урган гарч ирж байгаа нийгмийн манлайллын энэ сайхан санал санаачлагыг төр засгаас хүчтэй дэмжээд өгвөл мянга биш түм буман залуусыг энэ ариун үйлсэд нэгтгэж болмоор санагддаг. Би сэтгэлдээ ямар ч байсан энэ гурав тэр мянгатын эгнээнд баттай орох байхаа гэж багцаалдаг залуусын нэгтэй өчигдөр өөрөө уулзсан. Миний бие ганц ширхэг ханз үсэг заагаагүй хөнгөн сэтгэл зүйг бариулаад сургаад байтал аяндаа хятадаар том ном уншиж чаддаг болсныг өөрөө ойлгосон шүү дээ. Мөртлөө ердөө нэг сарын дараа шүү. Ер нь ярилцаж байхад их л өвөрмөц сэтгэлгээ хандлагатай болсон нь өөрт чинь мэдэгдсэн байх аа. Би ямар ч байсан өөртэй чинь тэдгээрийн нэгийг уулзуулсан болохоор ингэж ам бардам ярьж байна л даа. Хэрвээ тийм биш бол хэр баргийн хүмүүс энэ нандин аргын тухай төсөөлөл ойлголт авахад бэрхтэй юм.

-Бүтээл туурвилаар тань олон хүн таньдаг ч хувь хүн талаасаа, үзэл бодол, амьдралын мөн чанараа олонд тэр бүр дэлгээд байдаггүй. Энэ нь таны зан чанартай холбоотой юу?

-Ер нь аливаа ном бүтээл нууцлаг талдаа байж үр шим нь арвин бүтэж бүрэлдэх учиртай юм. Гэсэн атал хэдэн зуугаар тоологдох шилдэг хүүхэд залуус балан дээр цугларах зөгий, эрвээхэй мэт олон арваараа хүрээлсээр байгааг өөрөө харсан буй за.

-Монголд гар утас хэрэглэдэггүй ганц хүн та л үлдэх шиг боллоо. Гар утаснаас татгалздаг шалтгаан юу бол?

-Энэ гар утас гэж гайтай юманд бүр донтчихлоо шүү. Яаж холдох вэ гэсэн найз нөхөд чинь чамгүй олон байгаа биз дээ? Томчууд ч гайгүй хэрэг. Бага насны хүүхдүүд хэт донтоод таагүй хор уршгийг нь амсаж байгаа жишээ олон дуулдах болов. Бичиг номын хүнд садаатай эд байж мэднэ гээд бараг эхнээс нь хэрэглэлгүй байсаар өдий хүрсэн. Эргээд бодоход тэр нь харин оносон бололтойдог шүү.

-Харин интернэт орчинд, олон нийтийн сүлжээний идэвхтэй гишүүдийн нэг. Олон нийтийг гэгээрүүлэх, ухааруулах чиглэлээр мэдээлэл түгээсэн харагддаг. Цахим орчны талаарх таны дүгнэлтийг сонсъё?

-Мэдээллийн технологийн ололтыг хоёр иртэй хутга лугаа зүйрлэж болох юм. Хутгаар хүн ногоо махаа хэрчиж хөшиглөөд хоол унд хийхдээ хэрэглэдэг байвал ашиг тустай. Харин хуруу гараа зүсээд байдаг бол ямар олиг байх билээ. Миний хувьд энэ үүднээс хандаж байгаасай гэж залуустаа захидаг даа.

-“Х ТҮЦ”-ийнхэн таны орчуулсан зохиол бүтээлээр жүжиг болон кино хийхдээ танаас албан ёсоор зөвшөөрөл авдаггүй гэх юм. Эх зохиолчийг нь дурддаг ч орчуулагчийн нэрийг дурдахгүй өнгөрч байгаа нь оюуны өмчийн хулгай биш үү?

-Сая нэг тийм асуудал цахим сүлжээгээр нэлээд шуугиан тариад өнгөрлөө. ‘Сэрүүн хасын нууц’ жүжиг дээр тиймэрхүү асуудал болсон. Тэднийх ‘Аянгат бороо’ жүжгийн дараа ‘Нар мандав’ гэдэг нэртэй хятадын сонгодог жүжгийг тавих болчихлоо. Орчуулаад өгөөч гэж уг хамтлагийн ахлагч Онон ярихаар нь миний бие жүжгийн зохиолыг уншиж үзээд орчин үеийн үзэгчдэд хүрэхээргүй зохиол байна гэдгийг хэлсэн. Түүний хариуд “Өөр аятайхан ямар зохиол байдаг вэ?” гэж нэг уулзаад сууж байхдаа асуухаар нь ‘Сюэкө’ бүсгүйг уг нь найруулж чадвал их хурц өрнөл, үйл явдалтай зохиолдоо. Би тэр бэсрэг романыг орчуулсан уншаад үзээрэй гэж хэлтэл дараа нь нэг их удалгүй ‘Сэрүүн хасын нууц’ жүжиг болгон найруулан тавиад шуугиулаад эхэлсэн. Хамгийн гол нь жүжгийн танилцуулга дээр орчуулсан Д.Болдбаатар гэдэг нэр тавигдаагүй Одончимэг зохиогоод найруулчихсан мэт хүмүүст санагдахаар зүйл болоод өнгөрсөн л дөө. Түүнийг зарим гярхай үзэгчид анзаарсан байх аа. Миний бие тэр үед ‘Эхнээсээ учиргүй нарийн ярьж тохироогүй юман дээр учиргүй зарга заальхай хийгээд яах билээ’ гэсэн шүү юм бодоод өнгөрсөн.

Гэтэл саяхан бас л миний орчуулсан ‘Солиот эх’ өгүүллэгээр Х ТҮЦ-ийнхэн кино хийхээр болсон тухайгаа ил цагаан зарлаад эхэллээ. Яг нөгөө муухай гаршсан аргаараа орчуулсан Д.Болдбаатар гэдэг нэр байхгүй. Одноо, Онон, Бархүү гээд баахан нэр хөвөрсөн цуварсан зурагтай зарыг өөрөө харсан байх аа. Ийм хормой хот ороосон хоёр алхахгүй баригдах арга мэхийг нэг удаа хэрэглэж болох юм. Харин хоёр дахь удаагаа бол байж болохгүй гэдэг санаагаа илэрхийлээд миний бие өөрийн нүүр номондоо эсэргүүцэл илэрхийлсэн. Миний бие зохиолчтой нь холбоо тогтоогоод албан ёсны эрхийг авсны үндсэн дээр зөвхөн Монгол Улсад гаргах болзолтойгоор өөр нэг продакшны залуустай нийлээд уг зохиолоор ижил нэртэй кино бүтээхээр ажиллаж байгаа үед ийм асуудал босож ирсэнд их харамсаж байгаа юм. Одоо чинь хууль дүрэм чангараад нарийн болсон үед баахан хөрөнгө хүч зарлагадаад түүнийхээ үр шимийг үзэлгүй том асуудал үүсэх вий гэдэг нөхөр журмын болгоомжлол ч төрж байгаагаа Х ТҮЦ-ийнхэнд хандсан зөвлөлгөөг танай сүлжээгээр дамжуулаад дайчихья. Хам хум нэг кино хийчихсэн нь оюуны өмчийн хуулийн дагуу кинотеатруудад гарах боломжгүй болчихвол тэгээд л өнгөрнө шүү дээ.

"Чонон сүлд”-ийн зохиолч  Зян Рун, түүний гэргий Хятадын зохиолчдын хорооны дэд дарга Жан Кан Кан нарын хамт 2016 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж