Энэ онд хэт халалтын хэмжээ олон жилийн дунджаас хоёр хэмээр илүү байгаагаас газар тариалангийн бүс нутгуудад ган, гачиг нүүрлээд байна гэж Монголын үр тариалан эрхлэгчдийн холбоо мэдэгдсэн юм. Мөн хэт халалтын улмаас ургац алдаж болзошгүйг салбарын яам тодотгосон. Тодруулбал, улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах эрсдэлтэй болжээ.
2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалсан. Үүнээс 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийсэн юм.
Мөн 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ. 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөвлөгөө боловсруулсан аж.
13 сая төгрөгийн зардал гаргаж, зориудаар бороо оруулжээ
Газар тариалангийн бүс нутгийн нэг Төв аймаг ч ургацынхаа 40 хувийг алдах прогноз нүүрлэснийг тус аймгийн Засаг дарга Г.Батжаргал ярилаа. Тэрбээр “Аймгийн хэмжээнд 2017 онд үр тариа 92645 га, үүнээс буудай 89847 га, төмс 5690 га, хүнсний ногоо 922 га, малын тэжээлийн ургамал 6500 га, тосны ургамал 7200 га-д тариалсан. Хүнсний ногооны хэсэг л ганцаараа усалгааны системтэй. Бусад тариалалтын талбай бороо орохгүй болохоор хатсан дүр зурагтай байна. Хоёр хоногийн өмнө Угтаал, Цээл сумдаар үүлэнд нөлөөлж бороо оруулсан. Ингэж зориудаар чийг өгөхгүй бол ган болох аюул нүүрлэсэн” гэдгээ тайлбарлав.
Төв аймагт энэ зун үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулахад шаардагдах 40 сая төгрөгийг төсөвлөжээ. Үүнээс одоогоор 13 сая төгрөгийн зардал гаргаж, үүл буудаж хур тунадас оруулсан байна. Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд энэ өдрүүдэд ургац алдах эрсдэл өндөр байгаа газруудыг тогтоохоор тариалангийн талбайгаараа ажиллах болжээ.
Дархан-Уул аймгийн ургац хураалт хожуу эхэлнэ
“Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч энэ жилийн тариалалтаа оройтож, тавдугаар сарын сүүлээр эхэлсэн. Тиймээс ургац хураалт есдүгээр сарын сүүлээр хожуу эхэлнэ” хэмээн Дархан-Уул аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга н.Жигжидсүрэн мэдээллээ. Тус аймаг 2017 онд нийт 14 мянга га талбайд үр тариа, 1800 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан байна. Ургац алдах эрсдэлийн тухайд бусад аймагтай харьцуулахад бага аж.
Дорнод ургацынхаа 50 хувийг алдах эрсдэлтэй болжээ
Дорнод аймаг нэг сарын өмнө буюу зургадугаар сарын 20-ны өдөр нийт 34.2 мянган га талбайд тариалалт хийж, эцэслэн дуусчээ. Тодруулбал, есөн сумын нутагт үр тарианы 23 аж ахуй нэгж тариа бригад, төмс хүнсний ногооны 22 аж ахуй нэгж, 9 хоршоо, 8 агро парк, 740 өрхийн тариаланчид нийт 34199.4 мянган га-д тариалалт хийсэн байна. Тариалалтыг дотор нь задалбал, улаан буудай 17012 га, гурвалжин будаа 6120 га, эмийн ургамал 1500 га, тосны ургамал 6530 мян га, малын тэжээл 1715 га ногоон буурцаг 1050 мян.га-д тус тус тариалжээ.
Төмс 254 га-д тариалахаас 182.6 га-д буюу 71,9 хувь хүнсний ногоо 137 га-д тариалахаас 92,5 га-д буюу 67,6 хувьтай тариалалтаа хийсэн тухай Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий агрономч Ч.Самбуубаатар мэдээлэв.
Зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр тус бүс нутагт хур тунадас бага, халалт ихтэй байснаас шалтгаалж, аймгийн нийт тариалсан талбайн 85.2 хувь буюу 29142 га талбайд ган үүсэх нөхцөл бүрджээ. Гэхдээ долдугаар сарын 7-8 өдрүүдэд нийт нутгаар бороо орсноор зарим таримал ургамал болон бэлчээрт сэргэлт өгсөн байна.
Оройтож бороо орсноос шалтгаалан улаан буудай товчин толгой үүсэх, намхан хүрүүлж байгаа нь ургацын чанар болон хураалтын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй буйгаа Ч.Самбуубаатар ерөнхий агрономч ярилаа.
2016 онд Дорнод аймаг нийт тариалсан талбайн 45.9 хувь буюу 19,5 мянган га талбайд ургац алдаж байсан аж. Энэ жил ч хэт халалттай, бороо хур тааруу чигээрээ байвал ургацынхаа 50 хувийг алдах эрсдэлтэй гэнэ.
“Ургац алдалтаас шалтгаалж, төлөвлөгөөт тариалалт тасарч байна” гэдгээ Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий агрономч тодотгосон.
Хөрсний чийгийн хүрэлцээ дутмагаас Халхгол сумын “Мөнх тал”, “Алтай групп”, “Дорнод гурил”, Чойбалсан сумын “Дорнод шим” “Агро”, “Дорнын алтан тос” Чулуунхороот сумын “Эрээнцав” компаниуд нийт 12,0 мянган га-ийн тариалалтыг хийхээс татгалзаж байна. Мөн төмс, хүнсний ногооны тариалалт буурсан шалтгаан нь байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалан ”Дорнод гурил” 94 га-д тариалахаас 50 га-д, Хэрлэн сум 77,5 га-д тариалахаас 43,87 га-д тус тус тариалжээ.
Д.УУДАМ