-Танай эмнэлгийн эмч нарын буруугаас болж хүүхэд эндсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Та тухайн үед болсон явдлыг тодорхой ярьж өгөхгүй юү?
-Эрүүгийн хэрэг мөн эсвэл биш гэдгийг шалгаж, нягталж байгаа хүнтэй нь уулзсан нь дээр. Бид эмнэлэг дээр гарсан хүндрэл бүрийг ингэсэн, тэгсэн гээд ярих шардлагагүй. Тодорхой хэмжээний хүндрэл гарсан гэдэг нь ойлгомжтой. Эмч нар чухам юун дээр алдсан гэдгийг бид хурлаар хэлэлцсэн. Хаана, юун дээр алдсаныг мэдэж байгаа. Нэгэнт шүүх, цагдаад өгчихсөн, эрүү үүсгээд шалгаж байгаа учраас мөрдөн байцаагч, шинжээч эмч нар аль шатанд хэн ямар алдаа гаргасныг тогтоох байх.
-Эмчийн буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Би эмчийн буруу гэж ярих дургүй. Хэзээ ч эмч санаатай тийм зүйл хийхгүй. Мэдлэг ур чадвар дутаж болно, туршлагагүй байж болно. Тэрийг заавал хэлэх албагүй. Хүүхдээ алдсан гэр бүлийнхэнд хэцүү байгааг ойлгож байна. Ер нь эмнэлэг дээр зөндөө л асуудал гардаг. Алдсан хүн арван тамтай гэгчээр Батгэрэл эмч ч гэсэн энэ өдрүүдэд “Би юун дээр алдсан юм бол” гэж бодоод нойргүй хонож байгаа нь ойлгомжтой.
-Танай эмнэлгийн зүгээс хариуцлага алдсан эмч, холбогдох хүмүүст сануулга, цалингийн 20 хувийг нь хасах арга хэмжээ аваад л энэ хэргийг өнгөрөөж байгаа юм уу?
-Бид эндсэн хүүхдийн ар гэрийнхэнтэй уулзсан. Манай эмнэлэгт хүүхдээ тээгээд орж ирсэн нь үнэн. Эмнэлэгт тусламж авах гэж ирсэн. Тэр тусламжийг нь үзүүлж чадаагүй бидний буруу. Энд ирээд төрөх явцад хүүхэд нь эндсэн. Тиймээс бид уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйсан. Гэр бүлийнхэн нь их цочирдсон байсан. Гомдсон сэтгэлийг нь ойлгож байна. Уучлаарай гээд энэ айлын гомдол тайлагдахгүй байх л даа. Хүмүүс цочирдсон үедээ “Амийг амиар” гэх зэрэг янз бүрийн юм ярьж орж ирдэг. Гэхдээ энд нэг хүүхэд эндлээ гээд эмчийг ажлаас нь халдаг тогтолцоо байхгүй. Бидний арга хэмжээ иймэрхүү л байдаг. Иймэрхүү зүйлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх нь нийгмийн сэтгэлзүйд сөрөг нөлөөтэй. Хүмүүс төрөх эмнэлгүүдэд итгэхээ больж, төрөхөөс айдаг болох магадлал өндөр.
-Эндсэн хүүхдийн эцэг нь “Тухайн үед эмчид нь мөнгө өгдөг байж” хэмээн харамсч байна лээ. Тэр үед өөр эмэгтэй нэг эмчид мөнгө өгөөд охиноо төрүүлсэн хэмээн ярьсан гэсэн?
-Тэрийг бид судалсан. Тийм асуудал байгаагүй. Үнэхээр өгдөг эсэхийг нь би мэдэхгүй. Хүмүүс мөнгө өгснийгөө хэд дахин өсгөж хэлдэгт харамсдаг. Тэгээд ч хүнд сайхан сэтгэлээсээ мөнгө өгөөд тусламж авчихаад хамаг юм нь бүтсэний дараа албан шахалтаар хүн нэхээд авчихсан юм шиг эмч нарыг муулдаг. Тэгэх шаардлага байхгүй.
-Танай эмнэлэг дээр эмчийн хариуцлагагүй алдаанаас болж нярай хүүхэд эндсэн байна. Авсан арга хэмжээг нь сонслоо. Та үүнийг хангалттай гэж үзэж байгаа юу?
-Бид хуулийн дагуу арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажлын хариуцлага алдсан хүнд шат дараалсан арга хэмжээ авах талаар заасан байдаг. Эхний ээлжинд цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хассан. Энэ хэргийг холбогдох хүмүүс нь шалгаж байгаа болохоор одоо үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.
-Тухайн өдөр ээлжтэй байсан эмч нар жирэмсэн эмэгтэйг өвдөж, зовж байхад загнаж, дарамталсан гэсэн?
-Хүнлэг биш хүн эмчийн ажил битгий хий гэдгийг хэлсэн. Эмч хүн хүнлэг байх ёстой. Ааштай, ширүүн харьцаатай хүмүүст засарч чадахгүй бол эндээс яваад өг гэж би хэлдэг. Тийм хүмүүсийг манайх одоо эхнээс нь шахаж байгаа.
-Тэгвэл та эмч нар мөнгө өгсөн хүнд илүү анхаарч, өгөөгүйд нь хайхрамжгүй ханддаг гэдэг дээр ямар хариулт өгөх вэ?
-Хүмүүс мөнгө өгч, эмч нар авч байгаа нь ойлгомжтой. Иргэд баярласан сэтгэлийн үүднээс мөнгө, бэлэг өгч болно. Би эмч нарт битгий ав гэж хэлдэггүй. Гэхдээ би эрх тэгш хандахыг шаарддаг. Өгснөөс нь авч болно. Хамгийн гол нь мөнгө өгөөгүй ч гэсэн өгсөнтэй нь адил үйлчилгээ үзүүлчих гэж шаарддаг.
-Таны шаардлага үр дүнд хүрч байна уу?
-Төгс хэмжээнд хүрч, үр дүнгээ өгч чадахгүй байгаа байх. Хэрэгжүүлэх гээд хичээж байна.
-Нэгдүгээр амаржих газарт нярайн эндэгдэл хэр байгаа вэ. Эмчийн буруугаас болж эндсэн энэ мэт тохиолдол олон байдаг уу?
-Нярайн эндэгдэл байгаа. Гэхдээ сүүлийн 10 жилийн харьцуулалтаар эрс өсөөгүй. Эндэгдлийн шалтгааныг эмч нарын буруугаас уу, үгүй юү гэдгийг хуулийн байгууллага тогтооно. Оношийн зөрүү гэж гардаг. Эмч нарыг муулах биш, хөгжүүлэх хэрэгтэй байна.
Тэд ийн ярив. Гэхдээ бид нийгмийн сэтгэлзүйд айдас хүргэхийг зорьсонгүй. Тангараг өргөсөн эмч нарт хариуцлагыг нь сануулахыг хүссэн юм. Тухайн өдөр ээлжтэй байсан эмч Батгэрэл нь эх баригч эмчээр ажиллаад 7-8 жил болж байгаа, нэг ёсондоо “хуучин хүн” аж. Тэгэхээр түүнд туршлага, чадвар олж авах хугацаа хангалттай байжээ. Одоо тэрбээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Магадгүй гаргасан алдаанаасаа суралцаад хэн нэгэн эхэд хайхрамжгүй хандахгүй хэмээн өөртөө амлаж байгаа гэдэгт найдъя. Эмнэлгийн удирдлагууд нь хурал хийгээд М.Отгонбатын хорвоод ирэх хувь дутсан улаан нялзрай үрийг эндэх үед шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй эмч нарыг “Оношилгоон дээрээ алдсан. Хүүхэд эхийн хэвлий дотроо бүтэж байхад цаг тухайд нь арга хэмжээ авч чадаагүй” хэмээн дүгнэсэн бололтой юм. Нийтлэг дүр зураг нэг иймэрхүү л байна. Олон нийтэд хандсан нь энэ хос болохоос цаана нь нулимсаа барсан нь хэд байдгийг хэлэх аргагүй. Эмч, дарга нар нь ийм л зүйл ярьж байна. Дашрамд дурьдахад, уг эмнэлэг дээр энэ жилийг соёлтой харилцааны жил болгон зарлаад байгаа аж.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин