Бент рекорд үнээр “Вилла”-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Бент рекорд үнээр “Вилла”-д ирлээ

Английн шигшээ багийн довтлогч Даррен Бент “Астон Вилла” клубын түүхэнд байгаагүй өндөр үнээр тус багийн гишүүн болжээ. Сүүлийн үед хангалтгүй амжилт үзүүлж, доод дивизон руу унахаас наагуурхан байгаа “Астон Вилла” багийн Америк эзэд “Сандерлэнд”-ийн мэргэн бууч Бентийн төлөө хангалттай мөнгө төлснөөр багтаа авчирсан байна. Гэрээг албан ёсоор өчигдөр баталгаажуулж, үзэглэсэн боловч үнийн дүнгийн талаар олон нийтэд мэдээлээгүй юм. Гэхдээ “Астон Вилла” клубын эзэн, АНУ-ын бизнесмэн Рэнди Лернерийг Бентийн төлөө эхний ээлжинд 18 сая фунт стерлинг (28,7 сая ам.доллар) төлөх бөгөөд гэрээний нийт дүн 24 сая фунтээр (38 сая ам.доллар) үнэлэгдэж буй талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

“Вилла” клуб 2008 болон 2009 онд Английн шигшээ багийн хагасууд болох Жеймс Милнер, Стьюарт Даунинг нарыг эгнээндээ нэгтгэхийн тулд 12 сая фунт төлж байсан нь клубын хувьд дээд рекорд болжээ. Харин Бент ямартай ч үүнээс өндрөөр үнэлэгдэж байгаа юм.

2009 онд “Тоттенхэм”-ээс 10 сая фунтээр “Сандерлэнд”-д ирсэн Бент тус багийн өмсгөлтэй 63 тоглолтод оролцож, 36 гоол оруулснаас энэ улиралд 11 удаа гоолдоод байна. Харин цаашид тэрбээр 2015 оны зургадугаар сар хүртэл Мидлэндст хүчин зүтгэх бөгөөд лигийн 22 тоглолтод ердөө 24-хөн гоол оруулаад буй “Вилла”-гийн менежер Жерар Улье багаа аюулын бүсээс аврахын тулд хийж буй ээлжит алхам нь Бентийг багтаа авчирсан явдал юм. Харин Бент өөрөө “Астон Вилла намайг сонирхож байгааг мэдээд л би тэдэнтэй нэгдэхийг хүссэн. Намайг шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол багийн агуу түүх болоод төвшин” хэмээн ярьжээ.

“Астон Вилла” бямба гаригт “Ман Сити”-тэй тоглох бөгөөд тус тоглолтод Бент “Вилла”-гийн өмсгөлтэй анх удаа талбайд гарч магадгүй юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж