Эдийн засаг дахь сайн, саар мэдээнүүд

Хуучирсан мэдээ: 2017.07.19-нд нийтлэгдсэн

Эдийн засаг дахь сайн, саар мэдээнүүд

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төв, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно.

Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/-ноос сар тутам гаргадаг тайлангаа өчигдөр /2017.07.18/ танилцууллаа. Сэтгүүлчдэд зар түгээн танилцуулдаг уг тайлангийн эцсийн зорилго иргэд олон нийтэд улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг таниулахад оршдог. Өчигдрийн хувьд ҮСХ өнгөрсөн зургадугаар сарын цаг агаарын өөрчлөлтөд онцгойлон анхаарал хандуулсан нь түгэээсэн зар болоод сэтгүүлчдийн мэдээллээс анзаарагдаж байлаа. ҮСХ-ны сар тутам гаргадаг мэдээлэл өргөн хүрээг хамардаг. Түүн дотор нийгмийн асуудлууд, төрөлт нас баралт, ажилгүйдэл, гэмт хэрэг, аюул ослын мэдээлэл ч багтдаг. 

Харин хүмүүсийн хамгийн ихээр анхаарал хандуулдаг хэсэг нь эдийн засгийн үзүүлэлтүүд тэдгээрийн харьцуулалт байдаг. Харамсалтай нь, тэдгээр мэдээлэл дийлэнхдээ хэт албархуу, ойлгоход хүндрэлтэй тоон үзүүлэлтүүд байх бөгөөд статистикчид танилцуулахдаа ч “өөрсдийн хэл”-ээр яриад өнгөрчихдөг. Үүнээс болж иргэдэд хүрч буй мэдээлэл нь хуурай хөндий, уншигч үзэгчид тоон дунд төөрөөд өнгөрөх нь бий. Тиймээс эдийн засгийн мэдээ, мэдээллүүдийг энгийн хэлд хөрвүүлэн хүргэхийг зорилоо. 

Төсөв алдагдалтай хэвээр ч экспорт нэмэгджээ 

2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого /үүн дотор тусламж багтана/ 3 их наяд 276.5 тэрбум төгрөг байгаа бол зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4 их наяд 17.1 тэрбум төгрөг байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, төсөв алдагдалтай хэвээр. Алдагдлын хэмжээ нь 740.7 тэрбум төгрөг. Гэхдээ алдагдлын хэмжээ өмнөх оны хагас жилтэй харьцуулахад 383.2 тэрбум төгрөгөөр буурсан гэсэн үг. Их наяд даваад байсан төсвийн алдагдал багагүй хэмжээгээр багассан нь эдийн засаг дахь сайн мэдээний нэг. 

Гадаад худалдаа ч гайгүй сайн мэдээтэй байгаа аж. Манай улс оны эхний хагас жилд дэлхийн 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт таван тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.1 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар байгаа аж.

Экспорт өмнөх оны мөн үеэс 913.3 сая ам.доллар өсөөд байна. Энэхүү өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 960.9 сая ам.долларт хүрсэн нь эерэг үзүүлэлт авчирсан байна. Нүүрсний экспорт 989.2 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлснийг дотоодын шинжээчид онцлон хэлсэн төдийгүй гадны хэвлэлүүд ч онцлоод байгаа юм. Хятад улс өнгөрсөн хоёрдугаар сард Хойд Солонгосоос авах нүүрсний импортоо түр хугацаанд /2017 оныг дуустал/ зогсоож, Хойд Солонгосын нүүрс ачсан хөлөг онгоцыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тус улс нүүрсний хэрэгцээгээ хангахын тулд тэд Индонез, ОХУ, мөн Монголоос авах нүүрсний хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн гэдгийг манай агентлагийн орчуулагч Ройтерсоос хөрвүүлэн хүргэснийг дэлгэрүүлэн уншаарай. 
/https://www.news.mn/?id=5465/

Тоймоос харахад он дуустал бид нүүрсээ өмнөд хөршдөө экспортлоод байх бүрэн боломжтой. Үнийн хувьд бусадтай харьцуулах боломжгүй ч огт орлогогүй сууснаас хамаагүй дээр гэдгийг өмнөх гашуун туршлагаас хангалттай мэдэх билээ, бид. 

Импорт ч ялгаагүй өмнөх оны мөн үеэс 431.5 сая ам.доллараар өсөөд байгаа. Үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 148.2 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 108 сая ам.доллар, авто бензин 30.1 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 96.3 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх нь 40.3 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ танилцууллаа. 

Инфляци 4.1 хувьтай байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн хэлбэлзэл буюу инфляц эрс буурч, дифпяцид орох нь гэсэн түгшүүр мартагджээ. Одоогоор инфляц 4.1 хувьтай байна. 

ҮСХ “2017 оны зургадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 4.1 хувь, өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн. Ийн өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь, тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 21 хувь, хувцас бөс бараа, гутлын бүлгийнх 2.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн” гэж мэдээлэв.

Инфляцад хамгийн өндөр хувиар нөлөөлсөн тээврийн хэрэгслийн үнэ байхаас аргагүй. УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны тавдугаар сарын 1-нээс тээврийн хэрэгслийн импортын татвар өссөн. Хүмүүсийн өргөнөөр хэрэглэдэг цахилгаан хөдөлгүүрт Приус машины татварыг нэмэгдүүлсэн нь шүүмжлэл дагуулж, ОАТ тооцох хугацааг долдугаар сарын 1 болгон хойшлуулсан хэдий ч машины үнэ буцаж буугаагүй. Машины үнээ дагаад сэлбэг хэрэгсэл ч үнэд орсныг статистикчид үгүйсгэсэнгүй. 

Хадгаламж эзэмшигчид татвар төлснөөр орлого өсчээ

Хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулах шийдвэр 2017 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Уг шийдвэртэй холбоотой татварын орлого өсчээ. Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлсэнтэй холбоотойгоор хувь хүнээс суутгаж авдаг орлогын албан татварын үзүүлэлт нь 2 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны зургадугаар сард хувь хүнээс суутгаж авсан орлогын албан татвараар 3,2 тэрбум төгрөг төвлөрч байсан бол энэ оны зургадугаар сард 7,1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулсан татвараас дунджаар гурван тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэсэн үг юм байна.

Дэлгэрэнгүйг эндээс /https://www.news.mn/c/3?id=5468/ уншина уу.

Долларын ханш буурах биш өссөв

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар их хэмжээний валют эх оронд минь орж ирэх бөгөөд хамгийн түрүүн ханшид нөлөөлнө гэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэвч ам.долларын ханш буурах биш өсөж байна. Өчигдрийн байдлаар Цэцэг төвийн валют арилжааны төвд ам.долларыг 2410 төгрөгөөр авч, 2420 төгрөгөөр борлуулж байсан юм. Энэ нь наадмын өмнөхөөс 25-30 төгрөгөөр өссөн ханш юм. Агаарын температуртай зэрэгцэн халж буй ханш хэзээ буурах бол. ОУВС-ийн хөтөлбөр, төсөвт орж ирэх зээл, тусламж хийгээд орлого, зарлагын талаарх мэдээллийг Сангийн яам болон холбогдох газрууд мэдээлэх цаг хэдийнээ болсон санагдана. Алийн болгон сарын өмнөх мэдээллээс ам хаах билээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж