Энэ оны зургадугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг Морингийн давааны замд осол гарчээ. Жолооч нь явган зорчигч 58 настай, эрэгтэй Э-г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явсан байна. Автомашины марк, улсын дугаар тодорхойгүй байсан ч Замын цагдаагийн албаны алба хаагчид хэргийг илрүүлээд, шалгаж байна.
Энэ хэрэгт холбогдоод байгаа жолооч Замын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвд дараах ярилцлагыг өгчээ. Тэрбээр “Осол гарсан шөнө бороо орж байсан. Замын урдуур гэнэт нэг хүн гараад ирсэн. Зогсохын завдал өгөлгүй хамар дээгүүр гараад явчихсан. Би бууж очоод түүнийг татахад хөдлөөгүй. Тэр үед сандраад, тэр чигтээ гэр лүүгээ явчихсан. Гэртээ орсон хойноо сэтгэл өвдөөд, хэцүү байсан. Хоёр хоног гэрээсээ гарч чадаагүй. Тухайн өдөр би айлд архи уусан. Тэгээд тэр айлдаа унтаж байгаад сэрсэн чинь архи гарчихсан юм шиг байсан. Ингээд машинаа бариад явсан. Хэрэг болоход архиа гүйцэт гаргаагүй байдал нөлөөлсөн гэж бодож байна” гэв.
Шинээр батлагдсан Эрүүгийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар гэмт хэргийн газраас зугтаасан бол оногдуулах ял шийтгэл нэмэгдэх заалтыг тусгажээ. Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, зам тээврийн осол гаргасан үедээ цагдаад нэн даруй мэдэгдэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Т.НОМИН