-Нэгдсэн төсвийн тухай хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийн талаар яриагаа эхлэе?
-Нэгдсэн төсвийн тухай хуулиар Монгол Улсын Засгийн газраас баталгаа гаргахыг хориглосон байгаа. Энэ нь их бүтээн байгуулалтад хөрөнгө шаардлагатай байгаа энэ үед зохицохгүй байгаа учир Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.3 дахь заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулахаар зэхэж байна.
-Засгийн газрын баталгааг ашиглан Монгол Улсыг их хэмжээний өрөнд унагаж байсан тохиолдол бий шүү дээ?
-Засгийн газраас гаргах баталгааг зөвхөн Хөгжлийн банк авах эрхтэйгээр хуульчилна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын баталгаагаар дамжуулж Хөгжлийн банк олон улсаас хөрөнгө оруулалт олох нөхцөл бий болох юм. Засгийн газрын баталгааг ашиглан Хөгжлийн банкны бондыг олон улсад гаргах боломж үүнээс эхэлж байгаа юм л даа. Үүнээс гадна Хөгжлийн банкны үйл ажиллагааг хэвийн явуулахад зориулж Хөгжлийн банкны тухай шинэ хууль боловсруулан УИХ-д өргөн барьсан байгаа шүү дээ.
-Төсвийн хуулийг шинэчилж, шинэчилсэн найруулгыг нь УИХ-аар хэлэлцүүлэхээр болж байна. Шинэ төсвийн хуулийн онцлог нь юунд байна вэ?
-Төсвийн харилцааг нэгдсэн нэг хуулийн хүрээнд зохицуулах, хуулиудын давхардсан болон зөрчилтэй заалтуудыг нэгтгэх үүднээс Төсвийн хуулийг шинэчлэхээр болсон. Учир нь дэлхийн зах зээл дээрх зарим төрлийн металлын үнийн өсөлтөөс төсвийн орлого сүүлийн үед ихээхэн нэмэгдэх болсон. Үүнээс болж нийгмийн шинжтэй зарлага хэт хурдацтай нэмэгдсэнээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байна. Улмаар, инфляцийн хүлээлт бий болсноор импортын хэмжээг нэмж, дотоодын үйлдвэрлэл буурахад нөлөөлж эхэллээ. Тиймээс экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийг урьдчилан таамаглаж төсвийн орлогын боломжийг тодорхойлох хэрэгтэй болсон нөхцөлд одоо мөрдөгдөж байгаа төсвийн хууль шаардлага хангахгүй байгаа юм. Товчхондоо бол Төсвийн шинэ хуулиар Тогтворжуулалтын санг бий болгон төсвөө тэнцвэржүүлэн эрсдэлийг зайлуулах, төсвийн төвлөрлийг багасгах үүднээс орон нутагт төсвийн эрх мэдлийг өгөх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэх, төсвийн сахилга батыг чангатгах шинэ заалтууд орсон.
-Энэ оны төсөвт шинэчилсэн хуулийн найруулгад тусгасан тогтворжуулалтын санг шингээсэн нь онцлог болсон гэж байсан?
-Тогвторжуулалтын сангийн нөөцөөр дамжуулж төсвийн тэнцвэртэй байдлыг хангахаар болсон нь энэ оны төсвийн онцлог юм. Энэ нь тухайн жилд үнэ нь хамгийн их савалгаатай байгаа ашигт малтмалаас олсон илүү ашгийг тогтворжуулалтын санд хуримтлуулж нөөц үүсгэх замаар төсвийг тогтворжуулна гэсэн үг. Ингэснээр төсөвт хуримтлагдсан орлого төлөвлөснөөс бага байгаа тохиолдолд үүнээс нөхөх замаар тэнцвэржүүлэх юм. Үүнээс гадна энэ жилийн төсөвт шинэ хуулиас авч хэрэглэсэн нэг зүйл нь орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үүднээс аймаг бүрт 800 сая төгрөг төсөвлөсөн байгаа. Мөн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар энэ жилээс эхлэн авахаа больсонтой холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэх заалтыг ч энэ жилээс хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр нь 2012 оны төсөвт жийрэг болно гэдэгт итгэлтэй байгаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин