Байгаль газар зүйн тодорхой бүс нутагт мэрэгч, туулай хэлбэртэн амьтдын дунд тарваган тахлын үүсгэгч нутагшмал хэлбэрээр оршин тогтнохыг тарваган тахлын байгалийн голомт гэнэ.
Манай орны нутаг дэвсгэрт Төв-Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг орших бөгөөд уулт-хээрийн, тал-хээрийн, говь-хээрийн гэсэн гурван хэв шинжит тарваган тахлын байгалийн голомт байдаг.
Агуулагчдын дундах тарваган тахлын өвчлөл, түүний халдварын процессыг тарваган тахлын эпизоот гэнэ. Дэлхий дээр 235 зүйл мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахал өвчнөөр өвчилдөг. Манай орны тарваган тахлын байгалийн голомтонд мэрэгч, туулай хэлбэртэн амьтад тарваган тахлын агуулагчийн үүргийг гүйцэтгэдэг ба хээрийн бүсэд амьдрах араатан амьтад, махчин шувууд эпизоотод оролцдог.
Гэрийн тэжээмэл амьтдаас тэмээ тарваган тахлаар өвчилсөн тохиолдол тэмдэглэгдсэн байдаг.
Тарвага тархсан байгалийн голомтот нутагт эпизоот 4 дүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс дөлгөөн байдалд ордог.
Эх сурвалж: ХУД