Арилсан хутагтын орны номын их элч Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчи /Станзин Наваан Жигмэд Вангчук/ өнөөдөр /2017.07.19/ 10:00 цагт Улаанбаатар хотод морилон ирлээ. Тэрбээр Бакула ринбүүчийн Бэтүб данжай чойнхорлин хийдэд ирж, сүсэгтэн олонтой уулзах үеэрээ “Монгол түмнийхээ амар амгаланг айлтгая. Би Монголд дахин ирсэндээ маш их баяртай байна.Та бүхэнд сайн сайхныг хүсье” хэмээн мэндчилсэн юм.
Дээрхийн гэгээн XIV далай ламын тодруулсан 20-р дүрийн Бакула Ринбүчийг урьдын гэгээний Улаанбаатар хотноо байгуулсан Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах шашин номын ёслолын үйл ажиллагаа 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр болох ажээ.
Ингээд 20 дахь Бакула ринбүүчийн урьд дүрийн итгэлт ойрын шавь байсан, ламын өөрийнх лүндэнгээр ирээдүйд тодрох дүрд ном эрдэм зааж, туслахаар захисан, тарнийн ёсонд мэргэшсэн Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчийн Ёнзон багш Гэвш, Лхаарамба Түвдэнравжаагийн яриаг хүргэж байна.
–Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчи Монголд өнөөдөр заларлаа. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Урьд дүрийн гэгээнтэн ч гэсэн хожим бурхны шашин, ялангуяа Монголын бурхны шашинд тус дэм болох. Тэр дундаа ганц төрлөөр бус цаашдын төрөл төрөлдөө үйл хэргээ үргэлжлүүлэн зохиохын тухайд Монголд тусгайлан хийд барьсан явдал үүнтэй холбоотой гэж айлдаж байсан. Өнөөдөр биднийг Монголчууд Бакула ринбүүчийн хойд дүр 20 дахь Бакула ринбүүчиг хүлээн авч байгаа байдал нь Монголд багшийн маань улбаа тасраагүй байгааг харуулж байгаад сайхан байна.
-Бакула Ринбүчийг урьдын гэгээний байгуулсан Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант ширээнээ залах шашин номын ёслолын үйл ажиллагаа болох гэж байна. Монголд залрах урилгыг хэзээнээс авав?
-Багшийн хойд дүр тодрон залраад, Өмнөд нутагт сурч боловсорч байх үед багшийн эрдэм номын үйл хэргийг захиран зааж байгаа багш удахгүй заларна. Тэр хүн “Ялангуяа Монгол талаас энэ хүний урьд дүрийн олон шавь нар амьд сэрүүн байна. Өтгөс буурал шавь нар нь энэ хүний хойд дүрийг нэг үзчих болов уу” гэж горилж байгаа дээр нь багшийг Монголд залахыг дахин, дахин айлтгасан. Тэгээд ноднин энэ Бэтүб хийдийн Хамба лам Дашдэмбэрэл санаачлан үйл ажиллагааг зохион байгуулж, залахын даваанд номын ажил гараад амжаагүй юм.
Харин энэ жил ярьсанаараа заларч, багшийнхаа хойд дүртэй уулзах завшааныг олгосонд сэтгэл баясаж байна.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Хамба лам болон бусад дагалдах эрх бүхий лам нар Энэтхэгт очиж, ламын хойд дүрд бараалхан уулзаж, хүндэтгэлийн зоог барьсан юм. Тэр үед Хамба лам “Монголд ойрхон шиг нэг залвал зүгээр байна. Бас аажуурч боломгүй байна” гэж сануулж айлтгасан. Үүний дагуу Монголд ирж, хөл тавьсандаа баяртай байна.
-Бакула ринбүүчийн хойд дүр бурхны ном эрдэмд хэрхэн суралцаж байна вэ?
-Миний бодлоор ламын дэргэд байгаагаас ажиглахад урьд дүрийн эрдэм, авьяас яах аргагүй харагддаг. Энэ насны дүр нь эрдэм номдоо шамдаж, урьдын чадал хүчийг эрхшээж авах учиртай юм. Тиймээс хамгийн гол нь лам өөрөө номоо сайн үзэж гэгээрэх нь чухал. Мөн сүсэгтэн олон шавь нарын буян, сүсэг, тангараг тухайн ламын эрдэм чадал өргөн дэлгэр байх уу гэдгээс ихээхэн хамаарч байдаг.
Дээрхийн гэгээн Далай багш үргэлж нэг зүйлийг захидаг. “Энэтхэгийн хойд муж, Гималайн уулсын нутгаар бурхны шашинтай олон улс үндэстэнүүд байдаг. Мөн монголчууд байгаа шүү. Энэ улс үндэстэнүүд бурхны шашныг авч үлдэх хүмүүс юм” гэдэг.
Төвд улсын хувьд бурхны шашныг авч үлдэж чадсан. Гэхдээ эргээд эх орондоо эрх чөлөөтэй, тусгаар тогтноход хүндрэлтэй байгаа учраас Төвдийг бурхны шашныг авч явах ирээдүй гэж харахгүй байгаа тухай Далай багш ярьдаг. Тиймээс одоо үед Энэтхэгийн хойд муж болон Монгол Улс бурхны шашныг эцэг өвгөдөөсөө авч үлдэж чадсан үндэстэн болсон шүү гэдгийг сануулж байсан.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ